Газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгонд газар эзэмших эрхийг зориулалтын бусаар ашиглан, хууль бусаар баригдаж эхэлсэн бетон зуурмагийн үйлдвэр олны анхаарлыг татаад байна. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Содхүү нь Хонхор тосгонд амины орон сууц барих буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 24342 метр квадрат газрыг таван жилийн хугацаатай эзэмшиж авчээ. Гэвч Ц.Содхүү нь амины орон сууц барих нэрийдлээр эзэмшсэн газар дээрээ газар эзэмших гэрээнд заасан зориулалтыг өөрчлөн “Жидиконкрит” ХХК-аар бетон зуурмагийн үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгүүлж эхэлсэн байна. Ийнхүү газар эзэмших эрхийг зориулалтын бусаар ашиглаж эхэлсэн үйлдэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт /гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах/ 35.3.1 дэх заалт /газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх/-ийг тус тус зөрчсөн гэдгийг холбогдох байгууллагууд тогтоожээ.

Бетон зуурмагийн үйлдвэр баригдаж байгаа барилгын ойр орчимд хүүхдийн асран хүмүүжүүлэх газар, айлууд ихээр оршин суудаг тул тоосжилт, дуу чимээ, агаарын бохирдол зэрэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул оршин суугчид багагүй эсэргүүцэж байгаа аж. Гэтэл Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын шинжээчид өнгөрсөн наймдугаар сарын 16-нд үзлэг, шалгалт хийж, “Төслийг хэрэгжүүлэх ажлын явцад агаар мандал гүний усны бохирдол болзошгүй осол гарах магадлал багатай тул хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүүлэх нь бага” гэж үзээд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу ерөнхий үнэлгээ хийсний үндсэн дээр уг төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байгаа юм.

Анхаарал татаж байгаа бас нэгэн асуудал бол Ерөнхий үнэлгээний заавал хэрэгжүүлэх нөхцөл болзлыг тогтоосон, Ерөнхий үнэлгээ хийсэн Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга, шинжээч Г.Болормаа байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргахдаа “Байгуууллагын орчны талбайг засч тохижуулах зам талбайг эзэмшил газрын 30 хүртэлх хувьд мод бут сөөг зүлэг тарьж ургуулах, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг төсөвтөө суулгах лололололо, ажил эхлэхийн өмнө Онцгой байдлын газраас галын аюулгүй ажиллагааны дүгнэлт гаргуулах, мэргэжлийн хяналтын газраас ажлын байрны дүгнэлт гаргуулах. Үүнийг ажил эхэлсний дараа гүйцэтгэх” зэргээр үг үсгийн алдаатай, логикийн алдаатай албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа юм.

Учрыг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга, шинжээч Г.Болормаагаас тодруулахад “Тухайн үед яг хариуцсан мэргэжилтэн нь ээлжийн амралтаа авсан байсан учир өөр чиглэлийн мэргэжилтэн тэр газарт ажилласан юм билээ. Үйл ажиллагаа явуулах эхний зөвшөөрлийг манайхаас олгосон ч нарийвчилсан шинжилгээ хийлгэхийг даалгасан гэсэн. Албан бичгийн үг үсэг, утгын алдааны хувьд гэвэл шинжээч нь гаргаж, хэлтсийн дарга нь хянасан албан бичгийг тэрбүрчлэн унших боломж байдаггүй. Тиймээс хариуцлага алдсан албан тушаалтанд сануулах арга хэмжээ авах болно” гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бетон зуурмагийн үйлдвэр барих газарт иргэдийн хүсэлтийн дагуу шалгалт хийж, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт барилга бариулах зөвшөөрөл олгох ерөнхий дүгнэлт нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн тул гаргасан дүгнэлтээ энэ сарын 8-ны дотор  хүчингүй болгохыг анхааруулсан байна.

Энэ албан бичгийн дагуу өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг бетон зуурмагийн үйлдвэр баригдаж байгаа газарт очиж ажилласан байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн ямар шийдвэр гаргасныг тодруулахад “Хамтарсан ажлын хэсгийнхэн нөхцөл байдалтай танилцаад иргэн Ц.Содхүү болон барилгын гүйцэтгэгч “Жидиконкрит” ХХК-ийн удирдлагуудыг яаралтай ирж уулзах шаардах бичиг үлдээсэн. Хараахан тодорхой шийдвэр гараагүй байна” гэв.

Ямартай ч хүүхэд асран хүмүүжүүлэх төв, айлуудын дунд хууль бусаар баригдаж эхэлсэн бетон зуурмагийн үйлдвэрийн барилгын ажлыг үргэлжлүүлэх үү, таслан зогсоох уу гэдэг нь асуулт хэвээр үлдлээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж