Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Алтаа авдарлая

-Цаашид алтны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтоос гадна ил тод худалдааг дэмжих хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулснаа УИХ-д өргөн барих гэж байна-

Монгол Улс 1990-ээд оноос хойш нийтдээ 250 тонн алт олборлосон ч өнөөдөр Монголбанкин дахь алтны нөөц 5.8 тонноор хэмжигдэж байна. Уг нь Эрдэнэсийн сан дахь алтны нөөцөөс гадаад валютын нөөцийн хэмжээ шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, монгол төгрөгийн үнэ цэнэ, гадаад валютын ханштай харьцах харьцааг тогтоох чухал үзүүлэлт гэсэн үг юм. Валютэд шууд хөрвөх чадвартай алт чухам үүгээрээ л бусад эрдэс баялгаас ялгаатай, илүү үнэ цэнэтэй.

Монголбанкинд төвлөрөх алтны нөөц багасах үүд хаалга алтыг зөвхөн Монголбанк монополь эрхтэйгээр худалдан авдгийг болиулж, бусад арилжааны банкуудад эрх олгосноор нээгдсэн. Мөн үүнээс хойш 2006 онд батлагдсан 68 хувийн татвар хуулиас үүдээд алт олборлогчдод дарамт нэмэгдэж, үүнийг дагаад алтны далд худалдаа, наймаа идэвхжиж, Монголбанк болон арилжааны банкуудад төвлөрөх нөөц эрс багассан. Дайны хажуугаар дажин гэгчээр урт нэртэй хууль батлагдаж, хайгуул хийгдэж ашиглалтад ороход бэлэн болсон томоохон төслүүд зогссон. Гэтэл алт нь төгрөгийн баталгаа, улсын гадаад валютын нөөцийг тодорхойлох стратегийн нөлөөтэй байгаад байдаг.

Наадам өнгөрснөөс хойш эрс өсч эхэлсэн ам.долларын ханшийг барихын тулд Монголбанк гадаад валютын нөөцөөсөө зах зээлд давтамжтайгаар гарган худалдаж, нийлүүлэлтийг дэмжих замаар төгрөгийн ханш огцом унахаас сэргийлж буй. Энэ хугацаанд арилжааны банкууд дахь алтыг худалдан авч гадаадын валютын нөөцийг зузаатгах бодлогыг хэрэгжүүлсэн. Цаашид алтны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтоос гадна ил тод худалдааг дэмжих бодлого, хууль хэрэгтэй байгааг эдийн засагчид хэлж байна. Засгийн газрын зүгээс ч бас хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-д өргөн барих гэж байгаа юм байна.

Алтны худалдаа далд эдийн засгийг дэмжих хэлбэрээр явагддаг биш ил тод хийгддэг байх нь алтны нөөцийг нэмэгдүүлэх, монгол төгрөг ардаа алтны баталгаатай болох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бол өнгөрсөн жилүүдийн амссан сургамж юм.

68 хувийн татвар батлагдахаас өмнөх дөрвөн жилд улсын хэмжээнд 77 тонн алт олборлосон бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонн болж, 38 хувиар буурчээ. Гэтэл алтны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн 13 жилийн турш тасралтгүй, 2009 оноос огцом өссан байна. Лондонгийн бирж дээр 2000 онд нэг унц алтны үнэ 300 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байсан бол 2006 онд 700 ам.доллар, 2008 онд 1000 ам.доллар, 2012 онд 1800 ам.долларт хүрсэн байгаа нь 13 жилийн хугацаанд зургаа дахин өссөн хэрэг юм. Ийнхүү алтны үнэ дэлхийн зах зээлд эрс өссөн алтан боломжийг бид алдсан гэхэд болно. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэгчээр тухайн үедээ төр өндөр татвар авах нь ашигтай мэт харагдаж байсан ч алтны худалдааг далд, хууль бус хэлбэр рүү шахсанаараа маргааш нь илүү томоор хохирсон хэрэг. Үүнийг залруулах ёстой гэдэг санал, шахалтыг мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлд оролцогчид нь Засгийн газрыг шахаж, ятгаж эхэлсэн биз ээ.

Монгол төгрөгт алтны баталгаа хэрэгтэй байгаа, нөгөө талаас алтыг гадаад зах зээлд гаргахад ямар нэг төмөр зам, тухайлсан дэд бүтэц шаардлагагүй. Нэг талаас макро эдийн засаг, мөнгөний бодлогын шаардлага, нөгөө талаас боломж нь байна гэсэн үг. Харин одоо хууль бусаар, далд хэлбэрээр яваад байгаа худалдааг ил болгох, бүртгэл, татварт оруулах, улсын нөөцийг нэмэгдүүлэх нь л хуулийн эрх зүйн орчноос буюу хууль тогтоогчдоос хамааралтай хэрэг болж байна. 

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж