Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Ээжийн танхил охин

Дуучин Сүндэръяа, Ээж Ц.Роза

Роза: Миний охин чинь их хөөрхөн жижигхэн биетэй байсан. Балетчин болно гээд хөлийнхөө үзүүр дээр явна, тэгээд дуу дуулна. Би ардын жүжигчин болно л гээд байдаг байсан. Тэгснээ дараа нь дуучин болно гээд дуулаад л байна ш дээ. Би тэр үед нь хүүхэд тоглож байна л гэж боддог байсан юм. Харин одоо өөрийнхөө сонирхлоор дуулаад л явж байна. Дуулах дуртай хүүхэд байж аягүй орой хэлд орсон. Ой өнгөрч байхад нь би оюутан болоод Орос руу аваад явчихсан юм. Тэгээд Оросоор ойлгодог болоод Монгол хэлээ мартсан юм шиг байгаа юм. Дуугүй байж байгаад гурван ой хүрч байхдаа Монголд ирээд ярьж эхэлсэн.

Сүндэръяа:
Манай ээж их ихэмсэг хүн. Яг өөрийнхөөрөө байж чаддаг хүн болохоор намайг яг тэгж өсгөсөн. Их зөөлөн байдаг юм. Роза гэдэг нэртэй болохоор ч тэр юм уу ээж надад нэг тийм анхилуун цэцэг шиг санагдаад байдаг. Шилмэл загварын анхны загвар өмсөгчдийн нэг байсан. Ээж маань хувцасны дизайнер болохоор миний өмсөх хувцсыг хийж өгнө. Ганцхан надад зориулсан хувцсыг ээж л надад хийж өгдөг.

Роза:
Сүндээ хар багаасаа хувцаснуудаа өөрөө сонгож өмсдөг байсан. Зохицуулаад л. Гаргаж ирээд л, ийш тийш шидлээд л… Онцлог нь юмыг байранд нь эргүүлж ерөөсөө тавьдаггүй.

Сүндэръяа:
Ээж намайг их дураар маань өсгөсөн. Барагтай л бол тэг, ингэ гэж хэлдэггүй. Бүх зүйлийг өөрөө сонгож, өөрөө шийдэж өссөн болохоор хүнтэй адилхан байх ёсгүй юм байна гэдгээ мэдэрсэн. Бид хоёр хамт суухаараа их юм ярина аа. Хүмүүсийн талаар ч ярина. Тэгээд дүгнэлт хийнэ. Хоёулаа аймаар “цайчин”. Гэхдээ сүүтэй цай огт чанадаггүй. Дандаа л байхуу цай, эсвэл кофе уугаад л суучихна шүү дээ.

Роза:
Ээжид нь Сүндээгийн бүх л юм таалагддаг. Өөрийнхөөрөө байгаа нь зүгээр ш дээ. Миний охин чинь их ухаантай байхгүй юу. Хүн болгоны ээж л охиноо ухаантай гэж боддог байх. Би ер нь охиныхоо төлөвшлийн ихэнх суурийг өөрөө тавиад өгчихдөг байх аа. Би зурдаг байсан юм. Тэгээд Сүндээ бас их зураг зурна.

Сүндэръяа:
Ээж лаг зурдаг ш дээ. Ташкентад сурдаг байсан. Багш нь нэг удаа ээжийн зургийг үзээд “Чи л энэ бусад Монгол оюутнуудын зургийг зурж өгөөд байдаг юм байна” гэж хэлж байсан гэсэн. Ер нь надад их зөвлөгөө өгдөг. Тэгэхдээ аягүй мэдрэмжтэй гоё зөвлөгөө өгнө. Хамтдаа дэлгүүр хэснэ.

Роза:
Бид хоёр чинь үргэлж л хамт байж байдаг. Нэг хэсэг миний охин чинь Дани яваад бид хоёр хэсэг холдсон. Тэр үед би охиноо их санасан. Залгаад л миний охин яаж байна гэхээр, “Гоё байнаа, сайхан байна, бүх юм зүгээр” гэж хэлээд байхад нь л санаа зовоод байдаг байсан юм.

Сүндэръяа:
Тэнд байхдаа би ээжийгээ нэг их санаж байгаагүй ээ. Гэхдээ дотроо ээжийн өмнөөс өөртэйгөө их ярьдаг байсан. Энэ хувцсыг өмсөнө гэвэл ээж яг тэгж хэлэх байсан даа гээд л. Ээж аягүй зөрүүд байхгүй юу. Тэгье гэвэл яг эсрэгээр нь зүтгэчихдэг. Би бас яг тийм зөрүүд. Ээж намайг хүний мууг дуурайж явдаг гээд байдаг юм. Нэг удаа намайг аймаар хүчилж байсан юм. Би сургуулиа төгсчихөөд гадаад явна гээд, ээж эндээ үлд гээд л бөөн юм болсон доо. Тэгээд намайг МУИС руу чирж аваачиж, сэтгүүл зүйн ангид бүртгүүлсэн юм. Тэрнээс өөр юман дээр хүчилж байгаагүй.

Сүндэръяа:
Би нэг залуу дагуулаад орвол ээж лав миний нүдээр харахыг л хичээх байх аа. Ээж өөрөө нэлээн чөлөөтэй хүн ш дээ. Тэгэхээр тэр тал дээр нэг их санаа зовдоггүй. Гэхдээ их чамбай дүгнэлт хийнэ л дээ, удам судар энэ тэр хараад байдаг ш дээ. /инээв/

Роза:
Миний охин чинь надад ерөөсөө тийм найз залуу, ийм найз залуу энэ тэр гэж танилцуулж байгаагүй юм. Одоо залуу дагуулаад явна гэхээр сонин биш санагддаг. Ээж нь гэхдээ охиныхоо сонирхлыг хорино гэж байхгүй л дээ. Өөрөө тэгээд нэг л өдөр сонголтоо хийнэ байх.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж