Хэмнэлтэд найдсан эрчим хүчний салбар

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Хэмнэлтэд найдсан эрчим хүчний салбар

Тэсгим хүйтний улирал ойртсоор. Өвлийн цагт шаардлагатай цахилгаан, дулааныг үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцуудыг хэд дахин илүү ачааллаар ажиллуулах бөгөөд оргил цагаар эрчим хүчний хэрэглээ  870 гаруй мегаваттад хүрдэг байна. Үүний 65 орчим хувийг буюу 560 мегаватт эрчим хүчийг  дөрөвдүгээр цахилгаан станц дангаараа үйлдвэрлэдэг ажээ. 120-130 мегаваттыг гаднаас авч,  үлдсэнийг хоёр, гуравдугаар цахилгаан станц болон бусад орон нутагт байгаа цахилгаан станц, "Ньюком" группын салхин парк нийлээд бүрдүүлж буй. Тооноос харахад хэрэглээгээ цахилгаан станцууд нь хангаад байгаа юм шиг. Гэвч эрчим хүчний хэрэглээ жилээс жилд 10-13 хувиар өсч, үндсэндээ энэ хүчин чадлаараа ажиллавал эрчим хүчний доголдолд орох юм. Салбарынхан ч  энэ талаараа байнга л анхааруулсаар байгаа.

Өнгөрсөн жил гэхэд эвдрэл гэмтэл гарснаас шалтгаалан худалч хүнд бараг л өдөр болгон цахилгаан тасарч байсан. Эрчим хүч үйлдвэрлэхэд Багануур, Шивээ овоогийн нүүрсийг голцуу хэрэглэдэг гэх бөгөөд зарим үед цахилгаан станцууд долоон хоногийн нөөцтэй байх тохиолдол гарч байжээ. Хүн амынхаа тоонд харьцуулахад асар их хүнтэй нийслэл хотыг эрчим хүчээр хангахад энэ нь асар том аюулд тооцогдож байж. Хамгийн түгшүүртэй өвөл байв. Цахилгаан станцууд өвлийн бэлтгэлдээ зориулж Монголбанкны шийдвэр ээр арилжааны банкнаас зээл авч,  шийддэг бөгөөд компаниудад ойролцоогоор 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг ажээ. Үүгээрээ уурхайнуудаас эрчим хүч үйлдвэрлэх нүүрсээ худалдаж авах, тоног төхөөрөмжийн урсгал засвар хийх, үйл ажиллагааны зардлаа шийддэг байна. Гэсэн ч эрчим хүч доголдсоор байдаг шүү дээ. Урсгал засвар хийгээд нэмэргүй болсон насжилт өндөртэй, хуучирч, элэгдсэн том байгууламжуудыг боломжоор нь ашиглаж байгаа нь энэ юм гэнэ лээ. Ингээд л урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг салбар гэдэг байх. Тиймээс Засгийн газраас эх үүсвэрүүдийг нэмэх, хүчин чадлыг нь сайжруулах чиглэлтэй байгаа. Тавантолгой, Амгалангийн дулааны станц, салхин, тавдугаар цахилгаан станц энэ жил ашиглалтанд орсон. Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг 100 мегаваттаар нэмэгдүүлэх ажил 2015 онд дуусах төлөвлөгөөтэй тухай Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэлсэн.  Мөн гуравдугаар цахилгаан станц дээр 50 мегаватт хүчин чадалтай турбиныг нэмнэ гэхээр хоёр жилийн дараа 1000 гаруй мегаватт цахилгааны эх үүсвэртэй болчих юм гэсэн. Ингээд өөрсдийн дотоод нөөц, бололцоогоороо өргөтгөөд ашиглахаар жилээс жилд 12-13 хувиар нэмэгдээд байгаа эрчим хүчний хэрэглээгээ барьчихаар хүчин чадал гэж салбарынхан тайлбарлаж байгаа.

Ухаалаг хэрэглээгээр алдагдлаа нөхнө гэв

Эрчим хүчний салбар одоогоор 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй бөгөөд өр, орлого, зарлагын гинжин хэлхээг эрчим хүч хэрэглэгчдийн ухаалаг хэрэглээгээр таслах боломжтой гэх юм. Өөрөөр хэлбэл, өөрт шаардлагатай эрчим хүчээ л хэрэглэ, хэрэглэснийгээ л төл гэдэг зарчмаар эрчим хүчний салбарын алдагдлыг тэглэх аж. Үүний тулд наймдугаар сарын 5-наас цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулж, айл өрхийн цахилгааны хэрэглээг олон шатлалт тарифийн аргаар тооцохоо больж, аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгааны хураамжийг 20-30 хувиар нэмж, дулааны суурь үнэтэй болгосон.

Өмнө нь төлж байсан, одоо төлөх болсон үнэ тарифийн ялгааг авч үзье. Өмнө нь Улаанбаатар хотын  орон сууцны болон бусад хот, сумын орон сууцны айл сард 150 киловатт цаг хүртэлх хэрэглээтэй бол нэг киловатт цахилгааныг 74 төгрөг, гэр хорооллын өрх 71 төгрөгөөр хэрэглэдэг байсан бол шинэ зохицуулалтаар орон сууц, гэр хороолол ялгаагүй, НӨАТ ороогүйгээр 79 төгрөг төлөх болсон юм. Харин 150 киловатт цагаас илүү хэрэглээтэй бол 96 төгрөг 60 мөнгөөр тооцохоор болсон. Ингэж айл өрхийн шөнийн болон цагийн тарифийн олон шатлалт тооцооллыг болиулсан нь иргэд цахилгааны мөнгө хэдийг төлөхдөө толгой эргэхээргүй болох юм гэнэ. Аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд, уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрүүд нэг киловатт цахилгааныг 100 төгрөгөөр авч хэрэглэдэг байсныг 30 хувиар нэмэгдүүлэн 130 төгрөг болгосон. Бусад үйлдвэр, аж ахуй нэгжүүд нэг киловатт цахилгааныг 88 төгрөгөөр хэрэглэдэг байсныг 20 хувиар нэмэгдүүлж 105.60 төгрөг болгон өсгөсөн юм. Орон сууцны дулааны үнийг нэмээгүй ч суурь үнэтэй болгож, орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд гурван мянган төгрөг, 40-80 мкв бол таван мянган төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөх юм. Дөрвөн улирлын туршид хэрэглээний халуун усаар орон сууцыг хангахын тулд дулааны цахилгаан станцууд ажилласаар л байдаг учраас ийнхүү суурь үнэ тооцох нь хэрэгтэй ажээ.

Байгууллагуудын хувьд, ялангуяа уул уурхайн компаниуд, боловсруулах үйлдвэрүүд өдөржин, шөнөжин цахилгааныг асар ихээр хэрэглэдэг ч бусад орныхтой харьцуулахад харьцангуй бага төлбөр төлдөг ажээ. Тиймээс энгийн үед ч цахилгаан "гүйж" байгаа гэдгээ тоолгүй, эрчим хүчний үргүй зардлыг гаргаж байгаа гэх юм. Ийнхүү цахилгаан, дулааны хэрэглээг үр ашигтай болгохын тулд үнэ тарифт өөрчлөлт оруулсан нь үр дүнгээ өгөх учиртай гэж салбарынхан нь найдаж байна.

Энэ өвлийг хэрхэн давах бол. Болдог бол гадаадад гарч өвөлжөөд ирэхсэн гэсэн бодол хүмүүсийн санаанд зурвасхан. Яалтай билээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж