Ээлжит бус чуулганаас юу хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганаас юу хүлээх вэ?

-Эдийн засгийн ээлжит хямралтай зэрэгцэн Засгийн газрыг ганхуулах уу-

Хэрүүл маргаан, гомдол, хямралын сургаар идэвхждэг уламжлал ёсоор Засгийн газрыг огцруулах тухай цууриа хадаж эхлэв. Намаа шинэчлэнэ гэсэн уриатай гарч ирсэн МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан тушаалаасаа огцрохыг шаардлаа. Өмнө нь ч Засаг огцруулах тухай яриа дэгдээд /эсвэл дэгдээгээд/ амжсан. Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлага тавиад байгаа МАН-ынхан ч эрх баригчид руу хатуу үг чулуудах нь тодорхой. Сөрөг хүчний байр сууриа саяхнаас ойлгож эхлээд байгаа МАН хэдийнэ шүүмжлэлээ талбиад эхэлсэн болохоор.

Иймэрхүү “хачир” сэлтийг нь бэлтгэсэн “хөрс”-өн дээр тулгуурлаад Засгийн газрыг огцруулах тухай том төлөвлөгөө зохиогсод дагалдаад дараагийн танхимын бүрэлдэхүүнийг таамаглаж, бор, шар шувуу нисгэгчид хэдийнэ “ажил”-даа орсон хэрэг биз, янз бүрийн яриа таамаглал дэгдэж байна. Үүний зэрэгцээ хэн хэнтэйгээ хэрэлдэж, хатуу үг шидэж, огцруулж дөнгөх эсэх тухай амттай хов, харууштай жүжиг дэглэхээс илүүтэй олон нийтийг эдийн засгийн асуудлууд түгшээж байгаа болов уу? Тийм ч учраас эдийн засагчид, мэргэжилтнүүдийн хувьд бол улс төрийн ямар нэгэн тоглолтоос илүүтэй санхүү, эдийн засгийн асуудалдаа илүү анхаарал хандуулаасай гэсэн анхааруулгыг өгч буй.  Өөрөөр хэлбэл, одоо нэгэнт тасалдал үүсээд байгаа төсвийн тодотголоо яаралтай хийх. Оны эцэс гэхэд сох дутагдах нэг тэрбум 500 сая төгрөгийн /өмнөх жилийн төсвийн 1/3 хувь/  зардал, хөрөнгө оруулалтыг энэ богинохон хугацаанд яаралтай, танаж хасах шаардлагатай гэсэн үг. Улстөрчдийн хувьд төсвийн орлогыг баруун солгойгүй цацаж чаддаг мөртлөө зардал, хөрөнгө оруулалт, ялангуяа өөрсдийнхөө болон сонгогдсон тойргийнхныг танаж хасна гэдэг жинхэнэ улс төрийн “эр зориг” шаардсан хэрэг болой. Үүний оронд харин Засгийн газрыг огцруулах нь амархан бөгөөд магадгүй улс төрийн ашиг хонжоо ч олж болох ажил мэт. Гэвч хамрын яг үзүүрт тулгараад байгаа санхүүгийн асуудал, дээрээс нь гадаадад үүсээд байгаа нөхцөл байдал Засгийн газрыг хөдөлгөхөд ч бэрх болгоод байна. Дэлхийд гайхуулах хоёр ордынхоо нэгнийх нь нүүрсийг аль хэдийнэ урьдчилж зараад мөнгийг нь аваад идчихсэн, нөгөөхийнх нь жинхэнэ далд үүцийг задлах ёстой хөрөнгө оруулалтын асуудалд мухардал үүсчихсэн. Мөнхүү хөрөнгө оруулалтын, хууль орчин нөхцлөөс болоод гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ-гацаа үүсээд байгаа яг энэ үед Монголд Засгийн газраа огцруулах гэх мэтээр улс төрийн амьдрал тогтворгүй байх ахул муу дээрээ муу, муухай дээр улцан гэдгийн үлгэр болно. Тийм ч учраас улстөрийн нөхцлөө тогтвортой байлгах гэсэн хүсэл, эрмэлзэл хаа хаанаа байгаа нь тодорхой. Тэгээд ч Засгийн газраа хөмрөөд хаячих уу гэхээсээ илүү хямралыг яаж бага хохиролтой туулан гарах вэ гэдэг асуултын хариулт л чухал байна.

Нөгөө талаас нэгэнт ийм хямралтай тулчихаад байгаа Засгийн газрын халааг авах хүсэл хэнд байх билээ? Н.Алтанхуягийн танхимынхан өмнөх Засгийн газрын баасыг базаж, балгийг арилгах гэж ядаж байна гэж үсээ үгтээдэг болохоор, ийм хүнд нөхцөлд дэнжигнэж ядаж байгаа танхимыг унагаагаад өөрөө тэргүүн нь болохыг зориглож чадах “тэнэг” хэр олон байх бол, мэдэхгүй. Ямар ч гэсэн улс төрийн хүрээнийнхэн дунд Н.Алтанхуягийн Засгийн газартай хариуцлага тооцож, жавтий хүртээн бус сульдаж ядсан эдийн засагтай хөөрхийсийг духан дээр нь хүйтэн жин тавьж байгаад ч болох нь ээ цааш алхах, дараагийн даваа, ирмэгийг туулах ёстой гэж үзэгсэд жинтэй байгаа бололтой.

Угаасаа ч Ардчилсан намынхан “дотор”-оосоо л ихээхэн хүчин чармайлт гаргахгүй бол дан ганц сөрөг хүчний үг, үйлдлээр танхимаа огцруулж байсан нь үгүй шахам болохоор засаг огцруулах тухай энэ удаагийн яриа тийм ч бодитой биш байх магадлалтай. Ийм үед Н.Алтанхуягтайгаа, Засгийн газартайгаа шавхай, шуургыг ч туулаад өнгөрөөх шийдэлд хүрч байгаа бололтой. Хямрал ирдэг, бас эдгэдэг. Хэр хохиролтой туулан гарах нь вэ л гэдэг гол асуудал.

Энэхүү гол асуудлын шийдлийг гаргаж ирэх ёстой УИХ-ын чуулганаас олон нийт ихийг хүлээж байгааг эрхмүүдэд дуулгасуу.  Лав л Засгийн газрын огцролт биш.

А.АЛТАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №027

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж