
Германы парламентийн сонгууль ирэх 22-ны өдөр болохтой холбогдуулан нэр дэвшигчдийн хоорондох анхны халз мэтгэлцээн боллоо. Парламентийн сонгуульд нэр дэвшээд буй Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн 1-ний өдөр “Deutsche Welle” телевизээр гол өрсөлдөгч, социал демократик намын улстөрч Пеер Штайнбрюктэй халз мэтгэлцсэн аж. Телевизийн мэтгэлцээнд нэр дэвшигчид Европын холбооны эдийн засгийн хямрал, ажилгүйдэл зэрэг нийгэмд тулгамдаад буй олон зөрчилтэй асуудлыг хөндөн мэтгэжээ. Мэтгэлцээний үеэр Ангела Меркель сүүлийн үед олон улсын анхаарлыг татаад буй Сирид цохилт өгөх асуудалд АНУ тэргүүтэй цэрэг, армийн ажиллагаанд ХБГУ нэгдэхгүй байх тал дээр Пеер Штайнбрюктэй санал нэгдсэн аж. Ажиглагчдын дүгнэснээр мэтгэлцээний эхэнд канцлер Ангела Меркель давуу байдалтай хошуучилж байсан ч түүний эсрэг Пеер Штайнбрюк яван чангарсан байна. Меркелийн хувьд Штайнбрюкийг бодвол илүү туршлагатай гэдэг нь мэтгэлцээнээс харагджээ.
“Deutsche Welle” телевизээр нэр дэвшигчдийн хоорондох мэтгэлцээний дараа явуулсан санал асуулгаар үзэгчдийн зургаан хувь нь Пеер Штайнбрюк төсөөлж байснаас илүүт хүчтэй байсан гэсэн бол 52 хувь нь нэр дэвшигчдийн хэн, хэн нь хүчтэй байлаа гэж дүгнэжээ. Түүнчлэн санал асуулгаар мэтгэлцээний дараа үзэгчдийн 41 хувь нь нэр дэвшигчдийн талаарх үзэл бодлоо баталгаажуулсан гэсэн бол 10 хувь нь нэр дэвшигчдийн талаарх үзэл бодлоо өөрчилсөн гэсэн байна.
Б.АНХТУЯА