Сирид иргэний дайн өрнөсөн. АНУ үүнийг буруу гэж үзсэн. Сирид олон арван хүн нас барсан. АНУ химийн зэвсэг ашигласан гэж үзсэн. Сирид дээрээс байгалийн хий, газрын тосны нөөц чамгүй их бий. АНУ Сирийн удирдлагуудыг аюултай хүмүүс хэмээн нэрийдсэн. Сири байр суурин дээрээ хатуу зогссон. АНУ дайтна хэмээн сүрдүүлсэн. Сүүлийн дөрвөн жилийн туршид Сири улсад болсон үйл явдлыг товчхон зураглавал ийм. Хэрвээ аюулгүйн зөвлөлийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдвэл тэд энэ баасан гаригийн 17:00 цагаас дайрна. Хэрвээ батлагдахгүй бол зүгээр л цэргээ оруулна. Дайрах тушаалыг хүлээх хэрэгтэй болно.
Сүүлийн 15 гаруй жилийн туршид ардчилал, эрх чөлөөний төлөөх дайн хийгээд Атлантын нуруу тэнийдэг бол аль хэдийнэ тэнийсэн баймаар. Гэхдээ тэгсэнгүй. Афгани, Ирактай дайтсан дайнаас тэд юу хожсон бэ? Магадгүй далдуур юм хожсон байж болох. Гэхдээ дэлхий нийтийн өмнө АНУ-д хожсон зүйл байхгүй. Яг л Вьетнамтай хийсэн дайн шиг юм болсон. Түүхийн шарласан хуудсыг сөхөөд нэг үзвэл тэдний өдөөсөн дайн Солонгосын хойгийг хоёр хувааж, Вьетнамыг хагаруулдуулахад хүргэсэн. Өнөөдөр ч Ирак, Афганистан тийм ч энх амгалан болчихоогүй байгаа.
Сирид химийн зэвсэг туршиж байгаа нь ил болсноос хойш тэд дайн дэгдээхийг хүсэх болсон. Тэд ч гэж Обама. Обамагийн ард байгаа олон арван зөвлөхүүдийг бодвол тэд ч гэж хэлж болно. Гэхдээ хэн хүний нүдэн дээр ноён ерөнхийлөгч л байдаг болохоор түүгээр жишээлье. Дайн дэгдээх уриалгыг дэлхий нийтэд өгсөний дараа Их Британи Сири рүү довтлох талаар ярилцсан ч парламент нь зөвшөөрөөгүй. Нэгэнт будант албион байр суурьнаасаа хазайсан учраас Европын бусад орнууд хөдлөж өгөөгүй. Яг энэ цаг үед АНУ-ын сенат болон конгрессийн танхим эргэлзээтэй байдалд орж эхэлсэн. Харин Барак Обама энэ байдлыг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Нэн даруй Дэвид Камеронтой утсаар ярьж, нэн даруй цэрэг илгээх талаар тохиролцохыг сануулж, АНУ цаашлаад бүх дэлхий даяар мэдэгдэл хийсэн. Ингээд ч хөдөлгөж дийлэхгүй болохоор тэр эцсийн аргаа хэрэглэв. Сенат болон конгрессийн танхимд захидал илгээв. Ерөнхий утгыг нь та бараг таасан байх. Сири рүү л дайрах тухай. Сири рүү дайрахыг нэн даруй зөвшөөрөх тухай. Мэдээж конгресс дэмжиж байгаа. Сенатын танхим ч дэмжих магадлал өндөр.
Яг энэ цаг үед АНУ Сирийг химийн зэвсэг хэрэглэж байсан гэдгийг албан ёсоор тогтоосон гэдгийг Жон Керри баталж байгаа. Тагнуулын төв газрын хийсэн судалгаагаар газ ашиглаж байсан нь тогтоогджээ. Мэдээж дайрах сэдлийг л өгөөд байгаа хэрэг. Дайнд шалтаг хэрэгтэй биз дээ.
Нэгэн зүйл: АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн Холбооны армийг дайтах тушаалыг гаргуулахын тулд конгресст захидал хүргүүлж, дайрах шийдвэрийг гаргуулж байсан билээ. /Утга агуулгын хувьд Линкольны үйлдэл Обамагийн үйлдлээс хавьгүй үнэ цэнэтэй/
Ямар ч дайнд ямар нэгэн хамтрагчтай байдаг АНУ-д одоохондоо хамтрагч алга. Нэг ёсондоо сүүдрээс өөр зүйл тэдэнд байхгүй. Ганцаараа байгаа тэдэнд дайснууд хангалттай бий. Сири, ОХУ нэгдэхийг хүсэхгүй байгаа холбоотон гүрнүүд, иргэний нийгмийн төлөөлөл, мөн зарим нэгэн улстөрчид. Гэхдээ тэд үүнийг үл харгалзан дайтах, дайрах сэдлийг өгсөөр байгаа. Афгани, Иракийн дайнд мөр зэрэгцэн тулалдсан Их Британичууд энэ удаад өнжихийг парламент нь баталчихсан. Гэхдээ цаг хугацааны хүрд хаашаа эргэхийг хэн ч тааварлахгүй. Герман болон Скандинавын улсууд тэртээ тэргүй жижиг дайнуудад оролцож байгаагүй. Гэхдээ дайны үйл явцад тэд амжилт хүсч суугаа. Тэгээд өөр тэдэнтэй хэн хамтрах вэ? Франц, Италид саналаа хүргүүлсэн ч тоймтой хариуг хэлээгүй л байгаа. АНУ мэдээж туйлдсан эдийн засаг дээр нь дэмжлэг үзүүлэхээр барьцаалж дайнд уриалан дуудаж ч болох юм. Гэхдээ тэртээ тэргүй дарамттай байгаа эдийн засаг дээр дайн байлдаан гээд дарамт учруулах нь европын эцсийн сонголт биш.
Нэгэн зүйл: Иракийн дайны үеэр алсын тусгалтай пуужинг илрүүлсэн тухай дэлхий нийтэд зарлахад Их Британи улс хамгийн түрүүнд цэргийн ажиллагаанд туслахаа АНУ-д мэдэгдсэн. Тухайн үед Франц, Герман улсууд маш том анги, нэгтгэлүүд цуглуулж байсан ч эцсийн бүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Анхнаасаа хэн нэгний ятгалгад автаж, засаглалаа өгөөгүй хүн бол Башар Аль Ассад. Эх нутагтаа шүтэгдэж байгаа тэрээр, дэлхий нийтэд сөрөг дүр мэтээр ойлгогдох үндсийн үндсийг тэр өөрөө тавьсан. Энэ үйл явдлаас хойш Аль Кайдачууд сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлж эхэлснээр эсэргүүцлийн бослого нь иргэний дайн болон хувирсан билээ. Хагас сая гаруй хүн нөгөө ертөнц рүү очсон гэсэн базаахгүй судалгаа бий. Тагнуулын төв газар болоод НҮБ-ын хийсэн судалгаа хоорондоо зөрдөг. Гэхдээ Эмнестигийн тооцооллоор хагас сая гаруй хүн ямар нэгэн байдлаар хохирогч болсон гэсэн судалгааг гаргасан. Ассадын байр суурь юу вэ? Ерөөсөө л газрын тос, байгалийн хийг хэн нэгний ятгалгаар биш удирдлагуудын хүслээр шийднэ. Нөгөөтэйгүүр халамжийн бас бус тогтолцоог нэмнэ. Түүний байр суурь нийтэд ил болсоны дараахан Арабын хавар эхэлсэн нь анхаарал татдаг. Хэрвээ сөрөг хүчнийхэн хүчтэй байж, засгийг нураасан бол Каддафи, Саддам нарын хувь заяа ч түүнийг угтах байсан байж болзошгүй юм. Гэхдээ одооохондоо байдал тийм биш байна. Тэдэнд АНУ-ын дайралтыг торгоох хангалттай хүч бий гэдгээ хэлсэн. Дээрээс нь ОХУ тэдэнтэй нэгдэж буйгаа зарласан. Одоогоос гурван жилийн өмнө Сирийн талаарх яриа хөөрөө, Их найм, Их 20, НҮБ-ын хуралдаан дээр өрнөж байхад хамгийн түрүүнд сөрж байсан улс бол ОХУ. Хэрвээ дайн болвол ОХУ тэдний талд байгаа. Тэгээд ч 2011 оноос хойш газрын тос болоод байгалийн хийн нийлүүлэлтийг Европ болон АНУ-д хориод байхад ОХУ, БНХАУ-д л нийлүүлж байсан билээ. Дайн дэгдвэл хамгийн эвгүй байдалд байгаа нь АНУ ч, Сири ч…
Нэгэн зүйл: АНУ химийн зэвсэг хэрэглэж байгааг албан ёсоор мэдэгдэж, хамгийн сүүлд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын мэдэгдлийн дараа Арабын лиги энэ үйл явдал олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болж байгааг мэдэгдэн Сирийн талд гэдгээ зарласан. Арабын лигийн зүгээс НҮБ-д дайны аюулыг тогтоон барих, болиулахад оройлон оролцохыг уриалав.
Дэлхийн өнцөг булан бүрт Сиритэй хийх дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж байна. Анх Нью-Йоркоос эхэлсэн энэ цуглаан Лондон, Парисаар өртөөлөн Брюссельд хүртэл ирээд байгаа. Тэд дайныг биш энхтайван ч гэрээ, хэлэлцээрийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Үнэхээр дайн тулаан хийснээрээ Атлантын нуруу тэнийдэг бол сайхан байх байлаа. Тэд үнэхээр ардчилал, энхтайвныг хүсээд байгаа бол яагаад хэлэлцээрийн ширээний ард сууж болохгүй гэж. Одоо ямар ч байсан ОХУ цэргийн бэлэн байдалд шилжсэн. Арабын лигийн орнууд холбоотон орон болж Сири дээр нэмэгдэнэ гэдгээ зарласан. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж боломжит хугацааг баасан гариг хэмээн тооцсон. АНУ-ын конгресс үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг дэмжсэн. Дамаск болоод Алеппо, Хомс хотуудад эмх замбараагүй байдал өмнөхөөсөө нэмэгдсэн. Ийм л байна…