-Анна, ингэхэд таны жинхэнэ нэрийг хэн гэдэг юм бэ?
-Х.Оюунтуяа… Нээрэн, миний нэрийг бүтнээр нь хүмүүс бараг мэдэхгүй байх.
-Та яагаад өөртөө Анна гэж нэрийг сонгосон бэ. Уран бүтээлийн нэрээ?
-Би Сингапурт сурдаг байсан. Тэр үед манай багш нар миний нэрийг хэлж чадахгүй, ихэвчлэн Angel гэж дууддаг байсан юм. Тэгж явсаар Анна гэдэг нэртэй болчихсон байх. Найзууд маань бас Анна гэж дууддаг байсан.
-Анна ямар мэргэжилтэй вэ?
-Банк, санхүүгийн мэргэжил эзэмшсэн. Одоо бол мэргэжлээрээ ажилладаггүй л дээ. Залуу хүн болохоор хобби, сонирхлоо хөгжүүлээд л явж байна. DJ хийж байна. Хааяа аавынхаа компанийн ажилд тусалдаг. Компанидаа хийсэн ажилдаа тааруулж цалин авна /инээв/.
-Та хэзээнээс DJ болъё гэж бодсон бэ?
-Долоо, найман жилийн өмнөөс илүү их сонирхож эхэлсэн юм уу. Яг өөрөө ажиллаж эхэлсэн нь бол гурван жилийн өмнөөс л дөө. Тэгээд DJ нараас “Надад энэ урлагийг зааж өгөөч” гэж хүсэлт тавиад, суралцаж эхэлсэн. DJ Буд, Амраа нар их тус дэм болсон. Эхлээд бүгдийг тэд нараас асуудаг байлаа. Би ямар нэгэн курс, дамжаанд суугаагүй ээ. “MNG event”-ийн Дака, DJ Амраа нар надад хамгийн анх DJ хийх санал тавьж байлаа. Тэдний техник дээр суралцсан. Одоо ч гэсэн бид нар хамтарч ажиллаж байгаа.
-Эмэгтэй хүн DJ хийх хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Эхлээд жаахан эвгүй, жижиг сажиг хүндрэлтэй асуудлууд гардаг байсан. Хүмүүсийн хүлээж авч байгаа байдал эхэндээ нэг л таагүй санагдаад л. Одоо бол зүгээр ээ. Хүмүүс намайг харьцангуй таньдаг болсон байна. Хамгийн гол нь энэ эмэгтэй хичээж байна, тодорхой хэмжээнд хөдөлмөрлөж байна гэдгийг харж байх шиг байна. Нэг ёсондоо дөнгөж хүлээн зөвшөөрөгдөж л байна.
-Долоо хоногт хэдэн шоунд уригддаг вэ?
-Улирлаасаа шалтгаалдаг. Дунджаар бол долоо хоногт гурван шоунд оролцож байна. Хамгийн их ачаалалтай үе нь шинэ жил. Бараг өдөр бүр ажилтай байж таарна.
-Нууц биш бол та бүхний ажлын хөлс ямар байдаг вэ?
-Янз бүр байдаг. Нэг их нууц зүйл гэж бодохгүй байна. Миний хувьд нэг шоунд 500 орчим мянган төгрөгөөр ажилладаг. Хугацаа нь ихэвчлэн 45 минут байдаг.
-Та найз залуутай юу?
-Найз залуу байхгүй. Амжаагүй байгаа. DJ хийх чинь найз залуутай байхаас илүү гоё юм биш үү /инээв/.
-Таныг би мотоспорт сонирхдогийг мэднэ. Чөлөөт цагаараа ихэвчлэн спортоор хичээллэдэг үү?
-Чөлөөт цаг ер нь л гарахгүй шүү. Зав гарвал унтаж амрах дуртай ч сүүлийн үед удаан хугацаагаар амарч амжихгүй л байна. Мотоспорт бол миний хобби. Саяхнаас хоббигоо маш сайн хөгжүүлж байгаа. Би өнгөрсөн жил жолоонд сурч, түүнээс хойш мотоцикль сонирхон унаж байгаа. Бүр тэмцээнд хүртэл оролцож амжлаа. Саяхан анх удаа Олон улсын тэмцээнд оролцож үзлээ. Мөрөө мулталж, бага зэргийн гэмтэл авсныг эс тооцвол маш сонирхолтой байсан. Эмэгтэй хүмүүс давж гарахад хүнд даваа юм билээ. Гэхдээ би шантрахгүй, цаашид ч мотоциклиороо уралдана.
-Хэдэн мотоцикльтой вэ?
-Хоёр. Нэгийг нь тэмцээнд, нөгөөг нь өдөр тутамдаа унадаг.
-Машин сонирхдог уу?
-Ер нь сонирхоно. Гэхдээ надад машин байдаггүй л дээ. Хааяа л нэг аавынхаа машиныг унадаг.
-Би таах уу… Та адал явдалтай кино үзэх дуртай?
-Тийм ээ, дуртай /инээв/. Тэгээд бас аймшгийн кино…
-Анна хэр олон найзтай вэ?
-Тийм ч олон биш. Би ер нь их дуу цөөтэй талдаа хүн л дээ. Өөрийнхөө талаар ч тэр, бусдын талаар ч тэр хамаагүй ярихыг хүсддэггүй. Дотны найзуудтайгаа л ярилцдаг. Гэхдээ найзын хэмжээний сайн танилууд бол цөөнгүй байгаа.
-Та DJ болохоор мэдээж электро хөгжимд дуртай байх?
-Ажиллаж байхдаа би хүмүүсийн сонсох дуртай хөгжмийг тоглодог. Гэхдээ өөрөө бол Dab step тоглох, сонсох дуртай. Одоохондоо олон хүн сонсдоггүй байж магадгүй, Electronic Dance хөгжмийн нэг урсгал юм л даа. Маш гоё хөгжим.
Эхн сурвалж: “NEWSWEEK” сонин №027