
Одоо Монгол Улс уул уурхайн асар их баялгаа иргэддээ тэгш хуваарилахаар Тавантолгойн ордын хувьцааг иргэддээ олгох ажил эхэлж байна. Иргэн бүрт 536 ширхэг хувьцааг эзэмших эрхийг олгох шийдвэрээ Засгийн газар гаргасан. Тавантолгойн ордын хувьцаа нь цаашид иргэддээ хүртээх баялгийн эхлэл бөгөөд стратегийн хэд хэдэн орд цаана нь бий. Эдийн засагчдын дүгнэж буйгаар манай улсыг хар алтны хаад болох Арабын баян орнуудтай адил хэмжээнд хүргэж хөгжүүлэх нөөц бүхий баялгаа олон улсын зах зээлд хэрхэн үнэ хүргэх гарааны талаар хэлэлцэх энэхүү чуулга уулзалтыг Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо болон Эрдэс баялаг уул уурхайн бирж төрийн бус байгууллага хамтран зохион байгуулах ажээ. Чуулга уулзалтад гадаад, дотоодын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий компаниуд, хөрөнгө оруулагчид оролцох аж. Мөн иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт мэдлэг мэдээлэл өгөх, компаниуд үйл ажиллагаа сурталчлах үзэсгэлэнг гаргах юм байна.