
Өнгөрсөн хаврын турш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтаас болж, Хойд Солонгос элдэв дайны болон цөмийн заналхийлэл сүрдүүлэг цацаад байсны дунд Сөүл, Вашингтоныг бөмбөгдөнө гэж байв. Харин Өмнөд Солонгостой хамтарсан АНУ-ын ээлжит цэргийн сургуулилтууд дууссанаар Солонгосын хойгийн дайсагнагч хоёр орны энхийн харилцаа, холбоо алхам алхмаар дахин сэргэж эхэлсэн аж. Хоёр Солонгос юун түрүүнд эдийн засгийн өндөр ач холбогдолтой хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаагаа сэргээсэн бол үүний дараа 60 жилийн өмнөх Солонгосын дайнаар салсан гэр бүлүүдийг уулзуулахаар зөвшилцжээ.
Хэдийгээр Хойд Солонгос Өмнөдтэй харилцаа, холбоогоо сэргээж эхэлсэн ч АНУ-ын талд нүүр өгөхгүй байгаа юм. Америкийн албаныхан өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост айлчлан тус улсад хоригдож буй иргэнийхээ асуудлаар хэлэлцэхээр болсон ч үүнийг Хойдын зүгээс цуцалсан байна.