
Тэгвэл цаг хугацаатай уралдан, хурдан хийж байгаа замд хэн дүн тавих вэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хийсэн замын ажилд хамгийн сайн тохирох дүн тавьсан нь цаг агаар. Наймдугаар сарын турш хүйтэн бороотой байсны улмаас замын чанарт тохирох дүнг нь тавьчихсан. Эхнээсээ баригдаж дууссан замууд нь эвдэрч эхэлснийг 22-ын товчоо чиглэлийн зам гэрчилнэ. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Авто зам арчлал, Усны барилга байгууламжийн газар, ТҮК-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, энэ гурван компанийг нэтгэхээр болсон гэнэ. Ингэснээр тавьсан замдаа арчилгаа хийж, засвар шинэчлэлийг нь хийж байхаар болж. Гэхдээ үүнийг нэг мөр шийдвэрлээгүй бөгөөд яригдаж байгаа асуудал.
Авто зам барих компаниудтай гурван жилийн гэрээ хийж эвдэрсэн, хагарсныг нөхөх журамтай. Гэвч замаа тавьж, мөнгөө авсан л бол улсын мэдэлд хариуцуулдаг хариуцлагагүй компаниудаас салах цаг болсон мэт. Замын компаниуд замаа тавина, харин үлдсэнийг нь төрд даатгана, өдийг хүртэл мөрдөж ирсэн зарчим нь энэ. Харин үүнийг болиулж гэрээний дагуу хариуцлага хүлээдэг байх зарчмыг Ерөнхий сайд ярьж эхлэв. Хариуцлагаа хүлээж чадахгүй бол өөрөөр үзье гэж дуугарлаа. Мэдээж бүтээн байгуулалтын хамгийн том зүйл бол авто зам. Орон нутгийг нийслэлтэй холбох, дүүргийг дүүрэгтэй холбох гээд зам дагаад хөгжил үргэлжилнэ.
Учир мэдэх хүмүүсийн хэлснээр арчилгаа байхгүй бол хэчнээн сайн зам тавиад ч нэмэргүй гэсэнчлэн зам тавьсан ч арчилгаагаа хийдэг болбол жил бүр зам хааж, иргэдийг бухимдуулах шаардлагагүй болно. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай бидний хувьд арчилгаагаа хийж, хариуцлагатай ажилладаг болох цаг болсон шүү гэдгийг цаг агаар хүртэл хэлээд байна шүү дээ.