
Бичгийн хэрэгсэл хоргүй бөгөөд ариун цэврийн шаардлагатай сертификаттай байх ёстой.
Ер нь бол багш нь юу хэрэгтэйг хэлээд жагсаагаад өгдөг. Хөлөө олоогүй цагт бол зарим багш нар өөрийн бизнес болох элдэв барааг шахалтаар өгөхийг анзаарах ёстой. Өөрөө л хүүхэддээ юу хэрэгтэйг эртнээс мэдээд авах нь чухал болов уу.
Болж өгвөл худалдан авсан бараанууд нь ариун цэврийн сертификаттай байвал сайн. Сертификатгүй бараа нь хятадын хямд, хуурамч байж болох талтай.
Дэвтэр
Нэгдүгээр ангийнханд 12 хуудастай нимгэн ташуу ба дөрвөлжин шугамтай дэвтэр хэрэгтэй. Том ангид бол сэдэвчилсэн дэвтэр хэрэглэнэ биз. Тийм дэвтэрт хэрхэн ашиглах талаар эхний хуудсанд нь заавар байдаг. Өнгийн хавтастай дэвтрийг зарим сургууль хэрэглүүлдэггүй учир эхлээд багштай нь уулзаж зөвлөгөө авсан дээр.
Сурлагын дэвтэр
Одоо бол тэдний сонголт маш олон янз болсон байгаа. Хэрэв сургуулиас нь энэ талаар нэгэн хэвийг шаардахгүй бол зурагтай хавтастай сурлагын дэвтрийг нь хүүхдээрээ сонгуулаарай. Тэр өөрийн сонголтын дэвтэртээ дуртай байх болно.

Stabilo компани баруун солгой хүүхдүүдэд зориулсан тусгай үзгийг хийдэг
Үзэг
Үзэгний сонголтоос хүүхдийн бичгийн хэв хамааралтайг мартах хэрэггүй. Үзгийг сонгохдоо хуруу барих хэсэгт зөөлөн резинтэйг шилэх нь зөв. Хэрэв хуруу барих хэсгийн үзэгний иш гурвалжин хэлбэрийн байвал бичихэд таатай гэнэ.
Харандаа
Харандааг сонгохдоо модон бөгөөд сонгодог хэлбэрийг шилсэн нь дээр. Бөөрөнхий, зургаа, найман талт, гурвалжин гээд л олон янз байгаа. Гурвалжин нь гар үрдэггүй сайн талтай гэдэг. Балын хатууг илтгэсэн B, HB, H гэсэн тодорхойлттой харандаа хамгийн тохиромжтой нь. Бал нь хугарах, харандаа хугарах гээд л гарз ихтэй хэрэгсэл учраас олон харандааг нэг мөр авсан нь дээр.
Баллуур
Хамгийн хэрэгтэй нь каучукийн баллуур. Ванилийн ба латексийн баллуур нь баллуурдахаасаа илүүтэй завааруулдаг.

Харандаа үзүүрлэгч
Үүнийг сонгохдоо контейнертай оффисийн хувилбарыг илүүд үзсэн нь дээр. Ядаж үртэс бал нь хог тариад байхгүй.
Шугамнууд
Пластик шугамууд л дээр. Модон шугам дээрх шиг тэдэн дээр зураг зурагдаад байдаггүй.
Хайч нь мохоо үзүүртэй байвал зохино. Цавууны харандаан хэлбэртэй нь зүгээр, учир нь заваарах нь бага байдаг. Силикат цавуу хэрэгтэй гэвэл сав нь роликтай загвар байвал сайн. Хэмжээг нь тааруулахад тустай юм.
Будаг бийр
Усан будаг ба гуашиар голдуу тэд зурдаг. Эхний тохиолдолд 8-10 өнгө байхад л хангалттай. Гуашь бол зургаан өнгө л болно доо. Бийрийг шилэхдээ үс нь сугарч байгаа эсэхийг анзаар. Гурван ширхэг, бүдүүн нарийн дундын бийр хангалттай. Будаг найруулах усны сав байх ёстой.
Өнгөт харандаа фломастерууд
Эхний ээлжинд 12 өнгө л хэрэгтэй болно. Фломастерууд нь усан үндэстэй мөн бөглөө нь агаар оруулах нүхтэй байх хэрэгтэй. Хүүхэд санамсаргүйгээр таглааг нь залгивал агаар оруулах зориулттай учраас таглаа нь нүхтэй.