
Дотогшлох суваг нь бөглөрч, гадагшлах сувагных нь ам ангайсан валютын хоёр чиглэлийн урсгалын зөрүүн дээр үүсч буй ханшийн савалгааг тогтворжуулахын тулд Монголбанк интервенци хийгээд ч үр дүнд хүрэхгүй байна. Ширхэгийн бохь, чихэрээс эхлээд ханшийн савалгааг дагаж, импортоор орж ирдэг бүх л бараа бүтээгдэхүүний үнэ багагүй өслөө. Одоохондоо шатахууны үнэ тогтвортой байгаа ч валютын ханшийн өсөлт сулрахгүй бол цаашдаа ШӨХТГ-ын дарга О.Магнай хүчээр заазуурдаж, торгуулиар айлгаад ч нэмэргүй л болов уу.
Ерөнхий сайдын айчлалын хүрээнд Японоос бөөн мөнгө орж ирдэггүй л юм бол эдийн засгийн байдал ер нь хүнд, ирж буй хүйтэн өвлийг хэрхэн давах нь тодорхой бус байна. Өнгөрсөн өвөл Чалкотой хийсэн гэрээгээ өөрчилнө гэж муурын сахлаар оролдоогүйсэн бол нүүрсний экспортын хэмжээ ингэтлээ доогуур үзүүлэлттэй гарахгүй байсан биз. Валютын ханшийн өсөлт гадаад, дотоодын зах зээл дэх ороо бусгаа үеийн дохиолол ч нөгөө талаас банкиндаа алтгүй шахам орны мөнгөн тэмдэгтийн ханш ямагт сул байдгийн нэг шинж тэмдэг юм. Төгрөгийн ханшийг чангаруулахыг хүсвэл Монгол Улс банкиндаа алтны нөөц арвинтай байх ёстой.
Долоон жилийн өмнө буюу 2006 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 25 тоннд хүрч байв. Харин сүүлийн жилүүдэд алтны салбар хуулийн шоглоом болсны нэг сөрөг үзүүлэлт нь төв банкинд тушаасан алтны хэмжээ өнөөдөр дөнгөн данган гурван тонноор л хэмжигдэж байгаа юм. Тэнэг хүний гэмших нь хойноо гэгчээр Монгол Улсын Засгийн газар хамаг алтаа хар захаар урсгасныхаа дараа л арга хэмжээ авахаар оролдож эхэллээ. “Алтны худалдааг ил тод болгох хууль”-ийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар Засгийн газар ажиллаж буй юм. Ингэснээр алтны далд худалдааг ил болгож, бичил уурхайчидтай түншилж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, олборлосон алтыг худалдаж авах, экспортлох, бүртгэл, тооцоо эрхлэхийг Монголбанкинд хариуцуулан цэгцэлж, тусгай зөвшөөрөлтэй компани, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжүүлж, алт зуучлагчдын хууль бус далд наймааг зогсооход чиглэсэн зохицуулалтуудыг хуулийн төсөлд оруулжээ. Монгол Улсын алтны нийт батлагдсан нөөц 127 мянган тонн. Үүний 64.7 тонн үндсэн, 62.3 тонн нь шороон ордынх. УИХ-аас баталсан урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд усны ундарга, ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаа алтны 250 компанийг хоморголон үйл ажиллагааг нь хүчээр зогсоосноос болж сүүлийн хоёр жилийн дотор гэхэд алтын олборлолт 26,1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оюутолгойн ордоос алт олборлоод эхлэхээр шороон ордтой, ордгүй болчихно гэж эндүүрсэн нь хууль бусаар алт олборлогчдын үйл ажиллагааг идэвхжүүлж, Монголбанкинд тушаадаг алт ховордсон нь өнөөдрийн валютын ханшийн савалгаанд нөлөөлөх нэг гол хүчин зүйлс болоод буй. Тиймээс шинээр хууль батлахынхаа өмнө урт нэртэй хуулиас болж үүдээ хаасан алтны компаниудын асуудлыг ахин хэлэлцэж, зөв буруугаа шүүн тунгаах нь алтны далд худалдааг ил болгох эхний арга зам юм. Үүдээ хаалгасан алтны компаниуд үнэндээ алтаа бүр мөсөн ухахаа больчихсон уу гэвэл гэнэн ойлголт болно. Тэд нинжа нараар ордоо ухуулаад улсад татвар төлөхгүй, төв банкинд алт тушаахгүй хулгайн зам руу шуударсан нь худлаа биш шүү дээ. Хууль нарийсахаар хулгай хийх арга нарийсдаг болохоор тэднийг бас яалтай ч билээ. Олборлосон алтаа таваас доошгүй жил Монголбанк, дотоодын арилжааны банкуудад худалдвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ таван хувь байсныг 2.5 хувь болгон бууруулах, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгохоор хуулинд тусгажээ. Хууль батлагдвал жилд олборлох алт 20 тонноор нэмэгдэж, ирэх таван жилд 150 тонныг олборлох боломжтой гэсэн тооцоо байгаа юм байна. Алдаа мадаггүй, ардаа асуудалгүй хууль батлагдаж чадвал бас ч гэж алтны салбар сэргэх боломж бүрдэнэ. Гэхдээ нэгэнтээ хулгайн зам руу сэтгэл шулуудсан алтны далд худалдааг ил болгохын тулд төрөөс багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болов уу. Санасны зоргоор “май” гээд алтаа авчраад өгөх “нинжа” нар ховор. Уулыг оготно мэт нүхэлчихэж чадахаар олон нинжа нар байсаар байхад хууль бус алтны наймаа явагдаж л таараа. Тиймээс тогтвортой бичил уурхайг хөгжүүлэх, мөн урт нэртэй хуулиар хоморголон цуцалсан лицензүүдээ эргэн харж, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлээгүй, нөхөн сэргээлтээ цаг тухайд нь хийж явсан, хариуцлагатай компаниудын үйл ажиллагааг эргэн сэргээхэд яагаад болохгүй гэж. Лицензээ хураалгасан 250 компанийн дотор сайн нь ч бий, муу нь ч байгаа. Тэгэхээр гадаад валютын ханшийг хязгаарлахын тулд дотоодынхоо алт тойрсон асуудлаа цэгцлэх хэрэгтэй болжээ.