Эдгээр хүүхдүүд бол “Шударга мазайлаанууд” номын хэлэлцүүлэгт оролцож буй Улсын тэргүүний 61-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхэн. Тэдэнд энэхүү номыг Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх албанаас өнгөрсөн тавдугаар сард бэлэглэж, зуныхаа амралтаар аав ээжүүдтэйгээ хамтран уншиж ойлгосноороо бүтээл хийх даалгавар өгчээ. Энэхүү даалгаварт хүүхдүүд чин сэтгэлээсээ хандсан нь тэдний хийсэн гэрийн даалгавраас илхэн харагдана. Хатуу цаас, өнгийн будаг, луувангийн иш, товч гээд тэд өөрсдийн ашиглаж болох бүхий л зүйлсийг ашиглаж хөөрхөн мазайлаануудын адал явдал, сургамжтай үйлдлүүдийг дүрслэн харуулжээ.
Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгт 12 бүлгийн 572 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг бөгөөд тэдгээрээс бэлтгэл бүлгийн 60 хүүхдийг энэхүү үйл ажиллагаанд оролцуулсан байна. “Шударга мазаалайнууд” номыг энэ оны тавдугаар сард АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр Авлигатай тэмцэх газраас хүүхдүүдэд шударга ёсны зан үйлийг бага наснаас нь төлөвшүүлэх зорилгоор эрхлэн хэвлүүлжээ.
Энэхүү номоор дамжуулан шударга болон шударга бус үйлдлийг ялган ойлгож, шударга бус үйлдэж гаргаж болохгүйг ойлгосон хүүхдүүд баг, эцэг ах, найз нартаа өөрийн хийсэн бүтээлээ идэвхийлэн танилцуулна. Тэд одоо бүгдийг ойлгосон. Тэднээс гадна эцэг эхчүүд ч гэсэн шударга бус үйлдэл гаргахгүй байхыг хичээж эхэлсэн. “Шударга мазаалайнууд” номын хамгийн чухал ач холбогдол нь үүнд оршиж байна. Учир нь хүүхэддээ буруу зүйл хийж болохгүй гэж хэлсэн эцэг, эхчүүд өөрсдөө ч хийхгүй байхыг хичээж байгаа нь Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийнхэний хүссэн үр дүн юм.
Тус номыг Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалаг үлгэрчилсэн байдлаар зохиож, Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн 10-р ангийн сурагч Д.Энхбаяр зургийг нь зурж, номыг чимэглэсэн нь хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогт ихээхэн таарсан гэдгийг энэхүү хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд онцолж байлаа.
Нийслэлийн зургаан дүүргийн хэд хэдэн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд тараан өгч, зуны даалгавар хийлгэсэн энэхүү ажлаа тун удахгүй дүгнэж, хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдийн шилдгийг шалгаруулах юм билээ. Аав ээжтэйгээ хамтран гараа гарган байж, хуучин хувцсаараа биеийг нь, товчоор нүдийг нь хийж, гарт нь луувангийн ишээр орлуулсан модны мөчир бариулаад доор нь “Мөчир хугалах нь сайн хүүхдийн зан биш” гэж бичсэн тавхан настай жаал өөрийнхөө бүтээлийг хамгийн шилдэг гэдэгт итгэж байгаа. Энэ жаал шиг Авлигатай тэмцэх газрын ах эгч нарынхаа өгсөн зуны даалгаврыг бүх сэтгэлээсээ хийсэн бүх хүүхдүүдийн бүтээл шилдэг нь. Учир нь тэд байнга алдаа гаргадаг, хааяа хууль бус үйлдэл гаргадаг томчуудаас илүү шударга болоод шударга бус үйлдлийг ялгаж, буруу зүйл хийж болохгүй гэдгийг ухаарсан. Тэд үнэхээр “Шударга мазайлаанууд” шиг шударга хүмүүс болно.
“Цэнхэр дээлээ өмсөөд
Цэцэрлэгтээ явна даа
Чимгээ найзаас түрүүлээд
Цэцгээ сайхан услана даа” хэмээн дуулж, өөрсдийн тарьсан цэцэгтэйгээ хамт өсөн ургаж яваа Монголын минь гэрэлт ирээдүй болсон шударга иргэд улам олон болох болтугай.