Олонх хүмүүс яагаад гадаад
хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?
Сүүлийн үед манай улсад англи, хятад, япон, герман, солонгос зэрэг харь хэлийг
сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэлний чиглэлийн
сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний
мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч
чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд
сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр
дүнтэй явагдахгүй байгаа гэвэл уншигч та санал нийлэх байх аа. Олон жил гадаад
хэлний чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах
үйлсэд зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад
хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс
хамаараад зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалтын арга зүй, орчин
нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай
суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн
зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал
богино хугацаанд сайн сурах бололцоотой юм.
Юуны өмнө манайд хэрэглэгдэж байгаа олонхи гадаад хэлний сурах бичгүүдэд
ихээхэн учир дутагдал байдаг. Сурах бичгүүдийн бүтцээс харах юм бол цагаан
толгойгоо зааж дуусаад үгсийн давтамж муутай том том саланги бичвэрүүдтэй
холбогдсон дүрмийн мэдлэгийг ойлгож, шинэ үгийг цээжлэх амаргүй асуудлыг хэл
эхлэн сурч байгаа хүний өмнө тавьдаг. Түүнчлэн олонхи сургуулиуд хэлний доод
курсуудэд шинэ залуу багш нараараа заалгаж эхлэдэг тул тэд хичээлийг
эрчимжүүлэх нэрийдлээр хэт хурдан зааж суралцагсдыг хөлдөө чирэх явдал түгээмэл
байна. Ингэснээр гадаад хэлийг эхлэн суралцагч цөөнгүй хүмүүс гадаад хэлийг
сурна гэдэг авьяастай цөөхөн хүмүүсийн санаархдаг хэрэг юм байна, миний хувьд
ёстой бүтэшгүй нь гэсэн гутранги бодолтой хоцордог. Манай гадаад хэлний
сургалтыг хөндлөнгөөс ажиглаж байхад багш гаднаас орж ирээд хичээлийн эхний
хэсэгт даалгавар шалгаж эхлэнэ. Гучин сурагчтай анги байна гэж бодоход улирлын
дүн дөхсөн байвал асуугдаж гайгүй дүн авах гэсэн гурав дөрвөн сурагч бичвэрээ
хальт мөлтхөн цээжилж асуугдаж байх зуур бусад нь өөр хичээл хийх, хоорондоо
дэл сул юм ярих, онгоц буудах, хөзөрдөх зэргээр цагийг үр ашиггүй өнгөрөөж
байдаг нь нууц биш. Хөөрхий ганц багш энэ бүхнийг хянах, чиглүүлэх боломж
нөхцөл маруухан. Ингээд даалгавар шалгахад 10-15 минутыг зараад залгуулан шинэ
хичээл зааж эхлэнэ. Сурах бичигтэй холбогдсон дээрхи хүндрэл байдаг болохоор
сурагчдын ихэнхи нь шинэ үгээ цээжлээгүй, дүрмээ ойлгоогүйн улмаас хичээлд
хандах хандлага сулхан байх нь ойлгомжтой. Тэгэхээр даалгавар шалгаж байх үед
эхлэсэн нөгөө назгай байдал хичээлийн турш сэмээрхэн үргэлжилнэ. Багш ч гэсэн
ийм байдалтай зугуухан эвлэрдэг бөгөөд өөрчлөе ч гэсэн аргаа мэдэхгүй,
өөрчлөлөө ч гэсэн цалин хөлс амьдрал ахуйд нь нэмэр болохгүй тул тэгсхийгээд
биед амар шиг байж байгаад хонх дуугарахыг хүлээнэ. Намайг бага дунд болон их
сургуульд сурч байхад гадаад хэлний сургалт иймэрхүү байдалтай байсан бөгөөд
одоо ч байдал нэг их дээрдээгүй харин ч улам дордсон байх магадлалтай юм. Учир
нь бидний бага залуу үед орос хэлний сургалтанд тухайн үеийн “Нам засгаас”
ихээхэн анхаарч төрийн бодлогын хэмжээнд тавьдаг байсан тул орос хэлний сурах
бичгүүд харьцангуй чанартай, багшлах боловсон хүчний чадавхи жигд өндөр байсан
билээ.
Дээрх байдал хаа сайгүй ноёлж байгаа болохоор цөөн тооны биеэ дайчилж, чөлөөт
цагаа гадаад хэл сурахад зөв ашиглаж чаддаг суралцагсдыг эс тооцох юм бол олонх
нь гадаад хэлний хичээлд дур сонирхол буурч түүний хэрээр сурсан мэдсэн
зүйлсээр хомс хоцордог. Хүмүүсийн гадаад хэл сурах хүсэл тэмүүлэл ихсэж
байгаагийн эсрэг манай гадаад хэлний сургалтанд оршиж байгаа дээрх мэт назгай
байдлыг зарим зальжин улс овжин ашиглаж гадаад хэлийг “Амар хялбар сурах
аргуудын” талаар лекц уншин, ном хэвлүүлж өвөр түрийгээ түнтийлгэхийг санаархах
боллоо. Би энэхүү гадаад хэлийг сурах дөт арга замын талаарх бэсрэг номондоо
дээрх мэт хөнгөн хийсвэр “Арга зам” гэгч нь таны гадаад хэлийг сурах холын аянд
төдийлөн тустай нөхөр байж чадахгүй, иймэрхүү үг яриа хэлний өндөр боловсролтой
хүний амнаас гарах учиргүй гэдгийг онцлохын ялдамд манай өвөг дээдсийн буй
болгож бидэнд өвлүүлсэн гадаад хэлийг сурах “Эртний монголын гэрийн сургалтын
аргын” талаар цэгцтэй ойлголт өгөхийг хичээсэн болно.
Шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө цагт бид ганц хэлийг сурч ядаж байхад манай
өвөг дээдэс ардын хувьсгалын өмнө эсгий гэрт, өөхөн дэнгийн гэрэлд “Эртний
монголын гэрийн сургалтын аргаар” монгол бичиг, манж, хятад, төвд, самгарьд
зэрэг дорно дахины таван хэлэнд нэвтэрхий гүүш, мэргэдийг бэлтгэн гаргаж байсан
нь хол ойр алдар суугаа дуурсгах бүтээл туурвиж байсан байна. Энэхүү арга
ухааныг орчин үеийн гадаад хэлний сургалтанд бүтээлчээр хэрэглэж чадваас
сурагч, оюутанд хоёр гурван гадаад хэлийг төвөггүй сургаж болох бөгөөд түүний
хэрээр хувь хүний хүмүүжил боловсролын чанар дээшлэх нь ойлгомжтой. Ингээд
гэрийн сургалтын аргын зарим онцлогоос та бүхэнд тайлбарлан өгүүлье. Та бүхэн
мэргэн оюундаа дүгнэж цэгнээд өөрт тохирсон ашигтай аргыг боловсруулан гадаад
хэлийг амжилттай сурахдаа хэрэглэнэ гэж найдаж байна.
Хоёр настай хүүхэд хорин настай залуу
Хүүхэд хоёроос гурван нас хүрэх зуур гэр бүлийн хүрээний ойр зуурын ярианы
хэлийг бүрэн ойлгож өөртөө тохирсон хэмжээнд ярих чадварыг эзэмшсэн байдаг.
Харин хорин настай залуусын тухайд хэл сурах гэдэг тун амаргүй хэрэг болон
хувирдагийн нууц юу? Энэ асуултанд гадаад хэлийг сурахтай холбоотой хувь хүний
зүгээс хамаарах бэрхшээл нуугдаж байгаа юм. Манай олонхи хүмүүс энэ асуултанд
“Хүүхэд бага байхдаа хэл сурах авьяастай байдаг. Харин том болох тусмаа тэр
авьяас нь алга болдог.” гэсэн иш үндэсгүй явган яриагаар хариулж бие биеийнхээ
сурах идэвхийг бууруулдаг шүү дээ. Бурхны сургаал энэ асуултанд хамгийн үнэн
зөв төгс төгөлдөр хариултыг өгч чаддаг байна. Энэ сургаалын дагуу бол хүний
билиг оюун нь төрөлхөөсөө ямар ч хэцүү мэдлэг ухааныг ойлгон сурах чадвартай
байдаг ажээ. Буддын шашинд билиг оюуны бэлгэдэл Манзушир бурхныг баруун гартаа
хурц илд барьснаар дүрсэлсэн байдаг нь дайнч байлдаанч гэсэн утгыг илэрхийлж
байгаа биш харин хүн “Билгийн чанадад” хүрч чадваас үхлийг хүртэл ялан дийлж,
зовлонгоос эгнэгт ангижран мөнхийн хутгийг олж болох юм шүү гэсэн гүн нарийн
утгыг бэлгэдсэн хэрэг ажээ. Дөнгөж төрсөн хүүхдэд билиг оюуны энэхүү чанар нь
онцгой хурц хэвээрээ хувиралгүй хадгалагдаж байдаг тул хэл хэмээх нарийн
системийн учрыг төвөггүй ойлгож сурч чаддаг ажээ. Харин хүүхдийн нас нь
нэмэгдэх тусам гэр бүлийн болоод байгаль нийгмийн янз бүрийн нөлөөлөлд билиг
оюун автан түүний мөн чанар тоосонд дарагдаж байгаа мэт бүдгэрч ирдэг байна.
Өөрөөр хэлбэл өсч томрохын хэрээр элдэв бодлын тоос билиг оюуныг улам бүр дарж
байдаг тул хоёр настай хүүхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн хувьд
гадаад хэлийг сурах явдал амаргүй хэрэг болон хувирсан байх болно. Нас ахих
тусам улам бүр зузааран билиг оюуныг тоос мэт бүрхэж байдаг элдэв дээдийн
бодлыг Бурхны сургаалд “Нисваанис”, “Түмэн бодол” гэхчлэн нэрлэдэг.
Дээр өгүүлсэн бүхнээс үзэхэд хоёр настай хүүхэд хэл суръя ч гэж бодохгүй зөвхөн
билиг оюуны хурц чанартаа дулдуйдан байгалийн аясаар хэл сурчихдаг. Харин хорин
настай залуугийн тухайд гэвэл гадаад хэлний хичээл дээр сууж байхдаа тухайн
хичээлд анхаарлаа хандуулахын оронд “Гэдэс өлсөж байх чинь.”, “Энэ хичээл
хурдан дуусаасай.”, “Монголд ч гадаад хэл сурахгүй юм шиг байна аа. Болж өгвөл
нутагт нь оччихвол хурдан сурна байх даа.”, “Хурдан харьж FM-ээ сонсох юмсан.”,
“Өнөө орой бүх телевизээр солонгос кинотой юм байна лээ шүү дээ.” . . . .гэх
мэтчилэн есөн шидийн бодол толгойд нь эргэлдэж байдаг. Тэгвэл энэ байдлыг
арилгаж хоёр настай хүүхэд шиг болчихвол, өөрөөр хэлбэл билиг оюуныг тоос мэт
бүрхэж, төрөлхийн хурц чанарыг нь бууруулж байдаг “Түмэн бодлоос” чөлөөлөгдөж
зөвхөн гадаад хэл рүү билиг оюунаа төвлөрүүлж чадах юм бол хорин настай
залуугийн хувьд хоёр настай хүүхдээс илүү сайн гадаад хэлийг сурах боломжтой
болдог байна. Манай өвөг дээдэс Бурхны сургаалын номлосон энэхүү зүй тогтлыг
эрт дээр үеэс нарийн сайн мэддэг байсан тул “Гэрийн сургалт” хэмээх аргыг
боловсруулж дорно дахины таван хэлтэй сод мэргэдийг бэлтгэн гаргадаг байжээ.
“Эртний монголын гэрийн сургалтын арга” нь өвөг дээдсээс маань бидэнд өвлүүлэн
үлдээсэн хосгүй нандин соёлын өв тул бид мэдээллийн эрин зууны ололттой түүнийг
бүтээлчээр хослуулан ашиглаж чадвал гадаад хэл суралцагсдад наад зах нь таван
хэлийг төгс эзэмшүүлэх боломжтой.
Ганц хэлийг ч олигтойхон сургачихаж чадахгүй байгаа өнөө үед таван хэлийг төгс
суралцана гэдэг амаргүй сонсогдож байж болох юм. Харин хүндийн гол төв нь усны
дор оршдог мөсөн уулын онолоор авч үзэх юм бол таван хэл гэдэг зөвхөн үзэгдэх
тал бөгөөд дээрхи сод мэргэд гүн ухаан, тэжээхүй ухаан, төр барих зэрэг бусад
нарийн төрөл мэргэжлийн эрдэмд мөн л нэвтэрхий сайн байсан байж таарна.
Энэ бүхнээс дүгнэн хэлэхэд хүний гадаад хэл сурах авьяас бага настай хамт ул
мөргүй алга болдоггүй гагцхүү та элдэв бодолд автан гиюүрч байдгаа таягдан хаяж
хамаг анхаарлаа гадаад хэл сурах үйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд
чинь байж байдаг гэдгийг байнга санаж явагтун. Харин түмэн бодлоос яаж ангижрах
аргын талаар доор өгүүлсү.
үргэлжлэлийг эндээс:
Эх сурвалж: http://gegeecollege.blogspot.com/