
Хятадын улс төрийн амьдралд 2007 он чухлаар тооцогддог. Энэ онд тус улсын одоогийн удирдагчдыг өндөр дээд албан тушаалд томилсон юм. Тухайн үед Коммунист намын Улс төрийн товчоонд зургаан гишүүн шинээр орж ирсэн. Тэр дунд одоогийн Ерөнхийлөгч Ши Жинпин, Ерөнхий сайд Ли Көциан нараас гадна Бо Силай тэргүүтэй улстөрчид багтаж байв. Хятадын улстөрчдийг ерөнхийд нь Коммунист залуучуудын эвлэл болон Хунтайж нарын бүлэглэлийнх хэмээн хоёр хуваадаг. Төдийгөөс өдий хүртэл энэ хоёр бүлэглэлийн эрх ашиг л Хятадын уур амьсгалыг тодорхойлсоор иржээ. Гэхдээ асуудал тийм ч хурцадмал байсангүй. Хоёр бүлэглэлийн зүгээс харилцан тохиролцсоны үндсэн дээр эрхэм мэдлийг ээлжлэн авч байв. Тухайлбал, Коммунист залуучуудын эвлэлийн төлөөлөл болсон Ху Жинтао Хунтайж нарын төлөөлөл болох Ши Жинпинд халаагаа өгсөн нь үүний хамгийн тод жишээ. Харин Бо Силайн тухайд гэвэл тэр Ши Жинпинтэй адилхан бүлэглэлд хамаардаг. Энэхүү Хунтайж нарын цаана 90 шахам насалсан ч хүч нөлөөтэй хэвээр байгаа Зянь Земиний тэргүүлсэн Шанхайн бүлэглэл бий.
Бо Силай хэрэгт холбогдож эхэлсэн цагаас хойш барууны хэвлэлүүдэд үүнийг Зянь Земинтэй холбон тайлбарлах болсон. Учир нь Бо Силай түүний тооцоолсноос илүү нэр нөлөө, эрх мэдэлтэй болж байсан гэдэг. Тийм ч учраас Их Британийн Засгийн газар иргэнийхээ амийг Хятадын төрөөс нэхэж, энэ хэрэгт Бо Силайн эхнэр Гу Кайлай холбогдох үеэс л Хятадын ирээдүйтэй улстөрчийн цаашдын хувь заяа тодорхой болсон бололтой. Нэг талаараа тэрбээр албан ёсны залгамжлагчаар тодорчихсон Ши Жинпинтэй эрх мэдлийг булаацалдаж байсан. Нөгөө талаасаа бол Коммунист намын хатуу дэг журманд нэлээд баруунжсан хэв маягийг оруулж ирж байжээ. Нэгэн цагт Мао Зэдун “Долоо, найман жилийн давтамжтайгаар төрийн эрхийг булаах оролдлого гарч магадгүй” хэмээн хэлсэн нь бас л нэгийг өгүүлэх биз. Харин Ши Жинпин бол Мао Зэдуны бодлогыг ихэд дэмждэг нэгэн. Эдийн засгийн үр өгөөжийг тэгш хуваарилахын тулд иргэдээ мөнгөө хэмнэж, тансаг бараа бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалж байгаа нь эгээ л коммунист суртал ухуулга аятай харагдах аж.
Хятадад улс төрийн эрх мэдлийг олж авах, шилжүүлэх өгөх явыг хуулиар шийддэггүй. Тиймээс улстөрчид нь зөвхөн эрх мэдэл, хүч нөлөөнийхөө ачаар л зохицуулсаар ирсэн юм. Тухайлбал, Соёлын хувьсгалын үеэр Мао Зэдуны бодлогыг эсэргүүцсэн Лю Шаоциг үгүй хийхийн тулд улстөрчдийг хомроголон устгаж байжээ. Гэхдээ аажимдаа энэ нь ард нийтийг хамарсан юм. Мао дарга 1976 онд нас барснаар энэ бүх үйл явц эцэслэсэн. Тухайн үед Соёлын хувьсгалын үйл явцыг гардан удирдаж байсан Мао Зэдуны эхнэр хожим нь “Би Мао даргын нохой байсан. Түүний хуруугаараа заасан бүгдийг би хаздаг байв” хэмээх алдарт үгээ хэлээд амиа хорлосон түүх бий. Угтаа бол энэ нь Хятадын улс төр дэх хагаралд ямар их хор хөнөөл дагуулж байнсыг нь харуулж байгаа юм. Бүр сүүлд 1970-аад онд Мао Зэдуныг түлхэн цэргийн эргэлт хийхээр санаархаж байсан Линь Бяог мөн л Хятадын улс төрөөс зайлуулсан түүх бий. Тухайн үед Линь Бяо удирдагчаасаа зугтааж яваад онгоцны осолд орж, амиа алдсанаар энэхүү хагарал намжсан. Энэ байдал цаашид ч давтагдахыг үгүй гэх газаргүй. Тиймээс Хятадын одоогийн эрх баригчид Бо Силайг золиосонд гаргаж, иймэрхүү хагарлын дохиог үгүй хийхийг зорьсон гэх таамаг ч байна.
Одоогоор Бо Силайд ямар ял оноох нь тодорхойгүй байгаа. Хэрэв тэрбээр шүүх хурлын явцад гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн бол түүнд 15-20 жил ял оноох магадлалтай байсан. Гэвч Бо Силай үүнээс татгалзав. Тэгснээ харин ч бүр өөрийгөө өмгөөлж, гэрчүүдийг “Худалч” хэмээн нэрлэсэн юм. Үүнээс болж түүний ял нэмэгдэх магадлалтай. Цаазаар авах, аль эсвэл бүх насаар нь хорих ял ч ногдуулж магадгүй. Хамгийн гол нь Бо Силай ялаа эдэлчихээр дараа нь дахин Хятадын улс төрд гарч ирэх боломжийг нь бүрмөсөн үгүй хийх нь тодорхой байгаа юм. “Wall Street Journal”-д тэмдэглэснээр бол Бо Силайн гэр бүл, ойр дотны хүмүүс түүнд өмгөөлөгч өгөөгүйд нь баярлаж байгаа аж. Учир нь өөрийгөө хуулийн дагуу өмгөөлөх боломж олдсонсон бол Бо Силай заасан шугамнаас давж гарах байсан бололтой. Түүнд Хятадын улстөрчидтэй холбоотой нууц хэргүүдийг илчлэх боломж байсан. Гэхдээ энэ тохиолдолд ял нь улам л хүндэрнэ. Нөгөөтэйгүүр Жинан хотод болсон түүний шүүх хурлын явцыг олон нийтэд шууд харуулаагүй нь ийм шалтгаантай байж болох юм. Харин энэ бүхэн нь Хятадын ард түмэнд яаж харагдаж байгаа нь сонин. Бо Силайн шүүх хурал болох үеэр Жинан хотод багахан хэмжээний жагсаал болсон. Уг жагсаалд оролцогчид Бо Силайг дэмжиж байгаагаа илэрхийлж “Энэ шүүх хурал хууль бус боллоо. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан бай бид итгэхгүй” хэмээцгээж байсан юм. Мэдээж хэрэг тэднийг цагдаа нар тараасан. ГэхдээХятадад ард түмэнд таалагддаг улстөрчийг шүүх амаргүй гэдэг нь тодорхой болжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
