Надаль Барселонд зургаа дахиа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Надаль Барселонд зургаа дахиа түрүүлэв

Дэлхийн тэргүүн теннисчин, Испанийн Рафаэль Надаль Барселоны нээлттэй тэмцээний финалд нутаг нэгт тамирчин Давид Феррерийг 6-2; 6-4 харьцаатай буулган авснаар тус тэмцээнд зургаа дахиа түрүүллээ. Өчигдөр Реал клуб де Тенис талбайд болсон аваргын төлөөх тулаанд Надаль нэг цаг, 49 минутын хугацаанд өрсөлдөгчөө буулган авсан байна. “Үнэхээр итгэмээргүй юм. Өнгөрсөн жил тэмцээнийг өнжсөн болохоор /тэрбээр 2010 онд өвдөгний гэмтлийн улмаас тус тэмцээнд оролцож чадаагүй билээ/ эргэн ирж, түрүүлсэндээ маш их баяртай байна. Энэ тэмцээнд тоглох нь миний хувьд үргэлж онцгой нэгэн мөрөөдөл байдаг” хэмээн Надаль тэмцээний дараа ярьжээ. Сонирхуулахад, ATP World Tour 500 ангилалд багтдаг “Барселона опен” тэмцээний аваргын цомыг 290 мянган ам.доллар дагалдсан байна.

Тэрбээр ийнхүү мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд 501 дэх ялалтаа авснаас гадна шороон коурт дээр зохиогддог тэмцээнээс 31 дэх түрүүгээ авсан юм. Ингэснээр Надаль бүх цаг үеийн шилдгүүдийн жагсаалтад Аргентины Гуильермо Вилас /46 түрүү/, Австрийн Томас Мустер /40/ нарын дараа гуравт бичигдэж байна. Одоогийн байдлаар Надаль шороон гадаргуу дээр дараалан 34 тоглолтод ялалт аваад байгаа юм. Тэрбээр хамгийн сүүлд 2009 оны Францын нээлттэй тэмцээний дөрөвдүгээр шатанд Робин Сёдерлингт ялагджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж