
Өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт алдарт “Хунт нуур” балетыг тоглов. Урьд урьдынхаасаа ч олон хүн үзэхээр иржээ. Ер нь сүүлийн жилүүдэд театрын үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэж байгаа. Ялангуяа залуу үзэгчид давамгайлах болжээ. Өчигдрийн хувьд театрын 500 суудал дүүрч, бүр “Этүгэн” анагаах ухааны дээд сургууль, ШУТИС-ийн оюутнууд гуйсаар тасалбараа авч, бельтажнаас зогсоогоороо “Хунт нуур”-ыг үзэв. Тэдэнд сууж үзэх нь гол биш. Зөвхөн “Хунт нуур”-ыг үзэх, яруу тансаг хөгжмийг сонсох л чухал. Энэ өдөр “Хунт нуур” балетын хар, цагаан хунд театрын гоцлол бүжигчин Б.Саруул бүжсэн. Харин ханхүү Зигфридэд О.Ганцоож, хар санаат Ротбартад Х.Мөнгөнхөлөг, үзэгчдийг хамгийн ихээр хөгжөөдөг ордны алиа салбадайд А.Эрдэнэболд нар чадварлаг тоглосон. Үзэгчид ч өндрөөр үнэлж, харамгүй алга ташилтыг уран бүтээлчдэд илгээсэн. Үдшийн бас нэгэн гол эзэд бол симфони найрал хөгжимчид. Симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдаж, хүчирхэг, бас зөөлөн, гунигтай П.И.Чайковскийн гайхамшигт аялгууг үзэгчдэд мэдрүүлсэн юм.
Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байв. Дэлхийн шилдэг балет болох “Хунт нуур”-ыг үзэх тусам дурлаж, шунадаг. Дээрх оюутнууд ч энэ балетад, сонгодог урлагт дурласан биз.