Вавринка, Жокович нар хагас шигшээд туналаа

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Вавринка, Жокович нар хагас шигшээд туналаа

Америкийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо. Швейцарийн Станислас Вавринка Их Британы Энди Маррейг 6:4, 6:3, 6:2-оор, дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович ОХУ-ын Михаиль Южныйг 6:3, 6:2, 3:6, 6:0-ийн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд шалгарлаа.

Нөгөө хэсгээс Испаний Рафаэль Надаль, Францын Ришар Гаске нар шалгараад байгаа.

АНУ-ын Нью-Йоркийн хотын Артур Эшийн кортод болж буй “Америкийн нээлттэй тэмцээн” өрсөлдөөн дүүрэн өрнөж, өндөрлөх шатандаа орж байна. Өнгөрөгч наймдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн “US OPEN” тэмцээний ганцаарчилсан төрлийн эмэгтэй, эрэгтэй хагас шигшээд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо. Өнөө шөнө эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж, аваргын төлөө өрсөлдөх теннисчид тодрох юм.


Аваргыг хожиж, аварга болно, Станислас Вавринка

Өнгөрсөн жил “Америкийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлж, "Их дуулга"-ын анхны түрүүгээ хүртсэн Энди Маррей энэ жил хагас шигшээд шалгарч чадсангүй. Тэрбээр шөвгийн наймд тэмцээний есд эрэмбэтэй Швейцарийн Станислас Вавринкад гурван үеийн турш 4:6, 3:6, 2:6-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүллээ. Энди Маррей энэ оны "Австралийн нээлттэй тэмцээн"-ий шигшээд Новак Жоковичид ялагдсан ч "Уимблдон"-нд түүнийг хожиж, "Их дуулга"-ын хоёр дахь түрүүгээ хүртсэн. Харин тэрбээр оны сүүлийн "Их дуулга" болох "Америкийн нээлттэй тэмцээн"-ний хагас шигшээд шалгарсан бол Новак Жоковичтой тунах байлаа. Гэсэн ч Швейцарь залуу сайтар байж, түүнийг гурван үеийн турш сөхрүүллээ.

Дөрөвдүгээр тойрогт тавд эрэмбэтэй Чехийн Томаш Бердыхыг сөхрүүлсэн эрчээрээ Энди Маррейг нутаг буцаасан Вавринка хагас шишээд шалгарсанаар “Их дуулга” тэмцээний оргил амжилтаа үзүүллээ. Вавринка 2010 онд “Америкийн нээлттэй тэмцээн”, 2011 онд “Австралийн нээлттэй тэмцээн”, улмаар энэ жилийн “Францын нээлттэй тэмцээн”-ий шөвгийн наймд шалгарсныг эс тооцвол “Их дуулга” тэмцээний оргил амжилтаа үзүүллээ. Тэрбээр шигшээд тоглох эрхийн төлөө дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жоковичтой бямба гаригт тоглох билээ.

Рожер Федерер: Бэлтгэлийн хэв маягаа өөрчлөх талаар бодохгүй байна

“Их дуулга” тэмцээнд 17 удаа түрүүлсэн, “Швейцарь цаг” хочит Рожер Федерер тэмцээнийг дөрөвдүгээр тойргоос өндөрлүүлсэн. Тэрбээр дөрөвдүгээр тойрогт тэмцээний 19-д эрэмбэтэй Томми Робредод ердөө гурван үеийн турш 6:7, 3:6, 4:6-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Энэ тоглолтод Рожер ялалт байгуулсан бол Надальтай тоглох байлаа. Өнгөрсөн жил “Уимблдон”-нд түрүүлж, Лондонгоос мөнгөн медаль хүртсэн Рожер Федерер энэ жилийн оргил тэмцээн болох “Их дуулга”-д түрүүлж чадсангүй. Тэрбээр тэмцээний дараа хэлэхдээ: “Энэ тоглолт их хүнд боллоо. Би түүний эсрэг юу ч хийж чадаагүй. Томмид биш, би өөртөө л хожигдлоо. Томмитой тоглосон шиг Надальтай тоглосон бол улам хүнд байх байсан. Өдрөөс өдөрт тоглолтын талаар халшрах сэтгэл төрж байгаа нь энэхүү ялагдалд нөлөөлсөн байх. Бэлтгэлийн хэв маягаа өөрчлөх талаар бодохгүй байна. Би цаашид улам хөдөлмөрлөх болно” гэсэн байна.

“Швейцарь цаг” тоглолтоо өндөрлүүлсэн ч нутаг нэгт Вавринка шилдэг тоглолтыг үзүүлж, хагас шигшээд шалгараад байна. Рожер Федерер, Станислас Вавринка нар Бээжингийн олимпийн их наадамд хосын төрөлд оролцож, алтан медаль хүртэж байсан.

Нийт шагналын сан 34,3 сая ам.долларт хүрсэн нь дээд амжилт тогтоогоод байна

Энэ жилийн
"Америкийн нээлттэй тэмцээн"-ий нийт шагналын сан 34.3 сая ам.долларт
хүрч, "Их дуулга"-ын түүхэн дэх дээд амжилтыг тогтоогоод байна.

Энэ
оны "Австралийн нээлттэй тэмцээн" 30 сая ам.доллар, "Францын нээлттэй
тэмцээн" 29 сая ам.доллар, өнгөрсөн сард өндөрлөсөн
"Уимблдон"-ын шагналын сан 34 сая ам.долларт багтсан. Харин "Америкийн
нээлттэй тэмцээн" 34,3 сая ам.долларт хүртсэнээр дээд амжилт тогтоогоод
байна.

Эрэгтэй,
эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд 2,6 сая ам.долларын шагнал
хүртэх бол дэд аваргууд 1,3 сая "ногоон" халааслах аж. Өнгөрсөн жилийн
тус тэмцээнд түрүүлж байсан АНУ-ын Серена Уильямс, Их Британы Энди
Мюррей нар 1.9 сая ам.доллар хүртэж байжээ.

1-р тойрогт
32 мянган ам.доллар /чансаанд эмэгтэй 5 оноо, эрэгтэй 10 оноо авах/
2-р тойрогт 53 мянган ам.доллар /эмэгтэй 100 оноо, эрэгтэй 45 оноо/
3-р тойрогт 93 мянган ам.доллар /эмэгтэй 160 оноо, эрэгтэй 90 оноо/
4-р тойрогт 165 мянган ам.доллар /эмэгтэй  280 оноо, эрэгтэй 180 оноо/
Шигшээ наймд 325 мянган ам.доллар /эмэгтэй 500 оноо, эрэгтэй 360 оноо /
Хагас шигшээд 650 мянган ам.доллар /эмэгтэй 900 оноо, эрэгтэй 720 оноо/
Дэд аварга 1 сая 300 мянган ам.доллар /эмэгтэй 1400 оноо, эрэгтэй 1200 оноо/
Аварга 2 сая 600 мянган ам.доллар /эмэгтэй, эрэгтэй 2000 оноо/ тус тус хүртэх аж.

Харин хосын төрлийн аваргууд (эмэгтэй, эрэгтэй) 460 мянган ам.доллар, холимог хосын аваргууд 150 мянган ам.доллар хүртэх аж.

Тэмцээний фотог ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж