
“Сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аялалын багт Дарьганга нутгийн нэрт морин хуурч Л.Цэдэвсүрэн дөрөө нийлсэн юм. Соёлын өв тээгч Цэдэвсүрэнгийн морин хуурын эгшиглэнт аялгуу нь домогт Шилийн Богдын оройн салхинд дарцаглаж, Ганга нуурын торгон долгиотой цуг мяралзаж, эртний чулуун хөргүүдтэй хүүрнэж байлаа. Монголчуудын язгуур өв эрдэнэ болсон морин хуурын эгшгээр уул ус, газар дэлхийн эзэдийг аргадан тайтгаруулах нь аялалын нэгэн сондор болж байжээ. Онгон сумын нутаг Шартын хадны салхинаа дарцаглах хуурын аялгуу байгаль хүн хоёрын хүйн холбоог хүүрнэн дуурсах агшин гэрэл зургийн хальснаа ийн буужээ.
Гэрэл зургийг: С.Бадрал
О.НАРАН