
НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс “Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд /ЭБЭ/-д цогц мэдээлэл олгох анхны нээлттэй чуулган” өнгөрсөн амралтын өдрүүдэд Олон улсын “Найрамдал” зусланд боллоо. Чуулганд ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Бямбаа, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн зохицуулагч Д.Алтанчимэг нар болон ХДХВ ба ДОХ-ын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 100 гаруй хүн оролцожээ. ЭБЭ олон нийтийн дунд эрүүл зан үйлийг хэвшүүлэх, архи тамхины хэрэглээнээс татгалзах, сэтгэл санаагаа удирдан хянаж, бие биенээ хүндэтгэж, хамтын ажиллагаагаа дээшлүүлэх талаар ярилцсан ажээ. Мөн ЭБЭ нар ХДХВ-ын халдварт өртөх эрсдэл өндөр байгаа учраас ХДХВ-аас урьдчилан сэргийлж, өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд онцгой анхаарах нь чухал байгааг ярилцав. Чуулганд оролцогчид “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье” гэсэн уриа дэвшүүлж, дараа жилийн чуулган хүртэлх зорилтоо тодорхойлсон аж.
С.Отгон