&#34Нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлнэ&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

&#34Нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлнэ&#34

Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг нэгтгэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ байгуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2013 оны 9 сарын 3-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас тодрууллаа.

-Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл байгуулахаар боллоо. Нэгтгэж буй газрууд тусдаа үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэлтэй асуудал үүсдэг байсан бэ?

-Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар  НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг нэгтгэн, өөрчилж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгууулахаар боллоо. Улаанбаатар нэгтгэл 9 сарын 9-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Өмнө нь Хот тохижилтын газар НӨҮГ хотын ногоон байгууламж, тохижилт, Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ зам засвар, тэмдэглэгээ, Усны барилга байгууламж НӨҮГ борооны болон үерийн ус зайлуулах ажлыг хариуцан ажилладаг байсан. Зорилго нэг ч 3 өөр газар, 3 чиглэл, бодлого баримтлан ажиллах нь  ажлын үр дүнг багасгаж, нэгнийхээ хийсэн ажлыг нөгөө нь эвдэж сүйтгэх тохиолдол байсан юм. Түүнчлэн дээрхи газрууд зохион байгуулалтын хувьд үр ашиггүй зардал их гаргаж, хүн хүч, нөөц бололцоо тархай бутархай, машин механизмийн ашиглалт харьцангуй сул байснаас гадна байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аваар ослын үед нэгдсэн зохион байгуулалтаар ажилладаггүй. Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хирээр нийтийн үйлчилгээ үзүүлж чадахгүй олон байршил, газрууд шинээр бий болсон. Тиймээс нийтийн үйлчилгээг татвар төлөгчдөд соёлтой, чанартай үзүүлэхийн тулд эдгээр газруудыг нэгтгэж, ажлын үр дүнг гаргах зайлшгүй шаардлага бий болсон юм.

-Одоо эдгээр газруудыг нэгтгэснээр ямар өөрчлөлт гарна гэж үзэж байгаа вэ?

Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ байгуулснаар төсвийн хөрөнгийг хэмнэж, нийтийн эзэмшлийн зам талбайд 1 байгууллага, 1 бодлоготойгоор цогц  ажил үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээрээ нэгдсэн нэг удирдлагатай ажиллаж, тухайн байгууллагын нөөц боломж бололцоог зөв зарцуулж, нийтийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан техник технологид тулгуурласан шинэ тусгай машин механизмийг шинээр авч ажиллах юм. Эдгээр байгууллагуудын нийт 686 хүний орон тоог 2013 онд хэвээр үлдээж ажиллах бөгөөд 2014 онд бүтэц орон тоог өргөтгөн хүн хүчээ нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөж байна. Машин механизмын хувьд 155 гэсэн тоо байгаа боловч ажиллаж байгаа нь цөөхөн тул эдгээр машин механизмаа засаж янзлан ажиллуулах болно. Өвлийн анхны цас орохоос өмнө эдгээр байгууллагуудынхаа үйл ажиллагааг жигдрүүлж, хамгийн гол нь ажиллагсдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, ажлын байрны тогтвортой байдал нийгмийн асуудлыг шийдвэрлэн, цалин хөлсийг нь нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ байгууллагын хувьд нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүжих боловч, өөрсдийн нөөц боломжийг ашиглан хүссэн этгээдэд үйл ажиллагаа үзүүлж давхар орлого олох бүрэн боломжтой. Ингэснээр зөвхөн цалинд баригдах бус өөрөө орлого олох боломж бий гэсэн үг. Цаашид Улаанбаатар нэгтгэл нь Захирагчийн ажлын албаны харьяанд байх боловч Нийслэлийн Засаг даргын орлогч нарын үйл ажиллагаатай нягт уялдаа холбоотой ажиллахаас гадна хотын зам арчлалт, ногоон байгуулалж, гэрэлтүүлэг, ус зайлуулах далан сувгууд гэх мэтчилэн ажлуудыг бүтэн жилийн турш тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнө нь хүн хүч, нөөц дутмагаас энэ ажлуудыг улирлын чанартай хийдэг байсан бол одоо өөр зохион байгуулалтад орж, жилийн турш 24/7 гэсэн горимоор ажиллаж зам арчлалт, тохижилт ногоон байгууламжийг тордож ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж