Индиан хөгжим Монголын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Индиан хөгжим Монголын тайзнаа

“El condor pasa” хэмээх дэлхийн хөгжим бий. Монголчууд харин “Тогдгор” хэмээх С.Галсантогтох гуайн тоглодог лимбэний аялгуу гэдгээр нь сайн танина. Тэгвэл, индианчуудаас гаралтай энэ хөгжмийг индиан хамтлаг Монголын тайзнаа эгшиглүүллээ.

Соёлын төв өргөөнд өчигдөр болсон “Имайра” хамтлагийн тоглолт бүхэлдээ содон ертөнц байлаа. Индианчуудын тайзны хувцас сүрлэг гэж жигтэйхэн. Хийморь сүлд нь хувцсандаа оршдог хэмээн итгэдэг тул хувцас хэрэглэл, толгойн чимгээ сүслэн биширч, нандигнадаг гэх. Тэр бүр хүрч мэдэрч байгаагүй сонин содон аялгуу, өвөрмөц дүр төрх, соёл заншлыг мэдрүүлэхээр ирээд буй Өмнөд Америкийн “Имайра” хамтлагийнхан Монгол орныг зорьсон учраа тэнгэр гаралтай бөөгийн домогтой холбон тайлбарласан. Мөнх хөх тэнгэрийг шүтдэг индианчууд энэ соёл, ийм зан үйлээрээ Монголтой төстэй тул эртнээс төлөвлөж, бодож, сонгож байж ийнхүү хөх тэнгэрийн орон гэгддэг Монголд хөл тавьжээ. Тоглолтын үеэр “Имайра”-чууд “Алтайн магтаал”-ыг индиан хэлээр аялгуулан магтаж, Монголын үндэсний хөгжимчид, хөөмийчидтэй хамтран дуулсан нь энэ тоглолтын нэгээхэн сюрприз байв. Түүнчлэн тоглолтын үеэр “Имайра”-чууд үзэгчдийн дунд бүжгийн тэмцээн хийж, өөрсдийн гараар урласан бэлгээ гардуулсан. Тэрхүү гарын бэлгээ өөрсдөө шөнөжин сууж, хийсэн гэдгээ ч нуулгүй хэлнэ лээ. Англи хэлэнд маруухан тул голдуу польшоор ярьж байсан тэд харин “Баярлалаа, Монголчууд аа” гэдэг үгийг тун ч цэвэрхэн, харамгүй хэлж байсан.

Тэр бүр сонсч чадахгүй индианчуудын өвөрмөц аялгуу, содон соёл заншлыг мэдрэхийг хүсвэл та өнөөдөр ч Соёлын төв өргөөг зорьж болно. Тэд тоглолтоо дуусгаад хөдөө нутгийг зорих юм гэсэн. Амралтын өдрүүдээр нүүдэлчин монголчуудын амьдралтай танилцаад, ирэх даваа гаригт нутаг буцах гэнэ лээ.

Э.ТЭКҮ
















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж