Хархорумын “Монгол бичээс” гэж алдаршсан нүүрэн талдаа Mонгол бичиг, ар талдаа
хятад бичээстэй энэхүү хөшөө Их Монгол улсын нийслэл Хархорум хотод 1346 онд
Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар босчээ. Эл дурсгал нь бүрэн
бүтнээрээ үлдсэнгүй. Хэд хэд хагарснаас 8 хэсэг нь үлдэж хоцорчээ. Хятадын Мин
улсын цэрэг 1380 онд Хархорум хотыг эзлэн шатаах үед уг хөшөө эвдэрсэн бололтой.
Монгол-Германы хамтарсан шинжилгээний анги 2003 оны 8-р сард хийсэн малтлагаар
Эрдэнэ зуу хийдийн Цогчин дуганы сууринаас нэг бичигт хөшөөний хэсгийг малтан
олсон юм. Энэ нь Дундад зууны Монголын түүхэнд асар их үнэ цэнэтэй Хархорумын
1-р монгол бичээст хөшөөний хэсэг болох нь тогтоогдсон бөгөөд Хархорум хотын
түүх-археологийн судалгаанд чухал үйл явдал болсон билээ.
1-р монгол бичээст хөшөөний бичээсийг эрдэмтэд тайлж уншин, ном зохиолд
хэвлүүлж байсан юм. Энэхүү хөшөөний хагархай нь Хархорумыг нийслэл болгох
зарлиг буулгасан он, барилгын өндрийн хэмжээ, буддын шашины сүм гэх мэт маш
чухал мэдээг агуулсанаараа онцлог юм.
Хархорумын 1346 оны дурсгалын бичээс / хэсэгчилсэн орчуулга/
1. Тайзү Шэнвү хаан /Чингис хаан/ ширээнд заларсан 15 дахь он буюу гэн чэнь жил
/1220 он/ тэр Хэлин /Хархорум/ -ийг нийслэл /орд өргөө/-ээ болгохоор тогтов.
Тайзүн /Өгэдэй хаан/ хааны ивээлд бүх хүн амьтан энх тунх, өнөр өтгөн байлаа.
Хаан бээр /тэнд/ анх удаа нэгэн ордныг барьж байгуулав. Тиймээс нэгэн буддын
шашны сүм ч барилаа.
2. Барилгын суурийг тавьж, дээврийг барьж дуусаагүй байхад Сяньзүн хаан /Мөнх
хаан/ үргэлжлүүлэв. Биньчэн жил /1256/ /Сяньзүн /нэгэн том суварга босгов. Дээр
нь нэгэн сүрлэг сайхан асар барив. Тэнд цугларсан ажилчид барилгын ажлаа
идэвхийлэн гүйцэтгэж байх зуур хаан Шү /Сычуань/ -рүү өвлийн авд мордлоо.
Барилгачдын оронд чадварлаг хүмүүсийг авч ажиллуулав. /хаан/ /ажлын явцыг/
хянуулахаар элч байнга явуулж байв. Нөр их хөдөлмөрийн үр дүнд дуусгав.
3. Асар нь таван давхар байлаа өндөр нь 300 тохой. Хамгийн доод давхар дөрвөн
талдаа танхимтай. Танхим бүр долоон тасалгаатай, тэдгээрийг тойруулаад бурхан
багшийн дүр баримлуудыг байрлуулсан. Энэ нь ном сударт заасан ёсонд бүрэн
нийцжээ.
4. Жыда-ийн синьхай жил /1311/ Рэньзун хаан /Буянт хаан/ ширээнд залраад
/барилга байгууламж/ эвдэрч гэмтсэн тухай сонсов. Хаан бээр буддын шашны
хэргийг хариуцсан төлөөлөгч Чөсгэмийг засварт зориулсан мөнгө хүргүүлхээр
явуулжээ. Түүнээс 32 жилийн дараа жиньшэн оны цолтой рэньвү онд /1342/ хаан
/Тогоонтөмөр/ өвөг дээдсийнхээ уугуул нутаг болон хоёр гэгээн дээдэс уг
барилгыг бариулах гэж хичнээн их хүчин чармайлт гаргаж байсныг дурсав. Тэрбээр
тэрхүү газрыг сэргээн босгох ажлыг тусгайлан хянуулахаар чиэлань футунжы
/түшмэлийн цол/ Будашири, линбэй синжун шүшэн /түшмэлийн цол/ Өрөгтөмөр нарыг
тийш илгээв.
5. Түүнээс дөрвөн жилийн хойно барилга гайхалтай сайхан баригдаж дуусав.
Суваргыг тойруулан алтаар бүрэв. Харахад нүд гялбаж байв. Арын хувьд дотор
гадна, дээр дооргүй, бүхэлдээ, тус бүрдээ, эргэсэн, тойрсон газар бүр, илүү
гарсан, тэгш будаж, шунхадсан газар бүр нь өөгүй, цэмцгэр, төгс төгөлдөр бус
гэх юм нэг ч үгүй байлаа. Асрын хоёр давхар нь тус бүртээ гурван /дээр
дээрээсээ давхарласан гурван хавтастай/ хаалгатай, мөн үргэлжилсэн ханан
хэрмээр хүрээлэгдсэн байлаа. Үнэхээрийн гоёмсог шинэ асар босчээ.
6. Засгийн газраас 265000 гаруй хэлхээ мөнгөн тэмдэгтийн өртөг бүхий жунтун
цаасан мөнгийг гаргаж өгөв. Урьдынхтай харьцуулахад зардал хоёр дахин багассан
авч үр дүн хоёр дахин их байв.
7. Эзэн хааныг бинсю жилийн 11-р сарын 7 дахь өдөр /1346 оны 12-р сарын 19/
бараа бологчдын хамт Минрень ордны танхимыг үзэж байхад Жуншүшэн газрын нэгэн
түшмэл ажлаа танилцуулахдаа асрыг сэргээн засварлаж дууссаны дараа дурсгалын
бичээс сийлэхийг хааны гэгээнээ толилуулжээ. /Хаантан/ өөрийн албат, Ханьлиний
Академийн эрдэмтэн /Сю/ Южэнд бичиг зохиохыг үүрэг болгов.