
Одоо замын хөдөлгөөн ачаалалтай байгаа. Үүнийг ихэнх хүмүүс хөдөөнөөс ирсэн оюутнуудтай холбон тайлбарладаг. Энэ нь тухайн оюутны буруу биш л дээ. Хөдөө төрсөн нь тэдний буруу биш. Харин хот газрын дүрмээс зах зухаас нь ч болтугай заагаад өгчихвөл талбай дээр тангараг гэж өвчигнөхөөс хамаагүй илүү үр дүнтэй байж болох юм. Оюутнууд сар бүр “цалин” авдаг. Өөрийнхөө төлөө сурсныхаа төлөө. Тэд нийтийн тээвэрт үнэгүй зорчдог. Өөрийнхөө ирээдүйг бүтээж байгаагийнхаа төлөө. Тэд бас тангараг өргөдөг. Хөнгөлүүлж, сар бүр тэтгэлэгт хамрагдаж байгаагийнхаа төлөө. Тэд ийм байхад. Энд байдал ямар байна вэ? Чадвартай боловсон хүчнээр хувийн байгууллагууд дутаж, арай чадалтай нэгнийг нь өндөр цалин амлаад албан газрууд булаацалдаж байна. Улаан, ногоон дипломтнууд худалдааны лангууны ард эгээ л зарж байгаа бараа шигээ сууж байгаа. Мөнхүү диплом наймаалцдаг гэх нууцлаг зах зээл бий болсон. Шахааны номнууд моодонд орж, багш нарыг мөнгөөр тэтгэдэг оюутнууд торолгүй төгсдөг болсон. Сурах чадваргүй ч мөнгөөр зодоод диплом өвөртөлдөг болсон. Байдал товчхондоо ийм л байна. Ийм байхад хамгийн их “гуйлга” гуйдаг хүмүүс нь өнөөх л оюутнууд. Тэдэнд тэгш боломж, баталгаатай ажлын байр байхгүй мөртөө өнөө маргаашдаа хөнгөлүүлэх атга картны төлөө гудамжинд гарч тэмцэх дээрээ тулж байна. Уг нь төлбөрөө нэмсэн сургуулиудыг эсэргүүцвэл арай л нэрэнд цэвэр юм даа.
Энэ жил тангараг өргөсөн оюутнуудад амжилт хүсье. Та нар тангараг өргөсөн, эс өргөсөн ч энэ улсын ирээдүй. Та нараас өмнөх олон үеийн оюутнууд амьдралын давалгаанд живэх нь халаг яваа. Дөрвөн жилийн дараа тонгорог болоод төгсдөг тэр тогтолцоо та нараар эцэс болог.