“Аав, ээжийн ачийг түрүүлж хариулах хүн нь та нар”

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

“Аав, ээжийн ачийг түрүүлж хариулах хүн нь та нар”

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Төв
аймгийг зорьж Зуунмод хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн
хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш, оюутнуудад сурлагын амжилт
хүслээ.

Байгуулагдаад
30 гаруй жилийг үдсэн Зуунмод хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн
төв нь 50 гаруй багш, ажилтантай, 2013-2014 оны хичээлийн шинэ жилд 500
гаруй элсэгч хүлээн авч, барилга, сантехник, нийтийн хоол зэрэг
мэргэжлээр сургах зорилт тавьсан байна. Элссэн суралцагч 2 жил суралцаад
төгсдөг, олонхи нь шууд ажлын байртай болдог гэж тус Мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвийн захирал н.Алтангэрэл хэлсэн юм. Харин салбарын
сайд Я.Санжмятав суралцагчдад хандан хэлсэн үгэндээ “Залуус  их, дээд
сургуулийг шүтэх нь харьцангуй багасч, богино хугацаанд мэргэжилтэй
ажилтан болж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх, улсынхаа хөгжил
цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй болж байна. Өнгөрсөн
хавар 23 мянган хүүхэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг
төгсгөснөөс 80 орчим хувь нь ажлын байртай болсон. Их, дээд сургууль
төгссөн залуусаас 30 гаруй хувь нь ажлын байраар хангагдаж үлдсэн нь
хаана юу хийх вэ гээд ажил хайж явна. Бас зарим нь мэргэжлээ буруу
сонгож гээд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежид оръя гээд явж
байгаа. Харин та бүхэн их зөв сонголт хийсэн байна. Эцэг, эхдээ хамгийн
түрүүнд тус болох хүн нь та бүхэн байх болов уу.

Өнөөдөр
мэргэжилтэй ажилтны үнэлэмж дээшилж байна. Мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвд суралцаж, үйлдвэрлэл дээр гарч ажиллаад төгссөн
өдрөөсөө сурсан мэдсэнээрээ 1 сая төгрөгийн цалин аваад, баялаг бүтээх
боломж та нарт бий. Шинэчлэлийн Засгийн газар их бүтээн байгуулалтын
ажлаа эхэлж зам тээвэр, барилга байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө
аж ахуйн үйлдвэрлэл дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж Монгол Улсыг тэжээж
байсан малчид бүтээгдэхүүнээ малынхаа арьс шир, ноос, ноолуурыг хямдаар
ченжүүдэд өгчихдөг байсан бол одоо үндэсний үйлдвэртээ тушаагаад түүгээр
нь монгол хүн эцсийн бүтээгдэхүүн хийж хэрэглэж эхэлж байна. Дунд
сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны даавууг энэ жил БНСУ-д
үйлдвэрлүүлсэн ч ирэх жил монголчууд өөрсдөө хийнэ. Гэсэн ч өнөөдөр дунд
сургуулийн сурагчдын дүрэмт хувцаснаас монгол чанар, монгол малчны
ухаан, монгол хүний сэтгэл үнэртэж байгаа. Ирээдүйд энэ бүх ажлыг гардаж
хийх үндэсний мэргэжилтэй ажилтнууд өнөөдөр энд байгаа та бүхэн шүү.
Шинэчлэлийн Засгийн газар үндэсний мэргэжилтэй ажилтандаа 2014 оноос 70
мянган төгрөгийн тэтгэлэг олгохыг зорьж байна. Их, дээд сургуульд
суралцаж байгаа оюутнуудад төрөөс 70 мянган төгрөг олгож байгаа бол үнэ
цэнэтэй мэргэжил эзэмших оюутнууддаа мөн 70 мянган төгрөг хүргэхийг
зорьж байна.

Зуунмод
хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хөрөнгө оруулалтын хувьд
сайн биш байна, өнөөдрөөс эхлээд оныг дуустал чадах ядахаараа хөрөнгө
оруулалт хийхийн төлөө зүтгэнэ. Мөн багш нарыг чадавхижуулах чиглэлээр
сургалтыг сургууль дээр нь зохион байгуулна, бусдад туршлага болохуйц
сургуулийн үйл ажиллагаатай танилцуулна. Тэр хэрээр та бүхэн ардын
хүүхдийг сайн сургаж, чадварлаг мэргэжилтэй ажилтан болгохын төлөө
ажиллах ёстой. Бид ч та бүхнийг шахаж ажиллана” гэсэн юм.

Одоогийн
байдлаар Зуунмод хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 200
гаруй хүүхэд бүртгэж авчээ. Тэднээс 100 гаруйг нь сургуулийнхаа дотуур
байранд хүлээн авах боломжтой аж. Төв аймагт төрийн түшээд олноороо
очдог ч хичээлийн шинэ жилийн нээлтэд нь оролцон баяр хүргэж байсан
тохиолдол бараг үгүй аж. Харин Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Зуунмод
хотын төв талбайд болсон дунд сургуулийн сурагчдын хичээлийн шинэ жилийн
нээлт, мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ
жилийн нээлтэд тус бүр оролцон хүүхэд, залууст амжилт хүссэн нь төв
аймагчуудын хувьд содон үйл явдал болов. Сануулахад, Хөдөлмөрийн сайд
тус аймаг дахь Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай мөн танилцаж,
хэчнээн ажлын байр шинээр бий болгов, Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн
хүрээнд мөн хэдий хэмжээний ажлын байр шинээр бий болов, үйлдвэрлэлүүд
өргөжсөн үү зэрэг олон шалгалтыг мөн давхар амжуулсан юм.

Дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж