Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Монгол маань хаачив?

Уншигчдын хүсэлтийн дагуу энэ сарын 22-нд болсон “Бүх ард түмний их хуралдай” дээр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үгийг нийтэлж байна.

Сүүлийн үед Монгол оронд зайлшгүй хариу шаардсан олон асуулт тулгараад байна. Харин эдгээр асуултад тэр бүр оновчтой хариу олдохгүй, төөрч будилах явдал бишгүйдээ гарч байна. Ялангуяа өнөөгийн эрх баригчид үнэхээр төөрч будилжээ. Тэд өөрсдөө төөрч, бусдыг ч мөн адил төөрөлдүүлэхийн тулд МАН-АНг бий болголоо.

МАН-АН бол нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэж, ард түмнээ ядуурал, ажилгүйдлээс авран гаргах гарц биш, харин өөрсдөө ард түмнийхээ хөрөнгө мөнгийг идэж шамшигдуулж байгаагаа нуун дарагдуулах, хэлсэн амласнаасаа бултаж зугтах, ард түмнийг хуурч мэхлэх гэсэн, гэнэдэж итгэсэнд бэлдсэн хавх мөн гэдэг нь хүн ардынхаа амь насыг хөнөөн хөнөөн байж, иргэдээ олноор нь эрэмдэг зэрэмдэг болгож, орон шоронд оруулан оруулан байж, 2008 оны луйврын сонгуулийн дүнг цаасан дээр “баталгаажуулсан”-аас хойш ард түмний 40 хувь нь ядуу зүдүү амьдарсан хэвээр, амласнаа хэзээ өгөх бол? хэмээн хүлээсэн хэвээр өнгөрүүлж буй өдөр хоног, сар, жил улиран одох тусам улам бүр ил тод болж байна.

Гэхдээ эрх баригчид нэг зүйлийг ойлгохгүй төөрч будилж байна. Тэд өөрсдийгөө хамгаалж, луйврын сонгуулиудаа нэг чичихэд л цоордог цаасан дээр баталгаажуулсан, харин ард түмэн тэр сонгуулиудын дүнг оюун ухаандаа хүчингүйд тооцсон, зүрх сэтгэлээрээ хүлээж аваагүй юм. Ийм луйвраар бий болсон төр, засгийг хууль ёсны бус, хууль эрх зүйн чадамжгүй төр, засаг гэдэг билээ.

Гэхдээ МАН-АН дотор одоогоор харьцангуй цөөн ч гэсэн төөрч, будилж буйг мэдэж ойлгож, энэ будлиантай МАН-АН-гаас салахсан гэсэн сэтгэлтэй шинэ Шинэбаяртангууд байгаа гэдэгт итгэж байна. Тийм эх орончид олон болоосой гэж ерөөж, ард түмэн тэднийг шудрага дуу хоолойгоо өргөн гарч ирж, ард түмнийхээ талд зогсохыг хүлээж байна. Бас хүсэж байна. Албан тушаал, мөнгө хөрөнгөний талд биш, ард түмнийхээ л талд зогсоно гэдэг МАН-АН-гийн үед амаргүй ч, МАН-АН-гаас гарч байж л бодит амьдралын үнэнийг олж харна гэдэг нь ч бас ойлгомжтой.

Эрх баригчид өөрсдөө будлианыг тарьж, өөгшүүлж, МАН-АН-г буй болгосон учир тэд учраа ойлгож, алдаа дутагдлаа засахыг хүлээвэл нэг битгий хэл нилээд хэдэн хүний, бүр үеийн нас хүрэхгүй тул ард түмэн эх орныхоо хувь заяаны асуудлыг гартаа авч, өөрөө шийдэхээс өөр аргагүй болжээ. Ард түмний энэ хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болсон дуу хоолой улам тод томруун сонсогдож байна.
Өчигдөр Төрийн ордноос хөөгдөн туугдсан ч энэ сайхан танхимд Ард түмний хүсэлтээр, шахалт шаардлагаар анх удаа зохиогдож буй Бүх ард түмний анхдугаар их хурилдай чухамхүү эдгээр хүнд асуултуудад хариу олоё, өгөе, мухардлаас гаргах гарцаа гаргая, үүний тулд нэгдэж зүтгэе, босч тэмцэе гэсэн эрхэм зорилгыг өмнөө тавьжэ. Энэ их хурилдайд эх орны маань дөрвөн, зүг найман зовхисоос эх оронч сэтгэлтэй баатрууд эр зориг гаргаж, улсынхаа нийслэл Улаанбаатар хотод хуран цугларчээ.

Та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрх баригчид бас нэг юмыг ойлгохгүзй байна. Танхим ард түмнийг чимэхгүй, харин ард түмэн танхимыг чимдэг билээ. Ард түмэнгүйгээ болсон төрийн ордны танхим хоосон бөгөөд хүйтэн, харанхуй бөгөөд эзгүй байна. Төрийн ордны танхим хэзээ ард түмнийх биш болсон бэ? Өнөөгийн эрх баригчид тэнд ард түмнээсээ нуугдан цугларч, Оюу толгойн гэрээ хэмээх монголын ард түмэнд хохиролтой гэрээг байгуулсан тэр өдрөөс хойш ард түмнийх биш болсон гэж хэлж болно.

Нэг энгийн жишээ. Оюу толгойн гэрээнд монголын тал 34-хөн хувьтай. Гэрээний дагуу нийт хөрөнгө оруулалтын 34 хувьтай тэнцэх хөрөнгийг монголын талын өр гэж бичсэн байгаа. Өөрийн баялгийг бусдаас зээлж авна гэж юу гэсэн үг вэ? Ийм тэнэглэл ганцхан Монголд байна уу, эсхүл өөр газар бас байна уу? Энэ өрийг эрх баригчид биш, ард түмэн л төлнө шүү дээ. Сурч боловсроё гэж байгаа хүүхэд залуусын мөнгөнөөс булаан авч, эрүүл саруул болоё гэж зүтгэж буй өвдөж зовсон хүмүүсийн мөнгөнөөс тасдан авч, үйлдвэр эрхэлж ажлын байр бий болгож, юм хийж бүтээе гэж зорьж буй бизнесменүүдэд ногдох хөрөнгөнөөс хураан авч төлнө.

Хоёрт, “Эрдэнэт” үйлдвэртэй адилхан тодорхой цаг хугацааны дараа өөрийнхөө баялгийн 51-ээс дээш хувийг монголын ард түмэн мэдэлдээ авах ёстой байсан. Гэтэл гэрээгээр хэзээ ч 34 хувиас дээш мэдэхээргүй, өөрөөр хэлвэл баялгаа хэзээ ч өөрөө мэдэхээргүй болсон байгаа. Ийм гэрээ хийсний дараа монгол хүн бүрийн тархи толгойд Монгол орон маань хаачив, байна уу үгүй юу, бид түүний иргэд мөн үү, энд хэн эзэн нь болоод байнаа? гэсэн асуулт босч, өдөр амар амгалан байлгахгүй, шөнө унтуулахгүй шаналган зовоож, цаашид ч энэ гэрээг засан застал эргэлдэж зовоох нь ойлгомжтой байна.

Ийм л утгагүй гэрээнд төрийн ордны хурлын танхимд гарын үсэг зурж сүржигнэсэн. Төрийн ордонд Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж, ард түмнээ өртэй болгож болдог, харин ард түмэн үнэн үгээ хэлж, зөв шийдвэр гаргаж болдоггүй болжээ. Одоо төрийн ордноо ч эгүүлж авах, Оюу толгойн гэрээг ч засах цаг болжээ. Энийг эрх баригчид биш, харин энд хуран цугласан ард түмэн л хийж чадна. Хийх ч ёстой.

Та бид ард түмэн нь чимж буй энэ сайхан танхимд улс орны хэрэг явдал, төр, засгийн үйл хэргийг тал талаас нь шүүн хэлэлцэж, дүн тавих болно. Хатуу дүн тавихаас эрх баригчид айг, харин та нар битгий ай. Ард түмний дүн хатуу байбайвал төр, засгийн үйл хэрэг цэгцэрнэ.
Төрийн ордонд ашиг хонжоо, албан тушаалын төлөө амиа тавихаас буцахгүй зүтгэж буй этгээдүүдийн  бялдууч үг, хоосон амлалт дуулдана, гэхдээ тэр бол хоосон амлалттайгаа адил хоосон л болсон танхим. Харин энэ танхимд эх орончдын хатуу боловч үнэн үг, бодитой амьдралын тухай халуун яриа өрнөнө. Ард түмний танхимд хэлсэн үг, гаргасан шийдвэрийн цуурай улс орны өнцөг булан бүрт хүрнэ, эх орноо гэсэн сэтгэлтэй болгоныг баярлуулна, зоригжуулна, эх орондоо эзэн нь болох хүслийг нь бадраана, эрхийг нь баталгаажуулна.

Монгол Улс маань ямар замаар яваад байна?

Шуудхан хэлэхэд буруу замаар. Ардчилал гэдэг үгээр алдаа завхрал болгоныгоо хаасаар байгаад энэ үг, ухагдахууныг утгагүй болгожээ. Энэ үгээр луйвар булхайгаа зөвтгөсөөр байгаад, энэ үгийг зөвхөн хэн ч юу дуртайгаа хийж болдог, эргээд хариуцлага хүлээдэггүй хэмээн тайлбарлаж ашигласаар байгаад ардчилсан нэртэй ч үнэн хэрэг дээрээ хамгийн хариуцлагагүй, ард түмнээсээ хамгийн хол хөндий төр, засгийг бий болгосон байна.

Монголын ардчилал бол хариуцлагагүйн дарангуйлал.

Монголын ардчилал бол эрх баригчдад дүн тавьдаггүй, дүрэмгүй, зарчимгүй, жудаггүй зүгээр л нэг тоглоом.

Хариуцлагагүйн дарангуйлалын илэрхийлэл нь МАН-АН, тэд тоглоомонд дуртай, жудаггүй тоглоомонд бүр ч дуртай.

Хариуцлагагүйн дарангуйлал бол эзэн нь амархан олддоггүй, буруутан нь сайн нуугддаг учир хамгийн аймшигтай дарангуйлал.

Ийм дарангуйллыг устгахын тулд эр зориг, эрдэм боловсрол, мэдлэг туршлага аль аль нь хэрэгтэй. Монголын ард түмэнд, энэхүү ард түмний танхимд хуран цугласан хүмүүст эр зориг нь ч байна, эрдэм боловсрол нь ч байна, мэдлэг туршлага нь ч байна.

Саяхан болтол буруу замаар яваад байгааг нь мэддэг, мэдэрдэг байсан хүний тоо цөөн байсан бол бол одоо ихэнх нь мэддэг, мэдэрдэг болсон байна. Буруу замаар яваад байгаагийн баталгаа бол луйврын сонгууль, худал хуурамч амлалт, баян, хоосны ялгаа улам бүр гүнзгийрч байгаа байдал, хээл хахууль гаарсан явдал, намууд төрийн толгой дээр сандайлан суусан байдал, монгол хүн эх орондоо алхам тутамдаа хүнд суртлын хана мөргөж амьдралаа алдаж, хувь заяагаараа тоглуулж байгаа явдал мөн.

Ер нь буруу замаар өөрсдөө яваад байна уу, эсхүл явуулаад байна уу?

Улс орон өөрөө буруу замаар явна гэж юу байхав, харин өнөөгийн төр засгийн эрхэнд луйвар булхайн аргаар гарч ирсэн эрх баригчид улс орныг маань ард иргэдээс нь залилахыг нь залилж, буудахыг нь буудаж, булаан авчихаад булхайгаа хуйвалдан нуун дарагдуулж, улс орны баялгийг ард түмнээсээ харамлаж, зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн ашиглаж байгаа нь тэд  буруу замаар явуулаад байна гэсэн үг.

Тэгээд хэн ингэж хөглөөд байна, монголчууд өөрсдөө юу? Эсхүл гадныхан уу? Эсхүл гадныхны гар хөл болсон өөрийн толгойгүй, монгол гэсэн нэртэй ч эрэмдэг сэтгэлтэй этгээдүүд үү?

Шуудхан хэлэхэд энэ бүх бурууг гаднаа монгол царайтай ч сэтгэлдээ эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгаас уравсан этгээдүүд хийж байна. МАН-АН-гаар хааж нууж, төөрөгдүүлж байна. Ардчилал гэж бид ард түмнийхээ эрх ашгийн төлөө тэмцэх биш, гадныхнаар, тэдний эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргаж үнэлүүлэхийг хэлдэг болоод уджээ. Хамгийн тод жишээ нь Оюу толгойн гэрээ, Таван толгойн шийдвэр.
Одоо ардчилалыг гадныхны бус, харин ард түмнийхээ заавраар ажиллаж сурах зарчим хэмээн хаа хаанаа хатуу ойлгож, ард түмний эрх ашгийг урдаа тавьдаг улсуудаа урагш нь гарган дэмжиж, улс орныхоо эрх ашгаас уравсан этгээдүүдтэй хариуцлага тооцох цаг болжээ.

Хариуцлагагүйн дарангуйллаас хамаг Монголынхоо төлөө хүн бүр үүрэг хүлээдэг шудрага тогтолцоо руу орцгооё.

Хамгийн эхлээд Таван толгойг ард түмэндээ 100 хувь өгөе.
Монгол хүн бүр Монголынхоо баялгийн эзэн болоё. Ингэж та бид эх орныхоо эзэн болсноо мэднэ, “ямар их хувь тавилангаар монгол хүн болсныгоо” ч мэдэрнэ.
Энэ эрхэм үйл хэрэгт зүтгэх эр зоригтой хүмүүсийн эгнээ өдрөөс өдөрт өргөжиж, энэ том танхимыг ард түмний төлөөлөл дүүргэснээс харахад цаашид ч улам эрч хүчээ авах нь ойлгомжтой байна.
Энэ танхим ард түмний тэмцэл хийхэд багадаж байна, тийм учир улс орноо, монгол хүнээ гэсэн, ядуурал, ажилгүйдэл, авлига хээл хахуулийн эсрэг шудрага тэмцлээ эрэлхэг зоригтой Сүхийн талбайд эвлэлдэн нэгдэж үргэлжлүүлэхээс өөр аргагүй.

Та биднийг эвлэлдэн нэгдэхийг хэн хүсэхгүй байна? Тэд айлган сүрдүүлж байна уу? Айгаад суух уу, айлгаад хөөх үү?

Эвлэлдэн нэгдэх эрх бол хүний язгуур эрхийн нэг. Саяхан Монгол орноо монгол хүндээ зориулан сайхан улс орон болгоё гэж санаа зориг шулуудсан хүмүүс санаа бодлоороо, эр зоригоороо эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж, МАХН-ыг үүсгэж, сэргээн байгуулсан билээ. МАХН-ын алдааг нь орхиж, амжилтыг нь арвижуулж, ажилгүйдэл, ядуурлыг арилгая, авлига хээл хахуультай тэмцэе, ард түмнээ өмөөрөе гэж шийдсэн хэрэг.

Гэтэл энэ язгуур эрхийг бүдүүлгээр зөрчиж, МАХН-ын нэрийг бүртгэхгүй өнөөг хүртэл луу унжсаар байна. Оюу толгойн гэрээг МАХН-ыг бүртгэхтэй адил ийм их цаг хугацаа гаргаж, ингэж нарийн судалсан бол тийм муу гэрээ болохгүй байсан бизээ. Эрх баригчид Оюу толгойн гэрээ өөрсдөд нь ашигтай тул яаран сандран байгуулсан, МАХН өөрсдийнх нь ардчилангуйлалын багийг хуулах гээд байгаа тул айгаад бүртгэхгүй санаатайгаар удааж байна.

Эвлэлдэн нэгдэх эрх нь хүсвэл эдэлдэг, хүсэхгүй бол мартдаг зүгээр нэг эрх биш ажээ. Энэ бол улс үндэстнээ боддог, эх орондоо эзэн нь болж амьдрая, амьдралаа өөд нь татая гэж зорьдог хүн бүрийн эрх гэхээс илүү үүрэг болсон байна. Энэ үүргээ үүрэхгүй бол 7 сарын 1-ний амь насаа алдсан хүмүүс шиг нэг нэгээрээ буудуулаад, нэг хэсгээрээ шоронд ороод, нийтээрээ доромжлуулж басамжлуулаад дуусах нь ээ.

Монголд муу төр, засаг байгаа нь “төрийн нууц” биш. Муу төр, засаг байх нь хүсмээргүй ч бас гайхаад байх зүйл биш. Гэхдээ муу төр, засаг байхад сайн сөрөг хүчин байвал улс орноо аврах боломж бололцоо, гарц байна гэж хэлж болно.
Тийм учир та бидний тэмцэл өнөөгийн муу төр, засгийг зайлуулаад улс орноо ард түмнийхээ заавраар аваад явчих сайн сөрөг хүчин  төрүүлэх, бэлдэх давхар зорилготой.

Монголын ард түмэн эрх мэдлээ гартаа авая гэж байгаа л бол сайн сөрөг хүчин хаа нэгтээгээс өөрөө хүрээд ирэхийг хүлээх биш, харин дотроосоо өөрсдөө захиалж, өөрсдөө төрүүлж, өөрсдөө бойжуулж, өөрсдөө дэмжиж төлөвшүүлэх их үйл хэрэг юм. Эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж, үүргээ хүлээхийн утга учир үүнд оршино.
Өчигдөр энэ танхимд монгол хүнийг боолчилж болдоггүй гэж хэлснийг та бид сонссон. Санал нэгтэйгээр дэмжсэн. Гэхдээ өнөөгийн эрх баригчид ард түмэндээ хэрхэн яаж хандаж байгааг харахад ард түмнээ боолчилсон юм шиг ааш авир гаргаж байна. Эзэн нь боолоо дарлахдаа хамгийн түрүүн басамжилдаг.
Өнөөгийн эрх баригчдын гаргаж буй ааш араншин бол ард түмнээ басамжлах явдал гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Басамжлуулсан хүн удаан дуугүй тэвчвэл боол болно.

Монгол хүнийг боол болгож болдоггүй нь үнэн юм бол монгол хүн басамжлуулах дургүй нь бас үнэн байж таарна.
Басамжлуулахгүйн тулд, боол болохгүйн тулд эвлэлдэн нэгдэе. МАХН гэсэн нэрээ ч авая. Сайн сөрөг хүчин болж, ард түмэндээ ирээдүй рүү гарцыг нь гаргаж өгөе. Ард түмэн ч нэрээ бодоё. Нэр нь МАН-АН болсон луйварчидаас эх орноо эгүүлэн авая.
Монголын ард түмэн ядууран туйлдаж, дарга нар нь баяжжээ. Дарга нар нь ядуу, ард түмэн нь баян болгоё.
Монгол хүн эх нутагтаа айлд байгаа юм шиг толгой хорогдон сууж, хэн хэзээ орж ирээд хөөх бол гэсэн шиг тухгүй амьдарч байна. Зарим нь өөрийн эрхгүй гадаадад гарч, ажил хөдөлмөр эрхэлж байна.
Эх орондоо ард түмэн нь эзэн болоё, монгол хүн бүр хүн шиг амьдрах эрхээ эдлэе. Үүний төлөө эвлэлдэн нэгдэе.

Монгол хүн ажил байхгүй байгаа учир ядуу байна. Хуруу хумсаа хугалах шахаж байж олсон орлого нь хаана нь ч хүрэхгүй байна. Хангалуун амьдралтай болгохын тулд монгол хүнийг ажлын байртай болгоё. Ядуурлыг ард түмнээ гэсэн сэтгэл нь ядуурч хоосорсон дарга нартай хамт шахан зайлуулая.
Шудрага ёс хүнд амьсгалдаг агаараас нь илүү хэрэгтэй. Байгалд хүчил төрөгч байвал амьтай болгон амьдарна. Нийгэмд шудрага ёс байвал хүн бүр хөгжинө. Шудрага ёс байхгүй бол хүн бүр хүчил төрөгчгүй болсон өвс ургамал мэт гудайна, басамжлуулна, боолчлогдоно.

Нийгмийн хүчил төрөгч –  шудрага ёсыг тогтоож, цээж дүүрэн амьсгалая, өөрсдөө ч хөгжицгөөе, улс орноо ч хөгжүүлцгээе.
Монголчууд нас үл харгалзан ямагт залуугаараа байдаг улс. Залуу учраас насны хувьд хөгшин ч, залуу ч шудрага ёсны төлөө, өөрийнхөө төлөө гэхээс илүү өрөөлийн төлөө дуу хоолойгоо өргөдөг. Тэр чанарыг нь ч үнэлэхдээ монголчууд өрөвч зөөлөн сэтгэлтэй улс гэдэг. Өөрийн хэргээс илүү өрөөлийн үйлс бүтэх ёстой гэж боддог ард түмэн мөнхийн залуу байдаг. Залуучууд зоригтой, залуучууд тууштай.

Залуу сэтгэлтэй ард түмний зориг бүхнийг ялна. МАН-АНг ч арилгана. Монголоо ч аварна.

   2011 оны 4 дүгээр сар 23.                            Улаанбаатар хот.

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж