Хуучирсан мэдээ: 2013.09.03-нд нийтлэгдсэн

Хөөрхөн “бизнес”

Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг эхлэхээр юу эс хэрэг болдог гэхэв. Хичээлийн хэрэгсэл, хувцас форм, цэцэрлэгт оруулах албан бус “такс”, багшаас нь шаардсан 00-ийн цаас, будгийн харандаа гэсэн албан ёсны хэрэгцээний зүйл авчрах уртаас урт жагсаалт, дээрээс нь албан бусаар шалны хулдаас, цэцгийн тавиур гээд… Үр хүүхдээ олдошгүй цэцэрлэгт оруулж чадсан ээж, аав тэр бүхнийг гүйцэлдүүлж л таараа. Үүнийг дагаад ч хичээлийн жилийн “бизнес сезон” ид цэцэглэнэ. Наад зах нь л сургуулийн хүүхдийн зуны даалгаварт өгсөн ангидаа тавих таримал цэцгийг тарьж ургуулж амжаагүй залхуу эцэг, эхчүүдэд зориулсан цэцгийн худалдаа өнөөдөр энд тэндгүй л цэцэглэж байгаа даа. Тэгвэл энэ жил бас нэг хөөрхөн “бизнес” дэлгэрч. Цэцэрлэг багачуудаа хүлээж авсан эхний өдөр мөнөөх 00-ын цаас тэргүүтнийг торонд бол торонд, зарим нь том шуудайнд хийж барьсан зарим эцэг эх цэцэрлэгийн хаалган дээр ирүүтээ гутлын улавчаа мартсанаа санаж хэлээ гаргах вий. Тэгвэл яг тэдэнд зориулсан үнэхээр хөөрхөн “бизнес”-ийг хэдийнэ манай овсгоотой “бизнесвүүмэнүүд” бэлтгэчихэж. Цэцэрлэгийн үүдэн дээр хөөрхөн бас ч гэж дажгүй бөх баймаар эрээн даавуугаар хийсэн улавч 2500 төгрөгөөр зарж байна. Тэр нь бас ул хэсэгтээ хулдаасан, бас хөөрхөн жижигхэн ууттай гэж байгаа юм. Нэг худалдаад авчихвал өглөө хүүхдээ хүргэхдээ ууттай улавчаа халаасалчихаад л, хүүхдээ хүргэчихээд ажлынхаа цүнхний арын халаас руу шургуулчихаж болох юм байна. Эцэг эхчүүд тэр болгон улавч оёод суух нь ч ховор. Тэгээд ч улавчаа хармаалаад явах уу, хаях уу гэдэг бас нэг асуудал. Дээрээс нь алмай аав нар бол улавчны “салбар”-т бүр ч маруухан. Харин ихэнх цэцэрлэгүүд тэдэнд зориулж нэг удаагийн гялгар цаасан улавч үүдэндээ зэхсэн байдаг. Тэр нь бас 50-150 төгрөгийн үнэтэй, цэцэрлэг бүрт харилцан адилгүй гэж байгаа юм. Гэхдээ л өглөө, орой болгон хальсан улавч худалдаж авна гэдэг хөөрхөн “зардал”, басхүү хог хаягдал талаасаа ч хэцүү, байгальд хортой эд шүү дээ, тэр нь. Харин зарим нэг цэцэрлэг сар бүр 2000 төгрөг суутгаж аваад өглөө, оройд үнэгүй улавч өгч “гийгүүлдэг”. Гэхдээ яг нарийн тооцоод өглөө, оройд нь хуваагаад үзэхээр ширхэг нь бараг л 10 төгрөгт бөөндөж зардаг “хальс”-ыг өглөө орой тус бүр 500 төгрөг, өдөртөө 1000 төгрөгөөр авдаг болж таарч байгаа юм. Харин шинийг санаачлан улавч оёж зарж байгаа бүсгүйгийн “бизнес” эцэг, эхчүүдэд харин ч ашигтай тусмаар, бардаагаар жилжингээ хэрэглэхээр “даац”-тай харагдана лээ. Ажилтай аав, ээжүүдийн хувьд ажил руугаа аваад явахыг нь бодолцоод уут хүртэл хийчихсэн байгаа юм чинь. Цэцэрлэгийнхэнд бас нэг санаа хэлэхэд аав, ээж нарт улавчаа орхиж яваад орой ирж авчихаар жижигхэн тавиур хийгээд өгчихвөл бүр догь. 

Хөөрхөн юм аа, манай бүсгүйчүүд, бас сэтгэж байна шүү. Өөрсдөө улавч оёод зарж байна гэдэг болж л байна шүү дээ.   

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж