NBA Playoff: Баяртай, “Никс”

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

NBA Playoff: Баяртай, “Никс”

NBA-ын плей-оффын дуулиан шуугиан дуусахгүй нь. Өнөөдөр алдарт “Madison Square Garden” ордонд дорнод бүсийн плей-оффын эхний шатанд учраа таарсан “Бостон Селтикс”, “Нью-Йорк Никс” багийн цувралын дөрөв дэх тоглолт боллоо. Харамсалтай нь, 2004 оноос хойш анх удаа плей-оффын халуухан уур амьсгалыг мэдэрсэн “Big Apple”-ын хөгжөөн дэмжигчид хүсэн хүлээж байсан амжилтаа харсангүй. Учир нь тэд “Бостон Селтикс”-т 4-0-ээр “шүүрдүүлж”, энэ улирлыг дуусгаж байна. Шинээр бүрэлдсэн “Нью-Йорк”-ийн их гурвал “Бостон”-гийн талбайд хийсэн эхний тоглолтод л хамт тоглох хувьтай байсан юм. Учир нь тэрхүү тоглолтын төгсгөлд Чаунси Биллапс өвдгөндөө гэмтэл авч, дахин талбайд гараагүй. Харин хоёр дахь тоглолтод Амаре Стаудмайер эхний хагаст тоглоод мөн л эргэн гарч ирээгүй. Гурав дахь тоглолтод Мэло, Стаудмайер нар зэрэг тоглосон ч Мэло ганцаардаж байлаа. Харин өнөөдрийн тоглолтод “Селтикс”-ийн залуус төгсгөл сайн хийдгээ дахин харуулж “Никс”-ийн хөгжөөн дэмжигчдийн нүдэнд нулимс хуруулсан. Тоглолт өмнөхийн адилаар “Нью-Йорк”-ийн тэсрэлттэй тоглолт, давамгайлал дор эхэлсэн ч Кевин Гарнеттийн зүтгэл, Ражон Рондогийн ухаалаг тоглолт, Пийрс, Аллен нарын эгзэгтэй үед хийж байсан чухал шидэлтүүд, Глен Дэвисийн сэлгээний дэмжлэг тоглолтын хувь заяаг эргүүлсэн юм. Ийнхүү “Никс” Ражон Рондог зогсоож чадахгүй байсаар ирэх улирлыг хүлээх боллоо.

Хэдийгээр Кармэло Энтони 32 оноо, есөн удаагийн  самбараас бөмбөг авалт, гурван удаа оновчтой дамжуулалт, Амаре Стаудмайер 19 оноо, 12 самбараас бөмбөг авсан ч Энтони Картерийн 11 онооноос өөр дэмжлэгийг бусад нөхөд нь үзүүлж чадсангүй.

Ахмад туршлагатай “Их гурвал”-ыг хөдөлгөгч хүч болсон Ражон Рондогийн ачаар “Бостон Селтикс” бусад цувралуудыг хүлээж, долоо хоног амрах боломжтой болж байна. Тэдний дараагийн учраа “Майами Хит” болон “Филадельфия 76” багийн хожсон нь байх болно.

Мөн өнөөдөр NBA-ын талбайд болсон бусад тоглолтуудын дүнг хүргэхэд, өнгөрсөн жилийн аварга “ЛА Лейкерс” талбайдаа “Нью-Орлеан Хорнетс”-т 93:88 харьцаатай хожигдсоноор хоёр багийн цувралын харьцаа 2-2 болон тэнцсэн бол “Атланта Хаукс” 88:85-аар “Орландо Мэжик”-ийг буулган авч, цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэлжээ. Түүнчлэн “Майами Хит” 86:82 харьцаатай “Филадельфия 76”-д хожигдсон ч цувралыг 3-1-ээр манлайлж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж