
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад 2000 онд эцгийгээ нас барсны дараа засгийн эрх авсан цагаасаа хойш хамгийн том сорилттой тулгарчээ. Учир нь АНУ тэргүүтэй холбоотнууд Сирийн зөрүүд Ерөнхийлөгчийг буулгаж авахын тулд химийн зэвсгийн халдлага явуулсан гэж цохилт өгөхөөр төлөвлөж байгаа билээ.
Хэвлэлүүд ялангуяа барууны хэвлэлд түүнийг харгис дарангуйлагч мэтээр бичсэн нийтлэлүүд системтэй “үерлэж” байна. Гэвч энэ орныг дэлхийн хамгийн халуун цэг болгосон сөргөлдөөн юунаас эхэлснийг эргэн санавал юу болоод буйг ойлгох болно. Эргэн санавал “Нийтийг хамарсан бослого” гэгч эмх замбараагүй явдал 2011 оны гуравдугаар сарын 15-нд дэгдсэн юм. Тэрхүү эмх замбараагүй явдал эхэлсэн Дараа хотод долоо хоногийн дотор “тайван жагсаал зохион байгуулагчид” шүүх ордон, цагдаагийн газар, хотын захирагчийн байр болон олон нийтийн газруудыг галдан шатааж, дээрэм тонуул хийсэн байдаг.
Удалгүй Холмс хотын иргэд ч жагсч эхэлсэн билээ. Гэвч жагсаал огтхон ч тайван болоогүйгээр барахгүй Сиричүүд үүнийг жинхэнэ хувьсгал биш гэдгийг мэдэж байсан.
Тэр үеэр Дараа, Холмс хотод цагдаагийн 110 оффицер амиа алдсан явдал Сиричүүдийн хилэнг бадрааж, “босогчид”-ыг үзэн ядах шалтгаан болсон билээ.
Үнэн хэрэгтээ Сирид Засгийн газрынхаа эсрэг боссон нэг ч хот байгаагүй аж. Харин гадныхны гар хөл болсон “хувьсгалчид” зэргэлдээх хотуудад халдлага үйлдэж, цагдаагийн газар, Ливан, Йордан, Турк, Ирактай хиллэдэг хилийн зурвас дахь цэргийн ангиуд руу дайрч байв. Тэд үүнийгээ Холмс хотыг босогчид эзэлсэн гэж цуурхал тарааж байжээ. Гэвч энэ үеэс Арабын болон барууны хэвлэлүүд гал дээр тос нэмсэн мэдээллийг тараахад идэвхитэй ажиллах болсон юм.
Яг л ийм шалтгаанаар Сирийн хот, тосгон руу босогчид халдаж, өөрсдийнх нь талд ороогүй энгийн иргэдийг бөөнөөр нь хядсан тухай мэдээллийг дэлхий нийт тухай бүр сонсч, мэдсэн юм. Харин дэлхийн хэвлэлүүд мэдээж үүнийг Ассадын цэргүүд түүний дэглэмийг эсэргүүцсэн босогчдыг хайр найргүй устгаж байгаа гэж мэдээлсэн.
гэж хэн бэ?
Эцгийнх нь суурийг залгамжлах том ах нь 1994 онд зуурдаар нас барахад Башарын амьдрал эрс өөрчлөгдсөн билээ.
Башар аль-Ассад 1988-1992 онд Дамаскийн Тишрин цэргийн эмнэлэгт нүдний эмчээр дадлагажиж байгаад Лондонд тэр чиглэлээрээ суралцжээ. Башар аль-Ассад тэнд суралцаж байхдаа Сирийн ирээдүйн тэргүүн хатагтай Асматай танилцав. Сири гаралтай британи гэр бүлд төрж, өссөн энэ бүсгүй 2000 онд Сирид очиж, тэр оныхоо арванхоёрдугаар сард Башар аль-Ассадтай гэрлэсэн юм. Хэвлэлийнхэн болон ажиглагчид түүнийг тэргүүн хатагтайн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлдэг.
Түүний тэргүүлж байсан “Сирийн хөгжлийн төлөөх итгэл найдвар” хэмээх ядуурлын эсрэг нийгмийн олон хөтөлбөр хэрэгжүүлсэн хандивын сан тус оронд дэгдсэн бослого үймээнээс болж зогссон юм.
Гэвч Сиричүүдийн “Цөлийн сарнай” нэрлэсэн Асма тус оронд бослого дэгдсэнээс хойш чимээгүй байгаа нь олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Харин 2012 онд тэрбээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор анх удаа мэдэгдэл гаргаж “Миний нөхөр бол Сирийн Ерөнхийлөгч. Фракцуудын ерөнхийлөгч биш. Тэргүүн хатагтайн хувьд би Ерөнхийлөгчийг бүх талаар дэмжих болно” хэмээсэн юм.
Түүнийг Сирид бослого үймээн дэгдсэнээс хойш тус улсаас гарсан гэх мэдээлэл тарсан ч “Цөлийн сарнай” хүүхдүүдийн хамт хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм.
Ахыг нь нас барахад түүнийг Лондоноос дуудаж, Сирийн армийн зэвсэгт хүчний командлагч болгосон юм. Энэ үедээ тэрбээр армийн хөгшин генералуудыг чөлөөлсөн нь түүнийг олон дайсантай болгосон аж.
1994 онд Башар аль-Ассад Холмсын цэргийн академид элсч, 1999 онд Сирийн армийн хурандаа болтлоо дэвшчээ. Энэ үеэс Башар аль-Ассад төрийн гүнд оролцох болжээ.
Түүний эцэг, Сирийн ерөнхийлөгч агсан Хафиз аль-Ассадыг засгийн эрх барьж байх үед Башар аль-Ассад ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Ливаны ерөнхийлөгч агсан Эмил Лахуд болон Францын ерөнхийлөгч асан Жак Ширак нартай хэлэлцээ хийж байв.
Харин Хафиз аль-Ассадын гэнэтийн үхэл энэ бүхнийг өөрчилсөн аж. Башар аль-Ассад олон нийтийн дэмжлэгийг авч чадсан юм.
Улс төрийн намууд ч түүнийг дэмжихээ илэрхийлж байв. Эцэст нь Сирийн парламент Башар аль-Ассадыг Арабын Бүгд Найрамдах Сирийн 16 дахь Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгож, долоон жилийн бүрэн эрх олгосон байдаг.
Хэдийгээр тэр эцгийгээ бишрэн хүндэтгэгч байсан ч улс төрийн бодлогоор өмнөх ерөнхийлөгчөөс ялгардаг.
2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Башар аль-Ассад улс төрийн хэдэн зуун хоригдлыг суллаж, анхны хараат бус, чөлөөт хэвлэлийг бий болгосон юм.
Шинэ ерөнхийлөгчийн гол бодлого нь улс төрийн шинэчлэлээс илүү эдийн засгийн шинэчлэл рүү төвлөрч байв. Сирийн хаалттай эдийн засаг ч арай чөлөөтэй болж эхэлсэн аж. Мөн Сирид анх удаа хувийн банк байгуулахаар төлөвлөж байв.

АНУ-ын өдөөсөн Иракийн дайныг Сири эсэргүүцсэн нь тэдэнд таалагдаагүй.
Харин тэрбээр улс орондоо улс төр, эдийн засгийн шинэчлэлийн итгэл найдвар болж байв.
Дамаск Ливантай өргөнөөр хиллэдэг стратегийн нөөц газар учраас Башар аль-Ассад АНУ-ын холбоотны 200,000 цэргийг Сири, Иракийн хил дээр байрлуулахаас татгалзаж, цэргээ татахыг шаардсан юм.
АНУ-ын өдөөсөн Иракийн дайн болон Ойрхи Дорнодыг шинээр загварчлах гэсэн оролдлого нь Сирид биеллээ олж чадаагүй тул Сирийг Иракийн цэргийн өндөр албан тушаалтнуудад орогнол олгосон, Иракийн үй олноор устгах зэвсгийг нутаг дэвсгэртээ хадгалж, дамжуулсан гэж буруутгаж байв.
Харин одоо энэ орныг Ливи шиг хувь тавилан хүлээж байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн цэргийнхэн энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсний хариуг өгөхөө амлаад байгаа билээ. Сирийн цэргийнхэн зохион байгуулсан гэх химийн халдлагын улмаас 1400 гаруй энгийн иргэн тэр дундаа 426 хүүхэд амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад үүнийг худал хуурмагаас өөр юу ч биш гэж мэдэгджээ.
Тэрбээр “Сирийн хямрал бол иргэний дайн, бослого ч биш. Тусгаар тогтносон орны эсрэг явуулж буй гадаадын түрэмгийлэл” хэмээжээ.
