МИАТ-ийн хэргийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн хэргийг хэлэлцэж байна

“Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, түүгээрээ ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг  хэлэлцэх хурал өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн шүүхэд эхэллээ. Шүүх хуралд хэрэгт холбогдон  анхан шатны шүүхээс ял сонссон зургаан хүний өмгөөлөгч  оролцож байна.

Тэдэнд холбогдох хэргийг  өнгөрсөн долоо хоногт  Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан ч хэргийг шүүхэд хэрэгтэй материал болоод бусад зүйлсийг хангаагүй, мөн  шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурал хийх таатай орчин болоод шүүгдэгч нарыг хуралд оролцуулах санал тавьсан  учир хойшлоод байсан юм.

“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн экс-удирдлагуудад холбогдод хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнөгрсөн зургадугаар сарын 11-12-ны өдөр болж, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон.

Харин МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаж, уг хэрэгт нэр холбогдоод байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлээд байгаа юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж