Элвис Преслийн намтраар кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Элвис Преслийн намтраар кино хийнэ

“Шотландын сүүлчийн эзэн хаан” /The Last King of Scotland/ киногоороо алдартай найруулагч Кевин МакДональд рок-н-роллын хаан Элвис Преслийн амьдралаас сэдэвлэн намтарчилсан кино бүтээхээр гэрээ үзэглэжээ. “Мемфис хүрэх сүүлчийн галт тэрэг” /Last Train to Memphis/ нэртэй энэхүү кинонд Элвисийн амьдралын эхэн үеийг харуулах гэнэ. Кино зохиолыг Америкийн зохиолч Питер Гуралникийн Элвис Преслийн намтраар бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа ба продюсероор “Jagged Films”-ийн үүсгэн байгуулагч “Rolling Stones” хамтлагийн дуучин Мик Жаггер, Викториа Пийрмэн болон Стив Бингийн “Shangri-La” компанитай хамтран ажиллаж байгаа гэнэ.

Түүнчлэн “20th Century Fox” кино компанийн зүгээс “Мемфис хүрэх сүүлчийн галт тэрэг” кинонд Элвисийн дүрийг бүтээх жүжигчнээр шинэ залуу хүнийг тоглуулахаар 18-22 насны залуусын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байгаа аж. 

Шотландын найруулагч Кевин МакДональдын хувьд үүнээс өмнө Ямайкийн алдарт дуучин Боб Марлийн тухай баримтат кино бүтээж байсан туршлагатай аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж