Хуульчдын холбооны анхдугаар их хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Хуульчдын холбооны анхдугаар их хурал эхэллээ



Монголын хуульчдын анхдугаар их хурал Төрийн ордонд эхэллээ. Анхдугаар их хурлаар Монголын хуульчдын холбоог байгуулж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн батлах юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульч мэргэжилтан бэлтгэх болон хуульчийн эрх олгох, мэргэжлийн үйл ажиллагаанд стандарт тогтоох ажлыг Хуульчийн холбоо буюу хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Хуульчдын холбоонд шилжүүлэн өгсөн билээ.

Хуульчдын анхдугаар их хуралд энэ онд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж хуульчийн эрх авсан 4500 хуульчаас сонгогдсон 490 төлөөлөгч оролцож байгаагийн 98 нь прокурор, 196 нь өмгөөлөгч, 98 шүүгч, бусад хуульч 98 сонгогдсон байна.

Хуульчдын анхдугаар их хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулсан илгээлтэд Монголын хуульдын холбоог байгуулж байгаа энэ явдал нь төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэн өгч байгаа анхны тохиолдол болохыг дурьдаад Хуульчдын холбоо, Монголын нийт хуульчийн шударга ёсны үйл хэрэгт амжилт хүссэн байна. Ерөнхийлөгчийн илгээлтийн дараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нээлтийн үг хэлж, Томас Жеферсоны хэлсэн "Ард түмэн хуулиа баталсан, Ард түмэн хуулиа биелүүлнэ" гэсэн үгийг иш татлаа. Учир нь Хуульчийн холбоо болон Хуульчийн мэргэжлийн үй ажиллагааны дүрмийг боловсруулах, хуульч мэргэжлийн стандартыг бий болгох, хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоог аливаа төрийн болон улс төрийн байгууллагын оролцоогүйгээр зөвхөн хуульчид өөрсдөө бий болгох юм.

Хуульчдын анхдугаар их хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны дүрмийг хэлэлцэж, санал асуулга явуулах аж. Харин маргааш, нөгөөдөр үргэлжлэх хуралдаанаар Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн баталж, холбооны ерөнхийлөгчийг сонгох юм байна.

Б.ГАЛ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж