
Ийнхүү Идэрээ хүү зулай зулайгаа даран төрсөн гурван ах, охин дүүгийн хамт амар жимэр, айх айдасгүй амьдрах боломж бүрдлээ. Хүүхдүүдийн ээж О.Болормаад “Жигүүр гранд” групп 5 сард иж бүрэн тавилгатай гэр олгож, ээжийг нь ажилд зуучилсан байсан. Тэд үүнийгээ “Бэлэн загас өгөх биш, загас барих аргыг зааж өгч байна” хэмээн тайлбарлаж байсан.
Сарын өмнө Болормаа ажилдаа орж, шинэ хамт олноороо хүрээлүүлэн сэтгэл тэнэгэр байна гэж дуулдсан. Гурван хүүхдийн сургууль, хоёр хүүхдийн цэцэрлэгийн хэрэглэл бэлдэнэ гэдэг ажил хийж байгаа нэг хүнд байтугай гэр бүлийн хоёрт ч хэцүү нь ойлгомжтой. Энэ хүндрэлтэй байдлыг нь харж үзэн “Жигүүр гранд”-ынхан 6, 4, 1 дүгээр ангийн гурван том хүү, цэцэрлэгтээ явах Идэрээ хүү, охин дүүд нь хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, цүнх бэлэглэжээ.
Ээж О.Болормаа нь “Шинэ ажилд ороод анхны цалингаа ч аваагүй байсан. Гурван хүүхдийн сургуулийн юмыг нь яаж шуухан бэлддэг юм билээ гэж толгойгоо гашилгаж байлаа. Хамт олондоо маш их баярлалаа. Энэ бүхний хариу болгож үр хүүхдээ хүний зэрэгтэй хүмүүжүүлж, эрдэм номтой, улс эх орондоо хэрэгтэй хүн болгоно” хэмээн хэлжээ.