Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойроос Сайншанд хүртэл нутгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, ашиглалтад оруулаад байгаа билээ. Замын зорчих хэсгийг нээсэн бөгөөд 9-р сарын 5-нд улсын комисс хүлээж авахаар болоод байна.
Замыг АНУ-ын СТВ технологи буюу цементээр бэхжүүлсэн сууриар барьсан ба замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн” хийж гүйцэтгэсэн бол үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ. Замыг хайрган суурь, цементээр бэхжүүлсэн болохоор 80 хүртэлх тоннын даацтай автомашин явах боломжтой болсон байна.
Түүнчлэн Чойроос-Сайншанд хүртэл “176,4 км замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьжээ. ММСС-ийн хөрөнгө оруулалтаар Айраг сумын 1,7 км зам, Даланжаргалан сумын 1,1 км-ийг Сайншандтай холбон замыг ашиглалтад оруулаад байна.