Ассад: Сири рүү дайрвал бүс нутгийн дайн дэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Ассад: Сири рүү дайрвал бүс нутгийн дайн дэгдэнэ

Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоо өнгөрсөн наймдугаар сарын 21-нд химийн хорт бодис бүхий халдлага үйлдсэн хэрэгт Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газар буруутгагдаж, үүний хариуд АНУ Сирид цохилт хийхээр бэлтгэж буй билээ. Тэгвэл үүний хариуд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад АНУ Сирид цохилт өгч, дайралт хийсэн тохиолдолд энэ нь бүс нутгийг хамарсан дайныг эхлүүлнэ гэдгийг анхааруулжээ. Башар аль-Ассад Францын “Le Figaro” сонинд өгсөн ярилцлагандаа “Ойрхи-Дорнод бол дарьтай торх, өнөөдөр үүнд оч үсэрлээ. Энэ бол зөвхөн Сири хариуцлага хүлээх асуудал биш. Эхний цохилт өгсөний дараагаас юу болохыг хэн ч мэдэхгүй. Учир нь торхтой дарь тэсэрсэн тохиолдолд бүгд хяналтаа алдаж, эмх замбараагүй байдал, хэт туйлшрал хаа сайгүй тархаж, улмаар бүс нутгийг хамарсан дайн үүсэх эрсдэлийг бүрдлүүлнэ” хэмээсэн байна. Түүнчлэн тэрээр “Францчууд бол бидний дайсан биш хэдий ч Францын улстөрийн бодлого нь сиричүүдийн эсрэг дайсагнасан хандлагатай” гэж мэдэгджээ. Франц улс нь Сирид цохилт өгөх асуудалд АНУ-тай хамтрахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Үүний зэрэгцээ НҮБ-ын шинжээчид Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэх газруудаас дээж, нотлох баримтуудыг цуглуулж дуусаад өнгөрсөн бямба гаригт тус улсыг орхисон билээ. Одоогоор НҮБ-ын шинжээчид Сирид ажилласан тайлангаа хараахан тавиагүй байгаа ба Башар аль-Ассадын Засгийн газар болон босогчид химийн хорт бодис бүхий халдлагын хариуцлагыг бие бие рүүгээ чихсээр байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж