Жунглийн хуулийг батлах гэж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Жунглийн хуулийг батлах гэж байна

Зэрлэг капитализмыг тунхаглах “Жунглийн хууль”-ийг батлах гэж байна
-УИХ-ын
ээлжит бус чуулганаар батлуулахаар шамдаж байгаа Хөрөнгө оруулалтын
тухай хуулийг Засгийн газар чухам цагийг нь олж санаачилсан мэт олон
нийтэд ойлгогдох учиртай. Гэвч хуулийн халхавчин цаана хэн нэгний эрх
ашгийг хадгалсан “захиалга” байж болзошгүй байна-
Засгийн
газрын зүгээс санаачлан боловсруулсан нэгэн шинэ хуулийн төсөл хэзээ
мөдгүй УИХ-ын гишүүдийн гар дээр тараагдахад бэлэн болоод байгаа
төдийгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдаж тун магадгүй байна. Тэр
нь Хөрөнгө оруулалтын тухай хууль бөгөөд яагаад уг хуулийг яаралтай
батлах шаардлагатай гэж үзэж буйгаа Засгийн газар “ Монгол Улсад урт
хугацааны хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн
хямралын нөхцөлд гадагш чиглэх хөрөнгийн урсгалыг хязгаарлах давуу
талтай” хэмээн танилцуулгадаа томьёолжээ.

Монголын эдийн засагт
өнөөдөр үүсээд буй хүндрэлийн шалтгааныг гадаадын хөрөнгө оруулалт
жилийн хугацаанд 44 хувиар буурсан, экспортын бүтээгдэхүүний үнэ хоёр
дахин унасан, экспортын хэмжээ багассан зэрэг тодорхой цөөн үзүүлэлтээр
тайлбарлаж буй. Нийгмийг хамарсан хэлэлцүүлэг болтлоо эрчээ авч буй
эдгээр асуудлуудыг шийдэх гарц мэт харагдах Хөрөнгө оруулалтын тухай
хуулийг Засгийн газар чухам цагийг нь олж санаачилсан мэт олон нийтэд
ойлгогдох учиртай. Гэвч хуулийн халхавчин цаана хэн нэгний эрх ашгийг
хадгалсан “захиалга” байж болзошгүй байна.

Уг хуулиар гадаадын
хөрөнгө оруулалт, стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг
зохицуулахаас гадна “дотоодын хөрөнгө оруулагч” гэсэн шинэ эздийн эрх
ашгийг хамгаалах юм. Дотоодын хөрөнгө оруулагч гэдэг хуулийн ойлголт бий
болгож, эрх ашгийг нь хамгаалах, илүүтэй дэмжих шаардлага хэдийнэ
үүсээд байсан гэдгийг хэн ч болов хүлээн зөвшөөрөх байх. Тэднийг дэмжих
нь ч зүйн хэрэг. Гэхдээ уг хуульд заасан шаардлага, босгоор “дотоодын
хөрөнгө оруулагч” гэж хэнийг хэлэх вэ, хөрөнгө оруулалт гэдэгт юуг
тооцох вэ, тэдэнд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгийг анзаарч үзвэл “хэнд
зориулагдсан” хууль болохыг нь уншиж болохоор байна. Хуулийн төслөөр бол
“дотоодын хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө
оруулалт хийж буй Монгол Улсын иргэн, эсхүл хувьцааных нь 50-иас дээш
хувийн жинхэнэ өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх Монгол Улсад
бүртгэлтэй хуулийн этгээдийг хэлэх юм. Мөн дотоодын хөрөнгө оруулалттай
аж ахуйн нэгж гэж дотоодын хөрөнгө оруулагчийн үүсгэн байгуулсан,
эсхүлсаналын эрх бүхий хувьцааных нь 75 /яагаад заавал 75%/ ба түүнээс
дээш хувийг дотоодын хөрөнгө оруулагч эзэмшдэг, Монгол Улсын татвар
төлөгч аж ахуйн нэгжийг хэлнэ. Харин уг хууль Монгол Улсын нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн
этгээдэд хөрөнгө оруулсан “гадаад”, “дотоодын” гэхгүй бүхий л хөрөнгө
оруулалтад хамаарна. Уг хууль батлагдан үйлчилж эхэлснээр хөрөнгө
оруулалт хийсэн салбар болон хэмжээнээс хамаарч тодорхой хэсэг нь л
татварын тогтвортой орчин, хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийг эдлэх учраас
цаашид бизнесийн ертөнцөд жинхэнэ утгаараа “баавгай, “туулай” гэсэн
ялгарал үүсэхээр байна. Нэг үгээр хэлэхэд зөвхөн томчуудад буюу
“баавгайн талд” үйлчлэх татвар, хөнгөлөлтийн тогтвортой орчныг уг
хуулиар тунхаглах нь тодорхой харагдана.

Санаачлагчдын тайлбарлаж
буйгаар “хувийн салбарын хөрөнгө оруулалтын урсгалыг худалдааны
салбараас бүтээн байгуулалтын буюу эдийн засгийн суурь салбар руу түлхүү
оруулах эрх зүйн үндсэн хөшүүрэг болох ба ингэснээр дунд болон урт
хугацаанд эдийн засгийн багтаамжийг нэмэгдүүлэх, экспорт, гадаад
худалдааны хэмжээг эрс нэмэх боломжийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой
хууль” юм байна. Уг хууль дахь тодорхой босго хангасан хөрөнгө
оруулагчдад өнөөдөр үйлчилж байгаа татвар, төлбөр, хураамжийн нэр төрөл,
нөхцөлийг тэдэнд байнга үйлчилж байхаар царцаахаас гадна тодорхой
нэрлэж заасан 10 төрлийн татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг 8-18
жилийн хугацаанд тогтвортой эдлэх эрхээр хангах юм.

Ямар болзол хангаснаар уг тогтвортой эрхийг эдлэх “тогтворжуулах гэрчилгээ”-ний эзэн болохыг доорх хүснэгтээс харна уу.

Дээрх хүснэгтээс харахад тогтвортой байдал эдлэх бололцоо нэг тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаас эхэлж байгаа аж. Гэхдээ хуулиар хөрөнгө
оруулалт гэдэгт “элэгдэл хорогдолд… орох үндсэн хөрөнгө, эргэлтийн бус
хөрөнгө.., нийт биет, биет бус” хөрөнгийг хэлнэ гэснээс үзвэл юутай ч
өрхийн маягтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч босго хангахгүй бололтой.
Мөн хүснэгтээс харахад тогтворжилтыг эдлэх хугацаа дээд тал нь 12 жил
байгаа ч “жич” нөхцөлөөр энэ хугацааг сунгана. Энэхүү “жич” нөхцөлүүд л
уг хууль хэнд илүү ашигтай, хэнээс захиалгатай болохыг харуулаад байх
шиг.

Жижгүүдийг барьж идэх “жич” нөхцөлүүд

Тогтвортой
байдлыг эдлэх шалгуур хангасан хөрөнгө оруулагч хэрэв нэмүү өртөг
шингэсэн боловсруулах үйлдвэрлэл эрхлэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж
байгаа бол тогтворжуулах хугацааг дахиад 1.5 дахин уртасгаж тооцуулна.
Бас онцгой ач холбогдол бүхий импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 500
тэрбумаас дээш хөрөнгө оруулалт шаардагдах төсөлд тогтворжилтын эрхийг
нь урьдчилан олгохоос гадна хугацааг мөн 1.5 дахин уртасгаж өгөх юм
байна. Газрын тос боловсруулах үйлдвэр, нефть бүтээгдэхүүний импортыг
орлох  гэх мэт нийт ард түмний эрх ашигт хамаатай тохиолдолд энэ нь зөв
байх. Гэхдээ ард түмний өмч болох газрын бусад баялгийг эзэмшиж буй
томоохон компаниудад боловсруулах үйлдвэр байгуулж, үр ашгаа
нэмэгдүүлснийх нь төлөө татварын ялгаа, хөнгөлөлт үзүүлэх нь хэр зөв бэ?

Тэрчлэн
хуулийн төслийн 16.2.2 дугаар заалтад “хөрөнгө оруулагч этгээдээс
Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-т заасан компанийн нэгдэлд
оруулсан хөрөнгө оруулалт нь нийлбэр дүнгээрээ энэ хуулийн …
шалгуурыг хангах тохиолдолд тогтворжуулах гэрчилгээг тухайн нэгдлийн
толгой компанид олгож, уг толгой компани болон түүний 50 буюу түүнээс
дээш хувь оролцоо бүхий компанийн татварын орчинг хамтад нь
тогтворжуулна” гэжээ. Удаах заалтаар нь /16.2.3/ “хөрөнгө оруулагч
этгээдээс энэ хуулийн 16.2.2-т заасан компанийн нэгдэлд үл хамаарах
бусад хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалтын нийлбэр дүн энэ
хуулийн  шалгуурыг хангах тохиолдолд тухайн хөрөнгө оруулагчид
тогтворжуулах гэрчилгээг олгож, уг хөрөнгө оруулагч болон түүний 50 буюу
түүнээс дээш хувь оролцоо бүхий компанийн орчинг хамтад нь
тогтворжуулна” гэсэн байх юм.

Энэ бол нэр бүхий томоохон
компани, корпораци, группуудад олгох онцгой эрх. Өөрсдийгөө “үндэсний
компаниуд” гэж нэрлэж ойлгуулдаг, үнэхээр л “үндэсний” юм бол нийт ард
түмэнд нээлттэй хувьцаагаа арилждаг байх ёстой атал хэдхэн гэр бүлийн
эзэмшилд байдаг өнөө хэдэн компанид л энэ нь хамаатай. Тэдний хувь
оролцоотой бүхий л том, жижиг компаниуд хөнгөлөлт эдэлж, харин тэдэнтэй
өрсөлддөг, ижил төстэй компаниудын өрсөлдөх чадвар нэг мөсөн дуусна
гэсэн үг. Хөнгөлөлттэй томуудтай, хөнгөлөлтгүй жижгүүд өрсөлдөж, өндийн
дэвжиж чадахгүй нь ойлгомжтой. Харин тэдний дампуурал дээр өнөө л томууд
“зоолж” орон зай, зах зээл, салбарыг нь эзлэх, их л сайндаа компанийг
нь худалдан авах болно. Энэ бол жинхэнэ утгаараа хүчтэй нь хүчгүйгээ
иддэг “жунглийн хууль” бүхий зэрлэг капитализмын зарчмыг тунхагласан
хэрэг биш гэж үү?!

Уг нь эдийн засагт шинэ бүтэц, шинэ салбар
бий болгоё гэвэл, жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэлийг бий болгоё
гэвэл, олон ажлын байр гаргая гэвэл томчуудыг нь ийм замаар дэмжих биш
харин ч тэдний бизнес, хөрөнгө оруулалтын хил хязгаарыг зааглан тогтоох
замаар жижгүүдэд нь зах зээлийг нь хувааж өгөх ёстой.

Өнөөдөр
дунд, дундаас доошх шатны үйлдвэрлэл эрхэлдэг, улс төрийн татаас
дэмжлэггүйгээр бор зүрхээрээ зүтгэж яваа хэдэн мянган хөдөлмөрч
бизнесмэний хүсэл, бодлыг сонсвол ийм л зүйл хэлэх байх. Өөрөөр хэлбэл,
АПУ үйлдвэрлэгч юм бол үйлдвэрлэлээ л эрхэл, бөөний борлуулалтаа өөр
компанид, жижиглэнгээ дахиад өөр компанид өг. MCS боловсруулах
үйлдвэртэй үйлдвэрлэгч юм бол олборлолтоо өөр компанид, тээвэрлэлтээ
дахиад өөр компанид өг гэсэн үг. Монголынхоо жижигхэн зах зээлийг ингэж
хувааж байж жижиг, дунд үйлдвэрлэгчид бүгдээрээ ажилтай, орлоготой болох
нь шударга бөгөөд хүмүүнлэг зарчим болно. Тэрнээс биш зөвхөн тэр хэдэн
компани энэ улс орны бүх ажлыг хийдэг, Монголын бүх ард түмэнд тэд л
ажил олгодог, тэд л тэжээдэг байх нь хэтэрхий харгис, доромжлол,
хэтэрхий том нүгэл болно.

Жич: Эрүүл мэндийн болон
боловсролын байгууллагад хөрөнгө оруулалтын босго хангасан эсэхээс үл
хамааран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бол 8 жил, орон
нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол 30 жилийн хугацаанд аж ахуйн
нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр тусгаж байгаа аж. Энэ хууль
хэрэгжиж эхэлбэл хувийн хэвшлийн эмнэлгүүд, их, дээд сургуулиуд үнэ,
төлбөрөө буулгах ёстой гэсэн шаардлагыг үйлчлүүлэгчдийн зүгээс тавих нь
зүй ёсны, шударга хэрэг болох биз ээ.

З.БОРГИЛМАА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №027

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж