Мухаммед Мурсийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Мухаммед Мурсийг шүүнэ

Египетийн төрийн эрхээс зайлуулагдаад буй экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг олон тооны босогчдын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган шүүх тухай прокуророос мэдэгджээ. Одоогоор хорионд байгаа Мухаммед Мурсийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Каир хотод Ерөнхийлөгчийн ордны гадна болсон үймээн самууны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнчлэн Мухаммед Мурситай хамт түүний “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний 14 гишүүн ижил хэрэгт буруутгагдан шүүгдэх гэнэ. Гэхдээ одоохондоо Мухаммед Мурсийг шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна.

Экс Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн долоодугаар сард Египетэд цэргийн эргэлт гарах үеэр суудлаасаа бууж, нууц газар хоригдож байгаа юм. Үүний зэрэгцээ цэрийнхэн Засгийн эрхэнд гарсанаас хойш “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхнийг толгой дараалан, хомроглон баривчилсаар байгаа билээ. Египетэд өнгөрсөн наймдугаар сарын дундуур Мурсийг дэмжигчид цэргийнхнээр удирдуулсан Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулж, цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдсөний улмаас хэдхэн өдрийн дотор 500 орчим хүн амь үрэгдсэн билээ. Хохирогчдын ихэнхи нь “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж