Со соёрхолтын сүүлтэй хуушуур

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Со соёрхолтын сүүлтэй хуушуур

Уг нь жүжигчин Д.Сосорбарамыг урлагийнхан, найз нөхөд нь Со гавьяат гэдэг байсан. Харин өнгөрсөн жил Төрийн соёрхол хүртсэнээс нь хойш шинэ алдарт нь арай л дасч өгөхгүй зарим нь эг магхийгээд байдаг ч гэдэг. Ер нь бол Со ахайтнаас гарахгүй зүйл гэж үгүй. Шүлэг тэрлэж, “Үлэмжийн чанар”-аа уянгалуулж, онгод бадраадаг оргилуун авьяастай эрхэм. Харин өнгөрсөн амралтын өдөр Со ахай “ТВ-5″ телевизээр гарынхаа хоолыг хийж сонирхуулав. Тэр тусмаа бүр дан сүүлний өөхөөр хийсэн хуушуур гээч. Нэвтрүүлэгт нь цуг оролцсон хөөрхөн бүсгүй Г.Нарансолонго, хөтлөгч Насаа хоёр “Сүүлтэй хуушуур аа…” гэж бүр айж орхисон. Гэвч Со ах нь “Хамгийн гол нь амталгаа” ухуулж, яг хуушуур гарахад хоёр бүсгүй огтхон ч өөх амтагдахгүй гайхалтай сайхан болсныг нь амаа олохгүй магтлаа. Өөхнөөс айдаг бүсгүйчүүдийг Со ах нь сүүлний өөх бол ямар ч холестрингүй гэж тайвшруулахаа мартсангүй. “Нөхөр” Сосорбарам эрүүл хооллолт энэ тэр гэж ярьдаг хүмүүс аймаар “эсэргүү” зүйл ярив. Хашир бага зэрэг хуршсан хошного чанасан хийцтэй цайнд “нугасгүй” дуртай гэнэ. Бас хамгийн дуртай хоол нь борцтой гурилтай шөл. Өөрөө ч хуршсан хошного эрүүл ахуй талаасаа тийм ч тохиромжтой хоол биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна лээ. Гэхдээ багын дадал, угийн дуртай зуршил, нүүдэлчин удмын занг яалтай билээ? Үүнийгээ ч өөрөө ил шулуухан хэлж байна лээ. Гэхдээ Со “нэвширсэн махчин” биш бололтой, өөрөө л нэг их дөвийлгөж яриагүй болохоос биш. Со соёрхолт гэнэ гэнэ ес хоног мацаг барьдаг. Жилдээ нэг удаа ч гэдэг юм уу ямар нэгэн хэмжээ, горим тавьдаггүй. Хамгийн гол нь зүгээр л биеэ сэргээх болохоороо мацаг барьчихдаг. Бясалгал хийж, оюун ухаанаа сэргээдэг болохоор хоол хош санаанд ордоггүй, өөрт нь ч чухам таашаалтай байдаг бололтой. Манай зарим бүсгүйчүүд турдаг “баатар” болоод мацаг барих гэж шүдээ зууж гүрийгээд тэрнээсээ эс юм болдог. Харин Со ах ес хоног гудийх ч үгүй мацаг барьдаг. Мацаг барингаа дөрөв хоног залуучуудад лекц уншаад “Үлэмжийн чанар”-ыг өөрийнхөө тавилтаар дуулахад хоолой нь ёстой нэг зовлонгүй өөрийнхөөрөө урсч байсан гэсэн. “Үлэмжийн чанар” ч мацаг барьж байгаа хүн бүү хэл баргийн хүн дуулахад хэцүү агаад адармаатай дуу шүү дээ. Хэргийн гол учир нь мэдээж хэрэг түүний өөрийнх нь “филосифи”-д л байгаа байх л даа. Дээр дурдсанаар мацаг барихыг зовлон гэж ойлгодог хүмүүст бол бүр өөр хэрэг. Өөрийнхөөрөө байдаг өөрийн гэсэн философитой Со эрүүл хооллолт гэж ярих дуртай хүмүүсийг ч дэмжих маягийн бүлээн үг урсгаж, бараг шинжлэх ухаан болоод байгаа тэр ургсгалыг дэмждэг, эхнэр Нинжбадгар нь эрүүл хооллолтын дэглэм баримталж, хачин сайхан болж байгаа гэж дурсаад авна лээ.   

Тэр болгон нэвтрүүлэгт оролцоод байдаггүй Со-гийн сүүлний хуушуурны хамгийн гол нь “хачир” нь өөрийнх нь найруулж, гол дүрд нь тоглосон “Сайтар эргэцүүл” жүжгийн тухай яриа байв. Либертари үзлийг тунхаглан зарлагч хатагтай Эйн Рандын “Сайтар эргэцүүл” жүжгийн нээлт өнгөрсөн 17-нд Од театрт болсон. Хувь хүний эрх чөлөөг тунхаглан зарлагч хатагтай Рандыг жүжгийг ийнхүү тавьсан нь Монголын либертари үзэлтнүүдийн бүр тодорхой хэлбэл, хувь хүний эрх чөлөө, үүрэг хариуцлагыг дээжлэгчдийн ёстой л хужирхайг тэнийлгэсэн үйл явдал болсон.  Бүгдийг ивээн тэтгэж, бүгдэд халамжийн гараа тэнийлгэж, бас бүхний өмнөөс шийдвэр гаргадаг ноён Брекенрижийг хүнд хорлогдон нас барахад бүгд баярладаг. Яагаад гэвэл тэрээр халамж өгөнгөө хүмүүсийн зовох, баярлах, өөрөө өөрийгөө авч  эрх чөлөөг нь хураагаад авчихсан болохоор. Гар угаах саванг нь хүртэл бэлтгээд, дотоод заслыг нь бүгдийг нь хийсэн гайхалтай сайхан шилтгээн бэлэглэхэд эхнэр нь хүртэл тэгтэл их баярлахгүй байгаа юм даа. Хатагтай Брекенриж өөрийнхөө хүслээр байшингаа тохижуулахыг хүсдэг байж л дээ. Үүнийг хатагтай Брекенрижийн дүрд тоглосон жүжигчин Г.Нарансолонго өөрийнхөөрөө “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов оо гэж…” хэмээн тун хөөрхөн, энгийнээр илэрхийлнэ лээ, Со соёрхолтын сүүлэн хуушуураа идэнгээ…  
Басхүү уг нь мундаг сайн мөрдөгч мөртлөө өөртөө хэтэрхий итгэсэндээ жинхэнэ алуурчныг илрүүлж чадаагүй мөрдөгч Хастингс “Мөнгөнд дуртай гэж ил хэлж байгаа хүнээс айх хэрэггүй. Харин мөнгө гэж ярихаасаа ичдэг хүмүүс тэрэнд ч хамгийн их дуртай байдаг юм” гэж гайхалтай сайхан хэлж байдаг юм, тэр жүжигт.
За тэгээд хатагтай Айны хамгийн дургүй /зохиолуудаас нь тэгж анзаарагддаг. Өөрөө хуучин ЗХУ-аас дүрвэж гарсан цагаач бүсгүй/ коммунист тагнуулч хүртэл гарна. Ноён Брекенрижийг хөнөөсөн гэгдэж байсан коммунист тагнуулч хөөрхий өөрийгөө хөнөөчихдөг юм.

Брекенрежийн дүр бол өөрийгөө бүхнийг чадагч гэж эндүүрдэг өчүүхэн нэгний дүр. Өөртөө байхгүй болгоноо бий болгож, бусдад санаа тавих тусмаа бусдыг хөнөөж байдаг дүр. Заримдаа хэрэгтэй, хэрэггүй зүйл санаачлаад, өөрөө мэдэхгүй юм байж бусдын өмнөөс баахан шийдвэр гаргадаг Монголын улстөрчид Айн Рэндийн зохиолын дүрүүдтэй дэндүү адилхан харагдаад байдаг юм. Айн Рэндийн бас нэгэн алдарт бүтээл “Эх сурвалж” дээр гардаг ноён Түэхэй хөөрхий Брекенрижтэй бас төстэй. Өөрийгөө баахан хэрэгтэй хэрэггүй, холбоо, сангуудаар хүрээлүүлээд залуусын толгойг эргүүлж байдаг. Тэр тусмаа залуучуудын хүсэл мөрөөдөл болгоныг зөвлөгөө өгөх нэрээр баллаж хаяж байдаг. Ер нь Брекенрижийн нэлээд төгс төгөлдөр дүр “Эх сурвалж” дээр илүү боловсронгуй болж төрж гарч ирсэн болов уу? “Сайтар эргэцүүл”-ийг басхүү Айн Рэндийн нэлээд хэдэн номыг орчуулсан философийн ухааны профессор Б.Батчулуун “Эх сурвалж” туурвих ажлаа бага зэрэг завсарлан судалгаа хийж байх зуураа жүжгээ бичсэн гэж бичсэн байл уу даа. 

Айн Рэндийн бас нэг алдарт бүтээл “Атлантын нуруу тэнийв” гайхалтай сайхан номыг жүжигчин Сосорбарам нэгэн амьсгаагаар уншаад дуусгачихаж байсан гэдэг юм билээ. Дөрвөн хуруу зузаан ном л доо. Гэхдээ либертари үзэлтнүүд өөрөө өөртөө эзэн байхыг хүсдэг хүн бүхэнд ёстой л хужир, давс гэсэн үг. Ер нь Либертари эдийн засагчдын клуб “Алтан тариа” компанийн захирал ноён П.Цэнгүүний дэмжлэгтэйгээр Айн Рэндийн олон ч номыг орчуулсан даа. 

Дашрамд дурдахад, “Сайтар эргэцүүл” жүжгийг “Х-ТҮЦ” хамтлагийнхан гайхалтай сайхан бүтээсэн. Тэд зөвхөн хошин шоу тоглох бус мэргэжлийн тал талын эрэл хайгуулыг хийж чаддаг залуус. Тэд хэнээс ч хараат бус өөрсдийнхөөрөө байдаг, өөрсдөө өөрсдийгөө цалинжуулж, өөрсдийнхөөрөө уран бүтээлээ хийдэг учраас “Сайтар эргэцүүл”-ийг чухам тэд л амьдруулах ёстой юм гэж Со гавьяат бардмаар хэлж байсан. Мэдээж хэрэг жүжгийн гол ноён нуруу нь Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам. Эйн Рандын улаан фэн, үзэл санааных нь хүчтэй түүчээ. Бүр өвчилчихсөн юм болов уу гэмээр… Үнэхээр  ч Айн Рэндаар өвчилсөн Со л энэ жүжгийг найруулж, гол дүрд нь тоглохгүй бол өөр хэн энэ жүжгийг амилуулахсан билээ дээ.   Дашрамд сануулахад, "Сайтар эргэцүүл" жүжгийг тавдугаар сарын 1 хүртэл тоглоно. 99080129 утсаар захиалга өгвөл тасалбарыг нь үнэгүй хүргэж өгөх юм байна лээ шүү.

А.ТУЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж