Засаг үлдэх үү, бутрах уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Засаг үлдэх үү, бутрах уу?

Ажилгүй хүн шиг зусан аймаг, бүсийн наадам хэсэн цэнгэсээр Оюутолгой төслийн далд уурхайг зогсоох хэмжээнд аваачсан Н.Алтанхуягийн танхим Монголын эдийн засагт хямрал бодитой нүүрлээгүй хэмээн алгуурлаж суусаар ам.долларын монгол төгрөгтэй харьцах ханшийг 1640 төгрөгт хүргэв. Ченжүүдийн яриагаар ойрын үед “Ногоон”-ы ханш сулрахгүй нь. Гэтэл ам.долларын ханшийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөөд зогсохгүй бизнес эрхлэгчид үйлдвэрлэл явуулахад бэрхшээл үүсгэж бухимдаж эхэллээ. Тэд “Ийм Засагтай байснаас огцорсон нь дээр” хэмээн бачимдаж байна. Арга ч үгүй биз, бизнес хийх аятайхан эрх зүйн орчин бүрдүүлчихгүй атлаа юм болгон руу төр оролцож, бүхнийг булаан эзэрхийлнэ. Эс бөгөөс нэгийг хийх нэрийн дор нөгөөг сүйтгэж “хорлон сүйтгэх” ажиллагаа явуулж байхад хувийн хэвшлийнхэн тэсрэхээс яалтай. Уг нь бол жилийн өмнө Ерөнхий сайд их гоё зүйл ярьж суусан. Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай хоолой нийлүүлээд “2013 онд инфляцийг нэг оронтой тоонд барина” гэх амлалт өгч байв. Даанч хэлснээ хэрэгжүүлж чадсангүй, инфляийг хоёр оронтой тоонд шилжүүлчихэв. Цаашид ийм “хөлдүү” байдлаар Засгийн газрыг толгойлно гэвэл үнэхээр хэцүү. Намын нөхөд нь ч энэ асуудлыг хөндөж тавьж байна. Хэдийгээр тэд Засгийн газарт тогтвортой байдал чухал гэдэг үгийг дайж буй ч цаагуураа “Сануулаад байхад ажлаа сайжруулахгүй бол албан тушаалаас нь аваад шидчихэд юухан байх вэ” гэдэг мессежийг давхар шидэлсээр.

Уг нь ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Б.Ганбат нар “Алтан гадас” фракцийнханд сайнаар хандаж байсан нь тоотой. Боломж гарвал Ерөнхий сайдтай тулж, хатуухан үг чулуудаж ирсэн ч эцсийн дүндээ ажил сайжруулахын төлөө байв. Одоо харин тэд хүлээж цөхөө юу гэлтэй. Энэ тохиолдолд Засгийн газрыг огцруулахаар нэгдэхийг хэн байг гэх вэ? , бас ар талынх нь фракци том гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь, Ж.Батзандангийн ард УИХ-ын гишүүн З.Энхболдоор удирдуулсан Ардчилсан хүчний холбоо, Б.Ганбат гишүүний ард Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын толгойлдог МоАХ бий. Энэ хоёр фракци нам дотроо хүчтэйд тооцогдсоор ирсэн. Мөн өнгөрсөн жилүүдэд тус хоёр фракци намынхаа даргыг огцруулах ажиллагааг явуулж байсан ч тэр бүрийд оролдлого бүтэлгүйтэж Н.Алтанхуяг дарга босоо үлдэж байв. Харин одоо улс орны хувь заяагаар тоглосоор байвал олон жилийн оролдлогоо гүйцээж мэдэх мэх бодож суугаа ч юм билүү, хэн мэдлээ.

Ер нь тэгээд МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлагыг тавьчихаад сууж буйг АН-ынхны дохиураар хийж байж мэднэ хэмээн хардах хэсэг ч байна. Хэдийгээр огцруулах шаардлага тавьсан Шинэчлэлийн хорооны залуусын дийлэнх хэсэг парламентын гадна бүртгэлтэй ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын залуус дэмжээд дэвээд эхэлбэл намын бүлэг дотор нь алга ташин хүлээн авах гишүүд мундахгүй олон гарах биз. Тэртэй тэргүй Тавантолгойн тендэрээс эхлүүлээд, хоёр ч аймагт Ерөнхий сайд Засаг дарга томилж өгөхгүй гүрийсээр жил болох гэж буйд МАН-ынхан одоо хэр нь хорссоор суугаа. Дээр нь Өвөрхангайн тойргийн асуудал бий. Тооцоо бодвол олон зүйлд Ерөнхий сайд буруутай. Тиймээс есдүгээр сарын 16-нд зарлагдаж мэдэх төлөвтэй байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар цөөнхийн бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн бариад, олонхийн бүлгийн гишүүдээс “дайсны талынхан” гэх тодотгол зүүгсэд нь дэмжээд кноп дарвал Засгийн газрын хувь заяа хаашаа ч эргэж мэднэ. Харин ийм нөхцөл байдал үүсвэл  Ерөнхий сайд тэсэх болов уу. Хуулиараа Ерөнхий сайд огцорвол танхим тэр чигээрээ бутрахаас аргагүй. Засгийн газар огцрох нь хүсээд байх зүйл биш боловч олон, олон алдаатай ажиллагаа хийхийг зогсоох эцсийн арга ч байж мэдэх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж