Уран гулгалтын ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын ДАШТ эхэллээ

Японы нийслэл Токио хотноо гуравдугаар сарын 21-27-нд зохион байгуулахаар төлөвлөгдөөд байсан ч тус улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас цуцлагдан хойшилсон уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотноо өнөөдөр эхэлж байна. Өмнө нь гурван удаа (2005 онд Москвад, 1896 болон 1903 онд Санкт-Петербургт уран гулгалтын ДАШТ болж байв) дэлхийн аваргыг хүлээн авч байсан ОХУ энэ удаад өөрсдийн саналаа Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-нд хүргүүлсний дагуу ДАШТ-ийг зохион байгуулахаар болсон юм. Энэ жилийн дэлхийн аваргад ISU-д гишүүнчлэлтэй 44 орны 195 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэдний дунд өнгөрсөн жилийн аваргууд бүгд дэлхийн аварга цолоо хамгаалахаар Москвад цуглаад байна.

Эрэгтэйчүүдийн төрөлд 2010 оны дэлхийн аварга, Японы Дайсүкэ Такахаши, дэлхийн аваргын мөнгөн медальт, Канадын Патрик Чан, хүрэл медальт, Францын Бриан Жубер, Европын аварга Флоран Амодио, Европын аваргын хүрэл медальт Томас Вернер гээд дэлхийн шилдгүүд өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн аварга Мао Асада, олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Ким Юүна, Мики Андо, Ксения Макарова тэргүүтэй цуутнууд өрсөлдөнө.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн төрлийн урьдчилсан шатны үзүүлбэрээр эхлэх юм. Тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөж, тавдугаар сарын 1-нд тамирчдын нэгдсэн гала тоглолт болсноор энэ жилийн ДАШТ хаалтаа хийнэ.

Сонирхуулахад, энэ жилийн ДАШТ-ий шагналын сан 710 мянган ам.доллар бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчид 45 мянга, харин хосын төрөлд аваргалсан хос 67,5 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж