Бяцхан төгөлдөр хуурчид амжилт арвин байна

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Бяцхан төгөлдөр хуурчид амжилт арвин байна

Хөгжим бүжгийн коллежийн  төгөлдөр хуурын  тэнхимийн эрхлэгч, соёлын тэргүүний ажилтан  Д.Нарантунгалагтай уулзаж ярилцлаа.

-Францад болсон төгөлдөр хуурчдын тэмцээнд танай коллежийн сурагчид эхний байруудыг эзэлсэн. Энэ сайхан мэдээнээс  яриагаа эхлэх үү?
-Одоогоос сар гаруй өмнө буюу гуравдугаар сарын 17-2-нд Франц улсын нийслэл Парис хотноо MILESZ MAGIN-ы нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан боллоо. Манай улсаас олон сурагч уралдаанд маш амжилттай оролцоод ирлээ. Энэ уралдаан нь  хоёр жилд нэг  удаа болдог том тэмцээн. Энэ жил 14 дэх жилдээ болж байгаа.  Манай улс  байнга оролцдог  уламжлал болсон уралдаан гэж хэлж болно.

Манай сурагчид эхний болон  хоёрдугаар байрыг тус тус  эзэлсэн. Уралдааны A,B,C гэсэн гурван ангилал, гурвууланд нь манай сурагчид оролцлоо. Ялангуяа B буюу  14-28 насны ангилалд хүүхдүүдээ оролцуулахыг  их хичээсэн.  Өмнө нь манайхаас их цөөхөн сурагч ордог байсан л даа. Энэ удаа долоон хүүхэд  маань бүгдээрээ амжилттай сайн оролцоод ирсэн. Миний сурагч,  ХБК-ын наймдугаар ангийн сурагч Г. Болормаа B ангилалд хоёрдугаар байр,C ангилалд тавдугаар ангийн сурагч  К.Солянзаяа хоёрдугаар байранд орсон.  

-Өмнөх тэмцээнүүдэд манайхан ер нь ямархуу амжилттай  оролцдог байсан бэ?
-Өмнөх жилүүдэд болсон уралдаанд манай хүүхдүүд амжилттай оролцож байсан. Энэ жил бүр илүү их амжилт үзүүллээ. Явсан бүх хүүхэд маань байранд орно гэдэг чамлахааргүй  том амжилт юм.Сургуулийн удирдлага мэдээж хэрэг маш сайхан хүлээн авч байгаа. Өнөөдөр л гэхэд Францад болсон уралдаанд амжилттай оролцсон багш сурагчиддаа баяр хүргэлээ. Сүүлийн үед манай сургуулийн сургалтын чанар,үзүүлэлт дээшилж  байна. Олон улсын уралдаан тэмцээнээс авсан шагнал ч ихэсч байна. Энэ бол сайхан жишээ төдийгүй бас амжилт гэж хэлж болно.

-Сургалт сайжирч байна гэсэн үг үү?
-Тиймээ.Сургалт сайжирч байна.

-Ер нь энэ уралдаанаас харахад таны өөрийн шавь нар түлхүү амжилт үзүүлсэн нь харагдаж байна. Энэ нь таны арга барилтай бас холбоотой байх?
-Бид бүгд л уралдаанд явахдаа байр эзлэх юмсан л гэсэн хүсэл эрмэлзэлтэй явдаг. Бусдаасаа илүү,сайн хүүхдүүд авч явдаг учраас тэд маань байр эзлээд л ирдэг. Түүнээс биш миний шавь илүү байгаад байр эзэллээ гэвэл хэтэрхий өрөөөсгөл ойлголт . Бүгдээрээ л сайн багштай,сайн хүүхдүүд.

-Энэ дашрамд асуухад  таны шавь нар  уралдаан тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Сайхан асуулт байна. Би шавь нараараа их бахархдаг. Сүүлийн таван жилд манай сурагчдын байр эзэлсэн байдлыг товч дурдъя. Красно- Ярск хотод болсон  олон улсын “ Надежда- 2007” уралдаанаас Г.Болормаа дөрөвдүгээр байр, Испанийн  Сан-Себастьян хотод болсон олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас Ч.Сувданцэцэг  хоёрдугаар байр, 2010 онд АНУ-ын Сан Хосе хотод болсон олон улсын уралдаанаас  Г.Болормаа  тусгай байр, мөн онд БНХАУ-ын Хөх хотноо болсон уралдаанаас Г.Ганзаяа нэгдүгээр байр, 2011 онд Францын Парис хотноо болсон М.Магнийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас “ С” ангилалд К.Солензаяа хоёрдугаар байр, “ В” ангилалд Г.Болормаа хоёрдугаар байр тус тус эзэлснийг дурдахад таатай байна.

-Та ХБК-д хэдэн жил ажиллаж байгаа билээ?
-25 жил ажиллаж байна. 1985онд ОХУ-д сургууль төгсч ирснээс хойш тасралтгүй энэ сургуульдаа ажиллаж байгаа . Энэ жил ажилласан жилийн баяр гэдэг утгаар хөдөлмөр алдрынхаа баярыг тэмдэглэсэн. Бүх сурагчдаа болон төгссөн сурагчдаа оролцуулаад тоглолт хийсэн.

-Таны шавь нар  одоо хаана, хаана  ажиллаж байгаа вэ?
-Бакалавраар сурч байгаа миний нэг шавь маань одоо Дуурь бүжгийн эрдмийн театрт концертмейстерээр  ажиллаж байна. Бас нэг шавь болох Б.Цацрал  ОХУ-д  Засгийн газрын тэтгэлгээр сурч байна. Ш.Саруул гээд шавь маань сургуулиа төгсч ирээд СУИС-д багшилж байна. Бас Бадмаараг  маань тэнд багшаар ажиллаж байна.  Нандинсувд, Эрдэнэцэцэг гээд хоёр шавь маань ХБК-д багшилж байгаа.

-Сүүлийн үед боловсролтой хүний бас нэг хийж чадах зүйлийн нэг нь төгөлдөр хуурын мэдлэгтэй байх хэрэгтэй гэж  хэлэлцдэг болжээ. Үүнийг та мэргэжлийн хүний хувьд  юу гэж боддог вэ?
– Зөв зүйтэй л хэрэг шүү дээ. Хүн өв тэгш хүмүүжил бас соёлтой байх нь илүү зүйл биш.  Тухайн хүн урлагийн гоо сайхны мэдрэмжтэй байна гэдэг сайн хэрэг. Энэ мэдрэмж, гоо сайхныг төгөлдөр хуур л өгдөг юм. Таны асуусанчлан сүүлийн үед иймэрхүү хандлага ихэсч байна. Өөрөөр хэлбэл төгөлдөр хуурын анхны мэдэгдэхүүнтэй, урлагийн мэдрэмжтэй болох гэсэн ийм хүүхдүүд манай сургуульд ихээр хандаж байгаа.

Хувийн сургуулийн сурагчид  бас олон улсын уралдаан тэмцээнд оролцож эхэллээ. Энэ бол  бахархалтай сайн хэрэг.

-Хүүхдийн хүмүүжлийн бас нэг хэлбэр нь төгөлдөр хуур гэж ярьдаг..

-Тийм. Тэгэлгүй яахав. Гоо зүйн мэдрэмжээс хүүхэд олон цаг хөгжмөө давтаж өөр юм хийх бололцоог хязгаарлаж, өмнөх зорилгыг нь тодорхой болгож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл  тэд өмнөө зорилго тавьж эхэлж байна.  Эхлээд яахав, шаардлагаар сурч болно, дараа нь аажимдаа энэ хөгжимдөө дурлаад ирдэг.  Сууж сурна. Дараа нь тархи нь хөгжинө. Цээжлэх авьяастай, мэдрэмжтэй болж эхэлдэг.

-Их зөөлхөн хүмүүс болдог юм шигээ..

-Мэдээж шүү дээ. Төгөлдөр хуурчид  хүн зодож, хэрэг хийсэн гэж би лав сонсоогүй юм байна. Уяхан сэтгэлтэй, их мэдрэмжтэй хүн болж төлөвшдөг  юм.

-10 жилийн дунд сургуулийн хөтөлбөрт хөгжмийн боловсролыг оруулах ёстой юу,  мэргэжлийн багшийн хувьд та юу гэж боддог вэ?
-Хөгжмийн боловсролыг заавал оруулах ёстой гэж боддог. Энэ санааг байнга дэмжиж явдаг.  Саяхан Шопены олон улсын уралдаан болсон юм. Энэ уралдаааныг дэмжсэн “ Урбанек” ХХК-ийн захирал Лхагважав  урлагт их дуртай, мэдлэг боловсрол их өндөртэй хүн л дээ. Тэр хүн  “Энэ урлагийн анхны боловсролыг 10 жилийн дунд сургуулийн хүүхдүүдэд олгуулах юмсан, Жанцанноров гуай та тэнгэрээс бууж ирээч ээ “ гэж хэлсэн юм гэнэ лээ. Зөвлөлтийн алдарт хөгжмийн зохиолч Кабеловский 10 жилийн сургуулиар явж, хөгжмийн анхны мэдэгдэхүүнийг өгч явсан түүх бий. Тэр мундаг хүн ийм мэдлэгийг өгнө гэдэг өгөөж нь төдийчинээ сайн байна гэсэн үг. Энэ чинээгээр хүүхдүүд хөгжимд дуртай болно шүү дээ. Дээр үед хүүхдүүдэд зориулсан дуурь тоглодог байсныг   санаж байгаа байх. Тэдгээр нь хажуугаараа хөгжмийн тоглолттой байдаг байсан. Энэ нь хүүхдүүдэд ойлгомжтой, бас сонирхолтой хэлбэр  байлаа л даа. Ийм сургалт маягийн тоглолт бодлогоор явагддаг байсан.  Одоо ийм тоглолт байхгүй болсон нь харамсалтай. Яагаад одоо тэр бүхнийг сэргээж болдоггүй юм бол гэж би хувьдаа их харамсдаг.

Бид ч гэсэн 10 жилийн сургуульд долоо хоногт нэг удаа , нэг цагаар ч хамаагүй хөгжмийн хичээл заахад болохгүй гэх юм байхгүй шүү дээ. Бодлогоор тэр бүхнийг шийдээд өгчихвөл бидэнд тийм хүсэл эрмэлзэл бий. Хүүхдүүд урлагийг мэдрэх мэдрэхүй нь өөрчлөгдөхөөс гадна хүнтэй харьцах соёл гээд дагаад өөрчлөгдөх юм их бий. Үүнийг би асар их дэмжиж явдаг.

-Манай өсвөрийн төгөлдөр хуурчдын төвшин ямархуу байна гэж боддог вэ, дэлхийд…?
-Өсч явна. Биднийг сурч байхад гадаадад уралдаан тэмцээнд явна гэдэг мөрөөдөл байлаа. Одоо бүх юм чөлөөтэй болсон. Би хааяа хүүхдүүддээ их атаархдаг. Миний аав намайг гадаад руу тэмцээнд явуулья гэж хүссэн ч тэр үед би явж чаддаггүй л байлаа. Одоо хүүхдүүд өөрөө хүсвэл интернэтээс мэдээлэл, аваад уралдаан тэмцээнд явах нээлттэй байна. Ийм  хүсэлт гаргаж байгаа хүүхдийг үнэхээр сайн байвал аваад л явж байгаа. Одоо манай сургуулийн хүүхдүүд өсч байна, хөгжиж байна.

Бид Зөвлөлтийн маш сайн багш нараар заалгаж байсан. Дараа нь Зөвлөлтөд төгссөн мундаг багш нараар заалгаж байлаа. Энэ дашрамд хэлэхэд ардын жүжигчин, профессор Т.Цолмон бол миний багш . Тэр бол агуу хүн. Түүнээр төгөлдөр хуур заалгаж байсандаа би маш их баярлаж явдаг даа. Бидний үе дамжсан энэ тогтолцоо үргэлжилсээр байх болно.

-Аливаа уралдаан тэмцээнд явахад спонсор чухал. Та бүхний спонсороор ямар байгууллага ажилласан бэ?
-Тэгэлгүй яахав. Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ болон тус банкны ажилтнуудад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Урлагийг дэмжиж, ялангуяа өсч яваа хүүхдүүдийг дэмжиж дэлхийн тавцанд гарах хүсэл эрмэлзлэлийг нь дэмжиж өгсөн тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Ивээн тэтгэгч байгууллагагүйгээр бид явах аргагүй шүү дээ. Сонгодог урлагийг дэмждэг байгууллага цөөхөн байна. Ирээдүйд ийм байгууллагын тоо ихсэх байх аа гэж найдаж явдаг даа.

Сонгодог хөгжмийн энэ хөгжил одоо нүдэнд үзэгдээд, гарт баригдаад ирж байгаа нь их том амжилт. Биднийг улам их дэмжээсэй, хүүхдүүд маань их авьяастай шүү гэдгийг эцэст нь хэлмээр байна.

О.Билэгт  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж