
Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байгууллагуудын үүдийг хаах эрх зөвхөн мэргэжлийн хяналтынханд байдаг. Харамсалтай нь “нүгэл”-ийн өмнө нүдээ аниад өнгөрсөн мэргэжлийн хяналтын байцаагч нарын ёс суртахуунгүй, ажилдаа хайнга хандсан үйлдлээс нь болж өнгөрсөн жилийн өдийд бетон зуурмаг шахагч нурсны улмаас 12-хон настай охин амиа алдсан бол, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй барилга дээрээс төмөр унаж 25-тай залуу хорвоогоос буцсан. Энэ хэрэгт зөвхөн жолоочийг ч юм уу, барилгачинг шийтгэхээсээ илүү зүй нь нүднийх нь өмнө зөвшөөрөлгүй барилга баригдсаар буйг хараагүй юм шиг өнгөрөөсөн мэргэжлийн хяналтын байцаагчид, мөнгөөр хуулийг худалдан авдаг компанийн эзэдтэй хариуцлага тооцох ёстой байлаа. Учир нь бусдын амиа алдах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсний хариуцлагыг тооцохгүйгээр асуудлыг уг үндэсээр нь шийдвэрлэх боломжгүй. Аливаа хорт ургамлыг үндсээр нь суга татахгүй л бол ургаж, цэцэглэсээр байх нь тодорхой шүү дээ. Тиймээс бусдын амиа алдах, эд хөрөнгөөрөө хохироход хүргэсэн алдааныхаа төлөө ажлын сануулга өгсөн, авсан төдийхнөөр асуудлыг шийдвэрлээд өнгөрвөл нийгэм улам л ялзрах нь мэдээж.
Монголд хууль бус үйл ажиллагаа өнгөрсөн жилүүдэд цэцэглэж, заримынх нь бохирын сав дүүрээд эхнээсээ ийнхүү сад тавьж байна. Гал юунаас болж гарав, шалтгаан нь юу байв гэдгийг олж тогтоох нь чухал ч гэлээ бие биенээ хардаж сэрдэхээс илүү хуулийг хэрэгжүүлдэг болохыг цаг хугацаа нөхцөл байдал биднээс шаардаж байна. Хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлж, хариуцлагын системийг чангаруулахгүй бол “зөвшөөрөлгүй байжээ” гэдэг хоёрхон үгээр асуудлыг тайлбарлаад, хэн нэгэн албан тушаалтныг хамгаалаад өнгөрөх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь зөвшөөрөлгүй, галын аюулгүй байдлаа хангаагүйн төлөө нэг нь, хангахыг нь хатуу шаардаагүйн төлөө нөгөө нь хуулийн дагуу тохирсон шийтгэлийг хүлээлгэх ёстой.
Түүнээс ниргэсэн хойно нь хашгирах нь тийм ч сонин биш. Хамгийн гол нь Монголын нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа хуулийг мөнгөөр худалдаж авдаг гэсэн ойлголтыг устгах цаг болжээ. Эрүүл хөрсийг идсээр байгаа энэхүү хорт ургамлыг үндэсээр нь ховх татахгүйгээр нийгэм хэзээ ч цэвэршихгүй нь тодорхой.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №027
