
Фото: Ammar al-Arbini / SHAAM NEWS NETWORK / AFP
Дамаскийн захын дүүрэгт химийн довтолгоо хийсний хариуцлагыг Сирийн албан ёсны эрх баригчид хүлээх ёстой гэдгийг нотолсон тагнуулын мэдээгээ Герман, Францын тагнуулчид ил гаргасан талаар "Der Spiegel" сэтгүүлийн есдүгээр сарын 2-ны дугаарт нийтэлжээ. Гэхдээ, Германы тагнуулын албаны мэдээнд үүнийг бүрэн хэмжээний дүгнэлт болох материал биш гэсэн байна.
Германы Тагнуулын албаны (BND) дарга Герхард Шиндлерийн хэлснээр, зарин гэх хорт хийтэй сум харвах техникийн боломж зөвхөн Засгийн газрын цэрэгт байдаг гэх. Дамаскийн дагуул хотод зарин хий хэрэглэснийг хордсон хүмүүсийн байдал харуулж байгаа бөгөөд эмч нарын хоорондын яриаг тагнуулчид "барьж авсан" гэх мэдээлэл байгаа ажээ. Дамаск хотоос босогчдыг шахан гаргах тулалдааны шийдвэрлэх үе болж байгаа учраас эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн BND тайлбарлажээ.
“Хезболлах” хөдөлгөөний нэрийг нь нууцалж буй нэгэн өндөр тушаалтны яриаг BND чагнаж чадсан бөгөөд тэр ярианд "Ассад алдаа гаргалаа" гэсэн хэсэг дурьдагджээ. Үүний өмнө Сирийн талаарх тагнуулын мэдээгээ Франц гаргаж тавьсан байгаа. "Reuters"-ын мэдээлснээр, химийн довтолгоог Засгийн газрын цэргийн хяналтад байдаг газраас хийсэн гэгдэж байгаа бөгөөд үүнийг хиймэл дагуулын зургууд гэрчилж байгаа гэх.
Ямартай ч "Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадын химийн зэвсэг хэрэглэсэн явдлыг шийтгэхгүй өнгөрөөж болохгүй. Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахын төлөө Франц зүтгэнэ" хэмээн Францын ерөнхий сайд Жан-Марк Эйро мэдэгджээ. Харин Германы канцлер Ангела Меркель хэлэхдээ "НҮБ болон Европын холбоо, НАТО-гийн мандатаар Герман Сирийн эсрэг дайнд оролцоно" гэсэн мэдэгдэл хийлээ.