Үндэсний бөхийн барилдааныг хаалттай хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн барилдааныг хаалттай хийнэ

Баян-Өлгий аймаг: Баяр наадмынхаа үндэсний бөхийн барилдааныг хаалттай хийнэ
 
Баян-Өлгий аймгийн таван суманд малын шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, аймгийн наадмаа хойшлуулаад байсан билээ.

Аймгийн Онцгой комиссоос шийдвэр гарч хорио цээрийн дэглэмийг энэ сарын 6-нд цуцлахаар болж, аймгийн наадмыг 7, 8-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Аймгийн наадмын комиссоос баяр наадмынхаа үндэсний бөхийн барилдааныг хаалттай хийхээр болсон бөгөөд хүчит 256 бөх зодоглох юм. Есдүгээр сарын 2 – ны өдөр болсон наадмын сорилго барилдаанд аймгийн заан Б.Серик түрүүлж, аймгийн арслан  М.Еркебулан үзүүрлэв.

 

МЭДЭГДЭЛ

Үндэстэн ястнуудын өлгий нутаг болох Баян-Өлгий аймгийн баяр наадмыг 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ийнхүү баяр наадмыг намрын эхэн сард тэмдэглэх болсон шалтгаан нь тус аймгийн Сагсай, Алтай сумдын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, аймгийн Засаг даргын захирамжаар 7 дугаар сарын 5-наас эхэлж хорио цээрийн дэглэм тогтсон юм. Гэвч, ард иргэдийн санал хүсэлтийг үндэслэн наадмын арга хэмжээг өмнөх жилүүдтэй адилхан өргөн хүрээтэй биш ч гэсэн тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Тус аймагт энэ удаагийн наадмын үндэсний бөхийн барилдааныг хаалттай явуулна. Ард иргэдээс ирсэн гомдол, аймгийн Үндэсний бөхийн холбооны шийдвэр, 2 сар гаруй хугацаанд үргэлжилсэн хорио цээрийн дэглэмийг харгалзан үзэж баяр наадмын зохион байгуулах комисс ийм шийдвэр гаргаад байна.

Урьд жилүүдэд өргөн хэмжээнд зохион байгуулагдсан Баян-Өлгий аймгийн 70 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадмуудад гадны аймгийн улсын цолтой бүлэг бөхчүүд ирж наадмыг будлиантуулдаг, найраа хийдэг уламжилал тогтсон байлаа. Улсын цолтой зарим бөхчүүдийн ийм бусармаг үйлдлээс болоод бүтэн жилийн турш бэлтгэлээ хийж, бөхийн дэвжээнд үнэн хүчээ үзэхээр зорьж байгаа манай нутгийн залуус хохирч үлддэг. Улсын цолтнууд аймгийн баяр наадамд чимэг нэмэх гэж барилдахгүй нь тодорхой.

Мөн 2012 онд Ховд аймаг, энэ жил Увс аймаг баяр наадамдаа манай аймгийн бөхчүүдийг барилдуулаагүй юм.

Тийм учраас Баян-Өлгий аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг хаалттай хийх болсныг мэдэгдэж байна.

 

БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж