
БНХАУ-ын Өвөр Монголын жүдочид Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр өчигдөр манай улсад ирлээ. Харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл хийх зорилгоор 36 жүдоч, гурван дасгалжуулагчийн хамт Монголд хөл тавьсан байна. Тэдний хамт Монголын 40 жүдоч Орхон аймаг дахь “Олимп” баазад 14 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэл хийх юм. Энэ нь манай жүдочдын хувьд удахгүй эхлэх Европын цуврал тэмцээнүүдийн өмнөх бэлтгэл болох учиртай. Монголын цагаан өмсгөлтнүүд ирэх сарын 6-8-нд Азербайжаны Баку хотноо болох Гран-при тэмцээнд зодоглоно. Гэхдээ хоёрдугаар шигшээ багийнхан Бакуг зорих бол нэгдүгээр шигшээ багийнхан тавдугаар сарын 28, 29-нд ОХУ-ын нийслэл Москвад болох “Их дуулга”-д мордох юм. Залгуулаад Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарчилсан төлөвлөгөөнд багтсан Бухарест, Мадрид, Талинн, Лисбоны “Дэлхийн цом”, Рио де Жанейрогийн “Их дуулга” гээд цуврал тэмцээнүүд үргэлжилнэ.
С.Цэлмэг