Сирийн дайн Орост нэмэлт орлого авчирна

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Сирийн дайн Орост нэмэлт орлого авчирна

Сирийн дайнаас болон Ойрхи Дорнодын нефтийн нийлүүлэлт тасалдах аюул байгаагаас нефтийн үнэ өснө. Эдийн засагчид  баррель нефтийн үнийг 120 ам.доллар зарим нь 150 ам.доллар хүртэл өснө гэсэн хүлээлттэй байна. Оросын нефтьчид үүний улмаас 70 тэрбум ам.долларын нэмэлт орлого авах боломж байгаа. Оросын төсөв алдагдалгүй болсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь түр зуурынх юм.

Барууны орнуудын Сирид хийж болох цохилт нь Ойрхи Дорнотын нефтийн нийлүүлэлтийг  хүндрүүлнэ гэсэн болгоомжлолын улмаас нефтийн үнэ өсч байна. Химийн зэвсэг хэрэглэсний гол буруутан болоод байгаа Башар Ассадын хүчний эсрэг байлдааны үйл ажиллагааг ойрын үед  явуулна гэж АНУ ба тэдний холбоотнууд Сирийн сөрөг хүчинд  мэдэгдсэн байгаа.

Нефть өнгөрсөн долоо хоногт 5-6 ам.доллараар үнээ нэмлээ. Сирийн сөргөлдөөн дэлхийн нефтийн гуравны нэгийг олборлодог Ойрхи Дорнодод тархаж магадгүй гэсэн айдас  үнийг өсгөлөө гэж Reuters дамжуулав. Энэ үеэр Brent нефтийн үнэ зургаан сарын хамгийн дээд хэмжээнд очин нэг баррель нь 117,23 ам.доллар хүрч үзэв. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн арилжаагаар Brent нефтийн нэг баррель нь 1,24 хувиар нэмэгдэн 115,44 ам.доллар болсон байна.

Орост ашигтай

Үнэтэй нефтьнээс Орос ноцтойгоор хожиж магадгүй. Одоо гэхэд л орос рубль нэмэх болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт рублийн арилжаа өссөн байна. Харин Оросын хувьцааны зах зээлд үнэтэй нефть нөлөөлж чадахгүй л байна. Өнөөг хүртэл нефтийн тарилгаар бүтсэн Оросын төсөвт Ойрхи Дорнодын  өрнөж буй хэрэг явдал нь шууд л буян авчирна. 2013-2015 онуудад нефть, байгалийн хийн орлого нь холбооны төсвийн орлогын 44-46% болно гэж  Е.Т.Гайдарын нэрэмжит Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн шинжээчид  тооцоолжээ.

Төсвийн төсөлд нийцэх нөхцлөөр Urals  маркийн нефтийн дундаж үнэ 1 ам.доллараар гэж үзэхэд нефть, байгалийн хийн ашгийн хэмжээний үзүүлэлтийг 1% (70–75 тэрбум рубль) нэмэгдүүлэх ажээ. Энэ томьёоллын дагуу өнгөрсөн долоо хоногт 5-6 ам.доллараар нэмэгдсэн нефтийн үнэ нь нефть, байгалийн хийн орлогыг 350–450 тэрбум рублиэр нэмэгдүүлж магадгүй.

“Үйл явдлын үндсэн ашигтан нь ОХУ-ын төсөв. Энэ жилд төсөв алдагдалгүй гарах магадлал маш ихэслээ” гэж «Регион»  гэх судалгааны газрын захирал Валерий Вайсберг ВЗГЛЯД сонинд өгүүлжээ.

Гэхдээ оросын ашиг нь Сирийн дайн Ойрхи Дорнодын нефтийн нийлүүлэлтэд саад хийж чадах уу гэдгээс хамааралтай. Мөн нефтийн үнийн өсөлт аль зэрэг удаан үргэлжлэх вэ? ямар төвшинд хүрэх вэ гэдэг нь бас нөлөөлнө. Эдгээр асуудлаар шинжээчдийн санал бас өөр өөр байна.

Богино хугацааны тренд үү эсвэл үгүй юу

Зарим шинжээчид Ойрхи Дорнодын нефтийн нийлүүлэлт тасрана гэдэгт эргэлзэж байгаа. Тэр нь зөв байж магадгүй. “Сири өөрөө нефтийн гүрэн биш, иргэний дайнаас болоод тус орны нефтийн олборлолт энэ жилийн хавраас бараг бүрэн зогссон байгаа. АНУ ба түүний холбоотнуудын бөмбөгдөлтийн дараа Сирийн сөргөлдөөн бусад орнуудад нь тархана гэдэг логикгүй” гэж «Открытие» гэх брокерийн конторын  Алексей Павлов хэлж байна. Түүнийхээр  бол өнөөгийн энэ өсөлт нь дамлангийн шинжтэй гэнэ.

Ойрын хугацаанд хар алтны үнэ 120 ам.доллар ба түүнээс хэтэрсэн байна гэж Павлов хэлээд тэр нь түр зуурын үзэгдэл гэжээ. Баррель нефтийн үнэ нэг ам.доллараар нэмэгдэхэд Оросын төсөвт 70-75 тэрбум рубль орно гэдэг нь жилийн дундажаар авсан томьёолол учраас өнөөгийн энэ өсөлт нь эцсийн дүнд төдийлөн нөлөөлөхгүй гэж Павлов үзэж байна. “Одоогоор жилийн дундажийг гаргахдаа өмнөх жилийнх нь төвшингөөр авч үздэг. Тэгэхлээр манай нефтийн компаниудын  ашиг 2012 оных шиг л байна” гэж шинжээч үзэв.

Харин AForex-ийн шинжээч Нарек Авакян түүнээс эсрэгээр хэлж байна. Дэлхийн нефтийн гуравны нэг нь олдорлогддог Ойрхи Дорнодын байдлын ямар ч хурцадмал асуудал олборлолт унах эрсдэлтэйгээр нефтийн үнийг өсгөдөг. Израиль “Хезболлах”-тай байлдсан 2006 онд ч тийм л байлаа. Нефтийн том нөөцгүй Ливанд хэрэг явдал өрнөсөн ч  WTI нефтийн баррелийн үнэ 15%-иар нэмэгдэн 75 ам.доллар болсон юм хэмээн Авакян тайлбарлав. Тиймээс хэрэв бүсэд дайн дэгдвэл Brent, WTI нефтийн нэг баррель нь 150 ам.доллараас дээш үнэтэй болно гэж тэр өгүүлжээ.

Societe Generale банкны эдийн засагчид Сирийн ажиллагааны эхлэл нь нефтийн нийлүүлэлт саарна гэсэн айдсын улмаас Brent  сортын нефтийн үнийг  28%-иар нэмэгдүүлэн баррель нь 150 ам.доллараар зарагдана гэсэн дүгнэлтийг хийжээ.

Тэр нь Оросын нефть, байгалийн хийн салбарт ашигтай. Хэрэв эдийн засагт  нефтийн салбарын эзлэх хувийг тооцоолоод үзэхэд нефтийн үнэ 10%-иар нэмэгдэхэд тэр нь нэмэлт 25-30 тэрбум ам.долларын ашиг авчирна. Үнийн өсөлт нь өнөөгийнхөөс 20-25 %-иар нэмэгдэн 150 ам.доллараас дээш гарахад нэмэлт орлого нь 60-70 тэрбум ам.доллар болно хэмээн Нарек Авакян тооцоолов.

Сөргөлдөөний хугацаа чухал

АНУ-ын цэргийн ажиллагаа ойрын өдрүүдэд эхэллээ гэхэд түүнээс үүдэлтэй нефтийн асуудал нь дайны хугацаанаас хамаарна. “Хэрэв Сирийн өнөөгийн эрх баригчид 2003 оны Ирак шиг хурдан унавал дэлхийн индексүүд өсч, нефтийн үнэ доош буух болно. Энэ нь нефть ахмад нь болох Оросын хувьцааны зах зээлийн хувьд уналттай байна гэсэн үг. Цохилтод хамгийн түрүүнд Роснефть, ЛУКОЙЛ, Газпром өртөнө. Гэхдээ тэр нь худалдан авах таатай цэг болох ёстой. 2003 онд ийм хөрөнгө оруулалтын стратеги ашигтай байна. Тэр цагт гол тоглоом нь ЛУКОЙЛ, Сибнефтийн үнэт цаасан дээр явагдсан юм. Харин энэ удаа Роснефть тэргүүлэх байх хэмээн “Альпери” компанийн судалгааны газрын захирал Александр Разуваев өгүүлэв. Гэхдээ ийм маягаар хэрэг өрнөнө гэдэгт тэр итгэлгүй байна.

Түүнийхээр бол нэлээд урт хугацааны  ажиллагаа явагдана. “Орос, Хятад хоёр Башар Ассадыг  хэрхэн дэмжих нь тодорхойгүй. Харин цэргийн холбоотон Иран нь сөргөлдөөнд оролцох магадлал өндөр. Барууны орнууд агаарын цохилт хийж, катар, Саудын Арабын дэмждэг террорист интернационал  байлдах болов уу. Одоогоор тэд Ассадын цэрэгт дийлдэгдэж байсан юм” гэж Александр Разуваев ярьж байна.

Энэ тохиолдолд үнэтэй нефть удаан тогтож, Brent хольцийн баррелийн үнэ 120 ам.долларт хүрч магадгүй. Тэр нь Европын холбооны эдийн засагт хүнд цохилт болно.  Харин Оросын төсөв ба рубльт дэмжлэгтэй. Цэргийн тогтворгүй байдал нь хөрөнгийн зах зээлд нэмэлт өдөөгч болох бөгөөд адилхан нөхцөлд ам.доллар, Америкийн улсын үнэт цаасыг дэлхийн зах зээл дээр хожилтой болгоно” гэж Александр Разуваев нэмэн хэлэв.

Сүйрэл, ядуурал ба дээрэм

Сөргөлдөөнөөс хожилтой нь Орос, Саудын Араб зэрэг нефтийн экспортлогчид байх юм. Гэхдээ тэдний нэмэлт орлого түр зуурынх байх магадлалтай. Үүний зэрэгцээ дайн өөрөө олон сөрөг  дагаварыг агуулж байна.

“Барууны түрэмгийлэл байсан Серб, Ливан, Ирак зэрэг газар бүрт эдийн засаг нь сүйрч ядуурал, дээрэм газар авсан байгаа. Сөрөг хүчний дайчид яллаа гэхэд Сирийг мөн л тийм хувь заяа хүлээж байна” гэж Разуваев өгүүлэв. Харин АНУ-ын эдийн засгийн өсөлтийн дайн гаргаж өгнө. ДНБ-ний өсөлт хоёрдугаар улиралд 1,7 хувьтай байна гэсэн хүлээлт бий. Оны эцсийн дүнгээр 2,5 хувийн өсөлтийг үзүүлнэ гэдгийг тэр бас хэлжээ.

“Хэрэв Сирийн өнөөгийн засаг унавал Европ дахь Газпромын байрыг  Катар эзлэх магадлалтай. Энэ тохиолдолд Хойд Кавказыг цэрэг улс төрийн байдал хурцдана. Манай хойд Кавказ нь террорист интернационалын дараагийн бай. Түүнийг байчдын лидерүүд нь хүртэл нуухгүй байгаа” хэмээн ВЗГЛЯД сонины тоймч өгүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж