"Кино хийх гэж Монголд ирдэг болно"

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

"Кино хийх гэж Монголд ирдэг болно"

"Кино хийх гэж Монголд ирдэг болно"

ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилтой ярилцлаа. Бидний хөндсөн сэдэв “Монголын кино”.

-Та Монголын кино урлагийг шинэ түвшинд гаргаж хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж буй хүн. Кино урлагийн өнөөгийн байдлын талаар бүгд мэдэж байгаа болохоор цаашид ямар болох, хэрхэн өөрчлөгдөх тухайд ярих уу. Монголын киноны уран бүтээлчдийн олонх нь өнөөдөр их өрөвдмөөр байдлаар бүтээл хийдэг. Зохиолоо өөрөө бичнэ, өөрөө найруулна, өөрөө тоглоно, өөрөө эвлүүлнэ, өөрөө худалдан борлуулах ажлаа хийнэ. Гэтэл ”Тэнгис”, Өргөө“ хоёр арайхийж цугласан орлогынх нь талыг авчихна. Тэгээд л хөлсөө дуслуулан нойр хоолоо хасч хийсэн бүтээлээсээ мөнгө олсон ч юмгүй, үнэн хэрэгтээ бүтээл нь үзэгчдэд төдийлөн таалагдах ч үгүй өнгөрдөг. Мартагддаг. Энэ байдал хэзээ сайжрах бол?
-Та Монголын кино урлагийн салбарын өнөөгийн байдлыг маш товчоор зурлаа. Байдал үнэхээр ийм байгаа. Үүнээс яаж гарах вэ. Юу хэрэгтэй вэ. Удахгүй гоё болно гэсэн том найдлага байна. Найдлагаас гадна тодорхой төлөвлөгөө байна. Хоёроос гурван жилийн хугацаанд тодорхой зах зээлтэй болж кино үйлдвэрлэл сэргэнэ гэж тооцоолон ажиллаж байна.

-Зах зээл нь хаана гэж?

-Монголдоо.

Монгол Улс маань 2,8-2,9 сая хүн амтай. Их таруу суудаг. Тал нь хотдоо. Тэгэхээр бид саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэгтэй адил дэд бүтцээ эхлээд бэлтгэх ёстой. Энэ нь юу юм бэ гэхээр үзвэрийн танхимууд, кино театрууд юм. Эдгээрийг бий болгох ажлыг яам эхлүүлсэн. Бүх сумын соёлын төвийг кино гаргах хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоод кино үзвэрийн танхимууд болгож байна. Одоогоор 20 сумын соёлын төвд энэ ажил хийгдээд байгаа. Яг өнөөдөр тендерийн хороон дээр дахиад 30 сумын соёлын төвийг ингэж тоноглох aжлыг үнэлэх хороо хуралдаж байгаа. Тендер наймдугаар сарын 3-нд нээгдсэн, дээд тал нь 45 хоноoд шийдвэр гардаг гэсэн. Шийдвэр гарахад энэ жил нийт 50 сум болох юм. Цаг хугацаа их богино, Бид их хурдан ажиллах ёстой юм байна. Төрийн ажил өөрийн гэсэн дүрэм журамтай. Заавал тендер зарлаж төсөл шалгаруулах ёстой. Хугацаа хэрэгтэй. Шалгарлаа гэхэд тэр компани бараа бүтээгдэхүүнээ захина, дандаа гадаадаас оруулж ирнэ, суулгах гэж энэ олон тарсан сумаар хоёр гурван групп болж явна. Өвлийн улирал тулаад ирнэ. Ингэсээр байтал асар их хугацаа авдаг. Бүтэн жил болж байхад бид ердөө 20 суманд л хүрч ажиллалаа. Сангийн яам хөрөнгө батлаад өгвөл ирэх жил 200 сумын соёлын төвд олон ажлын групп гаргаж байгаад кино театрын төхөөрөмж суулгачихвал бид сансрын суваг түрээсэлнэ. Үнэ нь нэг их өндөр биш. төвдөө сансар руу цацдаг төхөөрөмж суулгана. Тэгэхэд сумын төвүүд дэх тоног төхөөрөмж түүнийг хүлээж авна. Энэ бол хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм. Тэгэхэд энэ соёлын төвүүдийн кино үзвэрийн газруудыг яаж ажиллуулах тухай дүрэм журамтай ч болно. Ингээд бүх ажил дуусахад Улаанбаатарт шинэ киноны нээлт боллоо гэхэд Монгол орон даяар уг киног нэгэн зэрэг үзэх боломж бүрдэх юм. Киноны хууль боловсруулалтын шатандаа явж байна. Үүнд монгол киноныхоо бодлогыг дэмжих бүх юмаа багтааж өгнө. Сайн хууль боловсруулаад ирэх жил УИХ-д өргөн барихад батлагдах байх гэж найдаж байгаа.

Энэ жил мөнгө төгрөг нь шийдэгдээд, зураг төсөл хийгдэж, ирэх жилээс барилгын ажил эхлэх юм бол олон улсын хэмжээний кино үйлдвэртэй болох юм. Найман том павилионтой. Энэ ажлыг мөн хоёроос гурван жилийн дотор хийх юм. Хурдан ажиллавал хоёр жилийн дотор босгох бүрэн боломжтой. Ийм гурван том ажил хийгдсэн тохиолдолд таны түрүүн ярьсан зовлон арилна.

-Энэ мөчийг киночид их хүлээж байгаа даа?
-Улаанбаатар шаардлага хангахуйц гуравхан кино театртай. Энэ бол кино сайн байх нөхцөл, боломж, орчин биш. Хэрвээ бид 200, бүр 300 кино дэлгэцтэй болох юм бол кино компани 200, 300 саяар кино хийлээ гэхэд орон даяар хүн үзээд ирэхээр  эхний долоо хоногт л гарт баригдахаар орлоготой болно. Нийслэлд, аймгийн төв, сумдад хүмүүс нэгэн зэрэг кино үздэг байх хэрэгтэй, хэдий болтол сум, аймаг нь соёл боловсролоороо дандаа дутагдаж, хоцорч байх ёстой юм бэ.

-Америкт киноны нээлт болдог шиг болох юм байна…
-Тийм.

-Хуучин соёлын төв, клубүүдээ ашиглаж байгаа юу?
-Тийм, бид бодсон л доо. Сумын төвд бэлэн сайхан байр байгаад байдаг, ашиглалт тун бага. Тиймээс кино театр болгож болох уу гэсэн, мэргэжлийн хүмүүс болно гэж байна. Түүнээс биш сум болгонд кино театр барих боломж байхгүй,  шаардлага ч байхгүй. Бид нэг суманд нээлт хийсэн. Тэгэхэд үзэгчид кино үзээд их баярлаж Алга ташиж байсан. Дуу, дүрсний чанар үнэхээр сайн байна лээ. Харин монгол киноны маань чанар хэчнээн сайн байна, төчнөөн сайн гарч дуугарах юм билээ. Харин Холивүүдийн кинонууд бол “Тэнгис”, “Өргөө”-д гарч байгаа юм шиг л байна лээ.

-Одоо тэр тоноглосон клубүүддээ кино гаргаж байгаа юм уу?
-Үгүй. Нээлтийн үеэр тэгж анзаарагдсан. Бүх суманд үйл ажиллагааг нэгдсэн журмаар эхлүүлэх учраас нээлтийг нь хийгээд төхөөрөмжөө хүлээлгэж өгсөн. Бид энэ сүлжээг ажиллуулах дүрэм журмаа гаргаснаар цацалтын ажлыг эхлүүлэх учиртай. Тэр нь ондоо багтах байх гэж бодож байна.

-Аль суманд нээлт хийсэн юм?

-Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажил хүлээж авсан. Эхний 50 сумын ажлыг бол түрүүнд нь эхлүүлж болно. Ирэх жилээс 200 сумыг гүйцээчихвэл сайн байна.

-Монгол Улс 330 сумтай. Үлдсэн 80 сумын ард иргэд гомдох вий дээ…
-Судалж үзсэн. Бүх суманд тавих боломж алга байна. Цахилгаанаар найдвартай хангагдсан байх хэрэгтэй. Зарим сумын соёлын төв цахилгаан байхгүй, дээвэр нь ус гоожиж байна. Гэхдээ яваандаа энэ бүгд засагдаад ирэхээр тавиад өгөх боломжтой болох юм.

-Нэг сумын соёлын төвийг тоноглох зардал хэд вэ?

-Эхний 20 сумын тухайд нэгэнд нь 20 сая төгрөг зарсан. Үүнд бүх тоног төхөөрөмж нь, суурилуулах зардал, сургалт нь орсон. Проектор, дээшээ, доошоо болдог дэлгэц, хамгийн чухал зүйл болох хүлээн авагчтай удирдлагын төв байгаа юм. ирээдүйд техник технологи өөрчлөгдсөн ч гэсэн янз бүрийн дохио хүлээж авах хүчин чадалтай төхөөрөмж. Харин дараагийн багцын тухайд найман сая төгрөг нэмэгдэхээр байна. Нэмж хяналтын камер суулгах юм. Зааланд бичлэг хийж байгаа эсэхийг хянана. Зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс зайлшгүй тавих шаардлага гарсан. Үзэж байгаа хүмүүсийн тоо, нас, хүйсийг бас тодорхойлдог.

-Сумд ийм боллоо. Олон улсын хэмжээний кино үйлдвэр барих ямар шатанд явна?
-Туршлагатай шилдэг гадаадын мэргэжилтнүүдтэй холбоо тогтоосон. Холивүүдийн хамгийн том студиудыг барьсан, Европ, Өмнөд Америк, Ази, Африк ер нь дэлхий даяар зургийг нь гаргаж, кино студи барьдаг, орон нутгийн хүмүүстэй нь хамтарч ажилладаг том компани байgaa.

-Америкийн компани уу?
-Тийм, Холивүүдийнх. Биднийг өөрсдийн барьсан “Manhattan Beach Studios”-д аваачиж танилцуулсан. Тэнд одоогоор найруулагч Жеймс Камерон “Аватар”-аа хийх гээд таван павилионыг нь түрээсэлсэн байна лээ.

-Дараагийн ангийг нь хийх гээд үү?

-Тийм. Энэ хүмүүс бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгsun. Энэ жилдээ зураг төсөл хийлгэх мөнгөө Эдийн засгийн хөгжлийн яамаараа шийдүүлчих юм бол ажилдаа шууд орно. Одоо газраа тодорхойлох хэрэгтэй байгaa. Эхлээд Багануурын ойролцоо нэг газар товлосон байтал тэнд археологийн олдвор олдчих шиг боллоо. Байгал гоё, чимээнээс хол, дэд бүтэцтэй боломжийн газар гэж бодож байсан чинь бас тохирохгүй юм байна. Хол болоод ирсэн. Тэр мундаг, Холивүүдийн одууд, продакшнуудынхан буудлаасаа ажлын байр хүртэл  хол явдаггүй гэнэ ээ. 20 орчим минут яваад ажлын байрандаа хүрэх ёстой гэсэн хатуу заалт, гэрээтэй ирдэг гэнэ. Тэгэхээр бид зөвхөн өөрсдөө кино хийхээ бодох биш, олон улсын том төслүүдийг авна гэсэн алсын зорилготой ажиллаж байгаа юм чинь өөр газар хайх ёстой болсон. Төв аймгийн Засаг даргатай яриад шинэ онгоцны буудлын орчимд газар судлуулж байна. Есдүгээр сард багтааж газраа шийдээд, зурөг төслийн мөнгө шийдүүлбэл ирэх хавраас барилгын ажилдаа шууд орж болж байна.

-Барихад хэр хугацаа хэрэгтэй бол?

-Хоёроос гурван  жил.

-Гадаадын барилгачид барих уу?

-Манайхантай хамтарна.

-Бүх сумдаа кино үзвэрийн газарай болгочихлоо. Шинэ кино үйлдвэртэй боллоо…
-Киноны хуультай боллоо…

-Энэ хуулиар юу юу зохицуулах вэ?
-Бүх харилцаагаа зохицуулна. Кино үйлдвэр, кино театрууд гэхээсээ илүү уран бүтээлчид, үзэгчид, киноны бодлогод илүү түлхүү анхаарна. Яагаад гэхээр бид кино уран бүтээлчид болон үзэгчдэдээ л таатай, эрх зүй ба эдийн засгийн бүрэн бүтэн, эрүүл эргэлттэй орчин бүрдүүлж өгөх учиртай. Аль аль талынхаа, түүний дотор тэргүүн эгнээнд улс эх орныхоо эрх ашгийг хамгаалсан, зохицуулсан, соёлын өвөө аварч хамгааласан ийм л хууль байх учиртай.

-Санал нэгдэн ажиллаж чадаж байгаа юу, зөрүүтэй санал, зөвшөөрөхгүй зүйл байна уу?
-Ажил их урагштай сайн явж байгаа гэж дүгнэж байгаа.

-Ажлын хэсгийн ахлагч нь хэн бэ?
-Сайдын тушаалаар би ахалж ажиллаж байна. Бид удахгүй төслөө олон нийтээр хэлэлцүүлнэ. Хүмүүс, үзэгчдийн саналыг тусгана.

-Барих шинэ кино үйлдвэр улсынх байх уу?
-Улсын хөрөнгөөр баригдана.  Төр л үүнийг нуруундаа үүрч гарахгүй бол манай Монгол шиг ийм газар хэцүү хувийн хөрөнгө оруулагчид хөрөнгөө нийлүүлбэл сайн. Дуртайяа хамтарч ажиллана. Концессын хэлбэр, хувилбар гэдэг бол ямар л бол ямар байж болдог юм билээ. Төр бариад дараа нь хувийн хэвшилд шилжүүлж болно. Төрөөс гарсан мөнгийг төлөөд цааш аваад явж болно. Янз бүрийн хувилбар байж болно. Жишээ нь Австрали, БНСУ-д ийм хувилбараар кино үйлдвэр барьж байна. Ноднин Эдийн засгийн хөгжлийн яамныхан танилцуулга хийж байхад эдгээр жишээг дурдаж байлаа. Мөн аймгийн төв бүрт орчин үеийн кино театр барих нь зөв гэдэг саналыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт киночдын форумын үеэр уламжлахад Ерөнхий сайд дэмжсэн. Удахгүй энэ санаа хэрэгжих байх аа гэж бодож байгаа. 2014 онд арван аймгийн төвд бариад өгвөл тун сайнсан.  Сүхбаатар аймаг кино театртай. Үүнийг барьсан Зоригт гишүүнд энэ ярилцлагаар дамжуулж талархал илэрхийлье. Өөрийн санаачилгаар ард олондоо зориулж кино театр барьсан хүн. Бусад бизнес эрхлэгчдийг уриалмаар байна. Ингээд дэд бүтцээ бий болгочихооr манай кино урлаг гэдэг чинь суга босоод ирнэ. Тэгээд кино урлагаар дамжуулж соёлоо, соёлын өвөө хамгаална, дэлгэрүүлнэ, сурталчилна, эх оронч үзлээ хүүхдүүддээ суулгаж өгнө, төлөвшүүлнэ. Бүх аймаг, суманд Монголынхоо болоод Холивүүдийн кинонуудыг зэрэг үздэг болно. Кино үзэх соёл сууна. Киногоор хүмүүжнэ.

Нарийн яривал цаашлаад улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнөөдөр үнэнийг хэлэхэд монголчууд бид гадны, тэр дотроо Солонгосын соёлын довтолгоонд нэрвэгдсэн  байна. Хуучин социализм, коммунизмын соёлын довтолгоонд бут ниргүүлж байсан бол одоо Солонгосын соёлын довтолгоонд өртөж байна. Зах зээл энэ тэр гэж явсаар байгаад өнөөдөр соёлын салбар, тэр дундаа кино урлагаа ямар ч  бодлогогүй орхисноос болж ийм байдалд хүрлээ. Манай хүүхдүүд гадны дуу сонсч байна, гадны кино үзэж байна. Зөвхөн хүүхдүүд ч биш, томчууд ч тэр. Энэ чинь гадны л улсын бодлого шүү дээ. Киногооroo өөрсдийн бүхий л зүйлээ сурталчилж бас борлуулах гэдэг.

-Эдийн засгийн асуудал боллоо гэж үү?
-Маш том эдийн засаг. Хамгийн хүчтэйд тооцогдох оюун санааны довтолгоон Soft Power гэж томъёолдог юм даа. Үүнийг бид дээрээ ч, доороо ч маш сайн ойлгож байж, хамтын хүчээр монгол киногоо босгож ирвэл Монгол маань улс гэдэг утгаараа зөв хөгжинө. Тэгж байж өөрсдийн өвөрмөц ёс заншил, соёл урлаг, түүхээ хамгаалж үлдэнэ.  Энэ л чухал.

-Хуучин кино үйлдвэрийн суурин дээр шинэ үйлдвэрээ барьж болохгүй юу?

-Газар нь бага, дээрээс нь барилга нь хуучирсан. Тэгэхээр нэмэлт хөрөнгө оруулалтаар сайжруулсан хотын кино студи болгох бодлого барьж байгаа.

-Гадаадын том том продакшнууд ирж түрээсээр кино хийх цаг ирнэ гэж үү?

-Ирнэ. Киночид хаана зураг авах илүү нөхцөл байна, тэнд нь очиж ажилладаг. Бид дэлхийн шилдэг киночид ирж ажиллана гэж тооцоолж татварын хөнгөлөлт үзүүлж их сайн нөхцөл бүрдүүлж өгөх ёстой. Улс орнууд киногоо бодлогоор босгодог л доо. Монгол ч гэсэн тэгэх учиртай. БНСУ гэхэд хамгийн түрүүн соёл урлаг, кино урлагтаа мөнгө хийдэг. Америк, Францын туршлагыг судлаад одоо Азийг тэр чигт нь кино урлагаараа базаж байна. Япон, Хятад, Зүүн өмнөд Азийг тэр чигт нь. Энэ чинь төрийнх нь бодлого. Төрөөс нь 100 хувь санхүүжүүлсээр байгаад энэ түвшинд гаргаад ирсэн. Гурав, дөрвөн жилийн өмнө харж байхад БНСУ-ын кино бизнес нь Самсунг, Хьюндайтайгаа зэрэгцчихсэн, ашгаараа эхний гуравт явж байсан. Үүний цаана том гүрэн, том соёлтойбайна гэсэн бодлого явж байна.

-Монгол Улс кино урлагаа нэг босгоод авбал өгөөж, баялаг нь их гэж та үзэж байна уу?
-Монгол соёлын хоосролд орох юм бол, соёлын бодлогоо хөгжүүлэхгүй юм бол монголчууд бид  цогцоороо хөгжиж чадахгүй. соёл урлагийн бодлого, түүн дотор  өргөн цар хүрээнд хүртдэг кино урлагийн бодлогоо оновчтой, чамбай гаргаж ирвэл нийгэм, соёл, эдийн засгийн маш их ач холбогдолтой. Ус орны тухай ойлголтыг дэлхийн хэмжээнд хүртэцтэйгээр хүргэдэг урлаг чинь кино урлаг. Монгол Улс өнөөдөр дэлхийд их нэр хүндтэй байна. Анхаарал, сонирхол их татаж байна. Бидний түүх юу билээ, амьдралын хэв маяг юу билээ, маш өвөрмөц сэтгэлгээтэй улс. Үүнийгээ кино урлагаараа дамжуулж гаргах юм бол үнэхээр амжилтад хүрнэ.  яам бодлогын хүрээнд кинонуудыг дэмжээд гадагшаа гаргаад эхэлсэн. Энэ жил манай хоёр кино ирэх аравдугаар сард болох Бусаны олон улсын кино наадамд явна. “Алсын удирдлага”, “Шарга даага” хоёр.

-“Алсын удирдлага”-ыг кино найруулагч Бямба хийж байгаа. Нээлтээ хийгээгүй байгаа биз дээ?
-Хийгээгүй байгаа.

-Сайн кино болж байгаа юу?
-Сайн болох ёстой гэж найдаж байна. Төслийн баг, ажлын явц гээд бүх зүйлийг харж сонголт хийсэн. “Шарга даага” Бусан”-ы наадамд орох эрхээ авчихсан.

-Энэ хэний кино вэ?

-Хоролдорж гээд өмнө нь богино хэмжээний киногоор Каннд орж байсан залуу бий. Энэ жил зураг авалтаа есдүгээр сараас эхлэх гэж байгаа бас нэг киног бид ирэх жил олон улсад явуулах тухай ярилцаж байна.

-Эртнээс сойх нь ээ?
-Тийм. Яам дэлхийн хэмжээний олон улсын кино наадамд тэнцэхүйц, шаардлага хангахуйц, чанарын түвшинд хүрэхүйц, хийц, хэлбэр, технологи гээд бүх талаар шаардлага хангасан киног бодлогоор дэмжиж байгаа юм. Яам, МУЗ-тэй хамтраад ирэх аравдугаар сард “Улаанбаатар” кино наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна. Дэлхийн хамгийн сайн кино наадмуудын шагнал хүртэж байсан Герман, Мексик, Энэтхэг, Швед, Америк, Франц, Гүрж зэрэг улсын шилдэг кинонууд ирнэ. Алдартай жүжигчид, найруулагчид, продюсерууд ч ирнэ. Кино борлуулагчид  ирнэ. Сайн кино хийлээ гэхэд олон улсад борлуулах сүлжээгээ бий болгох ёстой. Үүндээ бэлтгэж эхэлж байна.

-Таны ярианаас их мэдээлэл авлаа, олон ч юм тодорхой болж ирлээ. Монголын киног хүн гэж үзвэл түүнийг бий болгохын тулд толгой тархи, хөл гар, нүд, чих зэрэг эд эрхтэнийг нь ээлж дараатай бий болгож мэт санагдлаа.
-Яг үнэн. Кино урлагийн салбарыг босгохоор чармайж  байна. Үр өгөөжийг нь улс үндэстнээрээ хүртэх цаг ирнэ гэлдэгт итгэж байгаа.

-Монголын хуучны кинонууд өнөө үнэд орж байна. Тэр бүтээлүүдээс бид чинь иэн юм бэ гэдгээ хайхад хүрээд байна. Гарах тоолонд нь шимтэн үзэх болсон. Тэгэхээр 1950, 60, 70, 80-аад кинонууд үе үеийн монголчуудыг мэдлэг, мэдээллээр хангаж, оюун санааны хувьд төлөвшүүлжхүмүүжүүлж иржээ. Бараг социализмаас илүүтэй хүмүүст тусаа өгч байсан юм биш үү?
-Үнэн. тэр социализмын үед манай авьяастай найруулагч нар цаг үеийн цегнзурыг даваад хэлэх гэснээ хэлж чаддаг байсан. Тийм нарийн мэдрэмж, ухаантай. Тэр үг хэллэг, зохиомжоор үзэгчдэд хэлэх гэснээ хэлдэг байсан. Тэr сайхан кинонуудаар бид хүмүүжсэн шүү дээ.

-Тэр кинонуудын эд эс бүр нь үнэ цэнтэй санагддаг…
-Үндэсний баялаг байгаа биз. Тэгэхээр бид өнгөрсөн 20 гаруй жилд стратегийн ач холбогдолтой чухал салбараа ингэж орхигдуулсан байжээ.

-Алдаа л юм даа…
-Алдаа гэх үү, юу ч байлаа гэсэн бид урагшаа харж амьдрах ёстой. Кино урлагийг босгоод ирэхэд бусад бүх урлагийн  уран бүтээлчдйг хамарна. Зохиолчид, зураачид, зураглаачид, найруулагчид, жүжигчид, хөгжмийн зохиолчид, дизайнерууд, нүүр хувиргагчид, тайзныхан, хувцасныхан, эвлүүлгийнхэн, гэрэлтүүлэгчид, их олон туслах ажилтан, ажилчид гээд гээд маш олон чиглэлээр ажлын байр бий болно. Эдийн засгийн эргэлт эд орно. Тэгээд өнөө бэлтгэж тавьсан кино театр, кино үзвэрийн газруудад уран бүтээлчдийн хийсэн кино гарахад үзэгчид тасалбар авч үзнэ. Орлогодоо урамшсан уран бүтээлчид дахиад л сайн кино хийхээр ажиллана. Ингээд ирэхээр таны түрүүн хэлдэг асуудлууд бүгд шийдэгдэнэ. Кино шүүмжлэгчид бас гарч ирнэ.

-1990-ээд оноос хойш гарч ирсэн киночдоос сайн бүтээл төдийлөн гараагүй ч хийхийн төлөө зүтгэж ирснийгнь үнэлэх хэрэгтэй байх…
-Тэдэнд талархах ёстой. Энэ хүмүүс хүсэл сонирхолдоо хөтлөгдөж хөрөнгө ч зарж кино урлагийг  амьтай авч явсан. Кино найруулагч С.Бямбын хийсэн “Хүсэл хясал” гэдэг баримтат кино байдаг. Найруулагч Ж.Биндэрийн тухай. Ерөөсөө л тэр. Бүхий л амьдралаа кино урлагийн төлөө зориулсан, нуруугаа бөгтийтөл зүтгэсээр өнгөрлөө. Тэр хүн киногоо хийгээд өөрөө үүрээд аймаг, сум хэсээд явдаг байсан. Одоо энэ байдал халагдана аа.

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж