
Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Засгийн газрын урилгаар энэ сарын
11-14-ний хооронд тус улсад ажлын айчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр
Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий
сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээр хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Эдийн
засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/-ны удирдлага болон Монголд
хөрөнгө оруулах сонирхолтой Японы томоохон компанийн төлөөлөгчидтэй
уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцох бололтой.
Ерөнхий сайдын Япон улсад хийх ажлын айчлалын албан мэдээний
зах зухаас сонирхоход нэг иймэрхүү. Харин улстөр, эдийн засгийн
хүрээнийхний дунд Ерөнхий сайдын Япон явах шалтгааныг эдийн засгийн
хямралтай холбон тайлбарлаж байгаа юм. Нүүрсний экспорт буурч, төсвийн
алдагдал их наядаар тоологдож, валютын урсгал татарсан энэ үед Ерөнхий
сайд дотоод асуудлаа цэгцлэхээс илүү гадаад айлчлалд анхаарал тавих
болсон нь олны анхаарлыг зүй ёсоор татаж буй. Тэр тусмаа есдүгээр сарын
16-нд болох ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголоос илүү
Японы айчлалыг нэгдүгээрт тавьсан нь эдийн засагт амин чухал нэг
асуудлыг япончуудтай ярилцах нь гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа юм.
Засгийн
газрын гишүүнээр томилогдсоноос хойш дотоодын хэвлэлийнхнээс зай барих
болсон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнгөрсөн долдугаар сард
“Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ Японоос асар их мөнгө
авахаар болсон талаар ам алдсан. Арлын орноос авах асар их мөнгөөр
/өөрийнх нь хэлснээр/ эдийн засгийг тэтгээд өгнө гэсэн сайдын яриа
хуучраагүй байгаа.
Энэ өнцгөөс харсан ч, айчлалд багтсан
уулзалт хэлэлцээрийн хөтөлбөрөөс дүгнэсэн ч Монгол Улсын Ерөнхий сайдын
Японд хийх айчлалын гол зорилго нь тодорхой байна. Уул, уурхай, дэд
бүтэц, барилгын салбарт хөрөнгө оруулахыг япончуудаас гуйхын тулд
Ерөнхий сайд тус улсыг зорьж байгаа нь үнэн гэдгийг ч албаны эх сурвалж
үгүйсгэсэнгүй. Ялангуяа Тавантолгой төсөл дээр япончуудтай хамтран
ажиллах сонирхолтой байгаа бөгөөд үүнийхээ оронд хувь, хувьцаа
эзэмшүүлэх, нүүрсээ өгөх маягаар өр зээлээ төлөх гэрээ байгуулахаар
ярилцаж буй аж.
Газрын хэвлийн доороо 6,4 тэрбум тонн коксжих
нүүрсний нөөцтэй Тавантолгой төсөлд оролцох хүсэлтээ япончуудаас удаа
дараа ирүүлж байсан. Н.Алтанхуяг хамтaрсан Засгийн газрын Тэргүүн шадар
сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг
ахалж байсан юм. Тухайн үед Монгол,Орос, Хятад, АНУ гэсэн хувь
эзэмшигчтэйгээр Тавантолгой төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ч
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг шийдвэрийг буцаасан билээ.
Япончуудаас зээлсэн мөнгөөрөө “Эрдэнэс Тавантолгой”-н Чалкод тавьсан
өрийг төлөхөөр ярьж байгаа гэнэ. Япончуудын хувьд Тавантолгойн төслөөс
гадна Монголоос газрын ховор элемент олборлох сонирхолтой байдаг нь
худлаа биш. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах,
ялангуяа нарны эрчим хүчийг ашиглан говьд томоохон сэргээгдэх эрчим
хүчний цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа
Ерөнхий сайд асан С.Батболдын айчлалын үеэр япончууд дуулгаж байсан.
Тэгвэл
энэ удаад ч эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг манай
талаас дахин тавих бололтой. Нөгөө талаар япончуудын зүгээс Монголын
орон сууцны салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолоо ил далд
илэрхийлсээр ирсэн. Япончууд Монголын орон сууцны салбар дахь иргэдийн
моргэйжийн өрийг Засгийн газраас худалдан авах санал тавьсныг ч албаны
хүн ярьж байна.
Гэхдээ япончуудын зүгээс Монголд хөрөнгө оруулалтын орчин муудсан, хууль
дүрэм нь хатуу, татварын орчин нь таатай бус гэдэг шүүмжлэлийг хэлж,
хөрөнгө оруулахдаа болгоомжилж буйгаа илэрхийлжээ. Тиймээс Эдийн засгийн
яамны боловсруулж байгаа Хөрөнгө оруулалтын хууль Ерөнхий сайдын
айчлалын багийнхны япончуудад дуулгах гол сонин нь байх болов уу.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Японд хийх айчлалын багт Уул уурхайн болон
Эдийн засгийн хөгжлийн сайд багтаж байгаа юм. Тэгэхээр арав хүрэхгүй
хоногийн дараа арлын улсыг зорихоор бэлтгэлээ хангаж буй Ерөнхий сайдын
айчлалын гол зорилго биелэгдэх болтугай гэж аян замын ерөөл өргөе.