
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлэг энэ өдрийн хуралдаанаараа Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай төслийг хэлэлцээд, дэмжсэн байна. Энэ төслийн хүрээнд стратегийн орд газруудад гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувь эзэмшил ямар байхыг илүү тодотгож өгөх аж. Мөн бүлгээр Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар бүлгийн санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Ажлын хэсгийн дүгнэлт хараахан эцэслэгдэж гараагүй байгаа бөгөөд ирэх долоо хоногт эцэслэх гэнэ. Харин бүлгийн энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилох тухай, УИХ-ын дэд хороодын дарга нарыг томилох тухай асуудлыг хойшлуулжээ. Шалтгаан нь энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэгтэй зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн юм байна.
Г.Дарь